Хооллох соёл – Зоог барих урлаг


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Соёлтой хооллох нь дүрэм мэддэг гэдгээ харуулах биш, харин эелдэг, тухтай харьцахад оршино. Дараах дүрмүүдийг мэдээд авахад илүүдэхгүй.

1. Үлдсэн соусыг талх болон сэрээгээр цэвэрлэж болно

Талх хэрэглэж таваг дээр үлдсэн соусыг шингээж авч болно. Гэхдээ заавал сэрээ хэрэглээрэй. Талхаар таваг арчиж байгаа мэт шууд гартаа барих нь зохимжгүй.

2. Халуун хоолыг үлээж болохгүй

Хичнээн халуун хоол байсан ч хэзээ ч үлээж болохгүй. Харин хэдэн минут хүлээгээд, бага зэрэг хөрсний дараа идээрэй. Хэрэв албан бус газарт байвал халуун ундаанд мөс нэмэхийг хүсэж болно.

3. Шарсан төмсийг зарим үед гараараа, зарим үед сэрээгээр иднэ

Хэрэв бургер болон шарсан төмсийг хамт өгсөн бол хоёрийг нь хоёуланг нь гараараа идэх нь зүйтэй. Харин хэрэв шарсан төмсийг стейктэй хамт өгсөн бол сэрээ хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн үндсэн хоолыг ямар аргаар идэж байгаагаар нь шарсан төмсийг дагана.

4. Бүх хоолоо нэг дор жижиглэж хэрчих хэрэггүй

Хоолоо нэг дор бүхлээр нь хэрчихгүйгээр, ам руугаа багтахаар нэг нэгээр нь хэрчин идэх нь зөв. Ганцхан тохиолдол—хүүхдэд тусалж байгаа бол бүхэлд нь хэрчиж өгч болно. Мөн хоолоо амандаа хийсний дараа сэрээ, халбага дээр үлдсэн хоолыг долоох нь зохимжгүй.

5. Уух шилэн аягаа андуурахгүй байх арга

Хүн бүр хаана ямар аяга, таваг тавьснаа мартдаг. Зүүн талдаа талх, баруун талдаа ундаа, хоолоо голдоо тавина. Ингэж тавиад сурчихвал андуурагдахгүй болно.

6. Амандаа яс орвол орсон аргаар нь гаргах ёстой

Хэрэв хоол идэж байхдаа амандаа яс, мөгөөрс мэдрэгдсэн бол эхлээд идэж болох хэсгийг зажилж, дараа нь үлдсэн хэсгийг гаргана. Хэрэв та халбага, сэрээгээр идэж байсан бол түүгээрээ ясаа гаргана. Харин гараараа идэж байсан бол гараараа л гаргах нь зүйтэй.

7. Сальфетка хэрхэн хэрэглэснээр таны хооллож дууссан эсэх харагдана

Өдрийн хоолонд орсон бол сальфеткагаа өвдгөн дээрээ дэлгэж тавина. Харин оройн хоолонд хагасаар нь нугалаад тавих ёстой. Хэрэв ширээг түр орхих бол сальфеткагаа сандал дээр үлдээнэ. Хоолоо дуусгасан бол л ширээн дээр тавина.

8. Давсаа бүх хоолон дээр бус, тавагны захад цац

Хоолоо амссаны дараа л нэмэлт амтлагч хий. Албан бус нөхцөлд хүссэнээ нэмж болох ч албан ёсны орчинд хоолоо давсалснаар тогоочийг доромжилсон мэт хандлага болно. Хэрэв ширээн дээр давс, перец байхгүй бол, тэр нь хоолны амт аль хэдийн тэнцвэртэй гэдэгт тогооч итгэлтэй байгаагийн шинж.

9. Сальфеткаар арчих биш, зөөлөн дар

Хооллож байхдаа сальфеткаа тогтмол хэрэглэ. Гэхдээ уруулаа сальфеткаар арчих биш, зөөлөн дарж цэвэрлэ. Уухын өмнө ингээд цэвэрлэвэл шилний амсарт толбо гарахгүй. Мөн ус уухдаа хичнээн цангаж байсан ч бага багаар, залгисны дараа л уух ёстой.

10. Талхыг бүтнээр нь биш, жижиг хэсэг болгон масло түрх

Талхан дээр масло түрхэхдээ эхлээд өөрийн таваг дээр бага зэрэг масло тавь. Дараа нь талхаасаа жижиг хэсэг тасалж авч, тэр дээр масло түрхээд бүтнээр нь амандаа хий. Талхаа бүтнээр нь тослох нь буруу — гараа болон уруулаа тослог болгох аюултай.

11. Хоолоо бусдад өгөхдөө баруун тал руу дамжуул

Хоолоо дамжуулахдаа баруун талын хүнд дамжуул. Гэхдээ хэрвээ зүүн талд байгаа хүн хоол асуусан бол эхлээд түүнд хүргээд дараа нь баруун тийш дамжуул. Хүнд, эвгүй байвал ширээн дээр тавьж өгөх нь зүйтэй. Талх зүсэхдээ гараар биш, талхны сагсанд байдаг даавуугаар барьж зүсээрэй.

12. Цай уухдаа ядам хуруугаа гозойлгох хэрэггүй

Дундад зууны үед хүмүүс гараараа хоол иддэг байсан тул ядам хуруугаа цэвэр байлгаж амтлагчид дүрдэг байжээ. Тиймээс энэ зуршил одоо хуучирсан. Хэрэв аягаа барихад тэнцвэргүй санагдвал, аяганы доороос бага зэрэг түшиж дэмжиж болно. Гэхдээ ядам хуруугаа гозойлгох хэрэггүй.

#хооллох соёл