НАСА: 2030 он гэхэд саран дээр цөмийн реактор байрлуулна


Б.Нямдарь | YOLO.MN
2025-08-06

АНУ-ын Сансрын агентлаг НАСА 2030 он гэхэд саран дээр цөмийн реактор байгуулах төлөвлөгөөгөө түргэвчилэхээр болсон тухай BBC мэдээлжээ.

Politico сайтын мэдээлснээр, НАСА-гийн түр дарга Хятад, ОХУ-ын ижил төстэй санаачилгыг дурдсан бөгөөд эдгээр хоёр улс сарны тодорхой хэсэгт нэвтрэхийг хориглосон бүсийг зарлах магадлалтай гэжээ.

Гэсэн хэдий ч саяхны төсвийн их хэмжээний таналт, бодит хэрэгжих хугацааны талаар эргэлзээ байсаар байгаа ба зарим эрдэмтэд энэ санаачилгыг геополитикийн зорилгод хэт хөтлөгдөж байна гэж шүүмжилжээ. 

АНУ, Хятад, ОХУ, Энэтхэг, Япон зэрэг олон улс сарны гадаргууг судлах уралдаанд оролцож байгаа ба зарим нь байнгын суурин байгуулахаар төлөвлөж байна.

АНУ-ын тээврийн сайд Шон Даффи (ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг НАСА-гийн түр даргаар томилсон) New York Times-т илгээсэн захидалдаа “Ирээдүйн сарны эдийн засгийг дэмжих, Ангараг дээр өндөр хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх, сансарт үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд энэ чухал технологийг яаралтай хөгжүүлэх шаардлагатай” гэжээ. Тэрбээр хувийн компаниудад хамгийн багадаа 100 киловатт эрчим хүч үйлдвэрлэх чадвартай реактор бүтээх санал ирүүлэхийг уриалсан байна.

Гэхдээ энэ нь харьцангуй бага хэмжээний эрчим хүч юм. Жишээлбэл, жирийн салхин сэнс 2–3 мегаватт буюу 20–30 дахин их цахилгаан гаргадаг. Саран дээр цөмийн реактор барьж эрчим хүчний эх үүсвэр болгох санаа шинэ зүйл биш.

2022 онд НАСА гурван компанид тус бүр 5 сая ам.долларын гэрээ байгуулж, реакторын загвар гаргуулахаар болсон.

Харин энэ оны тавдугаар сард Хятад, ОХУ улс 2035 он гэхэд саран дээр автоматжсан цөмийн цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан.

Олон эрдэмтэд тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэхийн тулд саран дээр цөмийн эрчим хүч ашиглах нь хамгийн оновчтой, зарим тохиолдолд цорын ганц шийдэл байж магадгүй гэж үздэг.

Учир нь саран дээрх нэг өдөр нь дэлхийн дөрвөн долоо хоногтой тэнцэх бөгөөд энэ хугацаанд хоёр долоо хоног тасралтгүй нар манддаг бол дараагийн хоёр долоо хоног тас харанхуй үргэлжилдэг. Ийм нөхцөлд нарны эрчим хүч ашиглах нь хүндрэлтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC

#НАСА #цөмийн реактор