Поп дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар хамт оройн зоог барьсан нь олны анхаарлыг татаад байна.
7-р сарын 28-ны Даваа гарагт 40 настай Кэти Перри болон 53 настай Жастин Трюдо нар Канадын Монреал хотын “Le Violon” гэх ресторанд хамтдаа хоолложээ. Тэд тэрхүү оройн хоолны үеэр тогооч Дэнни Смайлстай уулзаж, хооллосныхоо дараа гал тогоонд орж ажилчдад талархлаа илэрхийлсэн байна.
TMZ-ийн мэдээлснээр, Перри болон Трюдо нар хэд хэдэн коктейл ууж, далайн хоол хамтдаа зооглосон байна.
Кэти Перригийн төлөөлөгч энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд Трюдогийн талаас ч мөн хариу өгөөгүй байна.
Дуучин Кэти Перри болон Орландо Блум хоёр салаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Тодруулбал тэд 2019 онд сүй тавьсан ч, олон жилийн турш салж, нийлсэн харилцаатай явсаар сар гаруй өмнө албан ёсоор хоёр тийш болсон. Гэсэн ч тэд дөрвөн настай охин Дэйзигийнхээ эцэг, эх байх үүргээ эв найрамдалтайгаар үргэлжлүүлэхээ илэрхийлж байв.
Харин Жастин Трюдо болон түүний гэргий Софи Грегуар Трюдя нар 18 жил ханилсны эцэст 2023 оны наймдугаар сард салснаа зарласан. Тэд 11-17 насны гурван хүүхэдтэй. Трюдо тухайн үед Инстаграм хуудсандаа “Софи бид хоёр олон талаас нь тунгаасан, хүндхэн ярианы дараа салах шийдвэрт хүрлээ. Бид үргэлж нэгэн гэр бүл хэвээр үлдэнэ. Хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө хувийн орон зайг маань хүндэтгэнэ үү” хэмээн бичиж байв.
Одоогоор Кэти Перри ба Жастин Трюдо нарын харилцаа найз нөхдийн хүрээнд эсвэл өөр холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч тэдний хамтдаа цагийг өнгөрөөсөн явдал олны анхаарлыг татсан юм.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!