Сүүлийн үед Labubu Doll хэмээх хүүхэлдэй дэлхий дахинд алдаршиж, хамгийн эрэлттэй тоглоом болжээ. Хөөрхөн хэр нь этгээд дүр төрхтэй эл хүүхэлдэй нь зөвхөн хүүхэд төдийгүй томчуудын ч сонирхлыг татаж байгаа юм.
Tiktok, Instagram зэрэг цахим орчинд labubu гэсэн хаштагтай бичлэгүүд хэдэн зуун сая хандалтыг авсаар байна. Тэгвэл яагаад энэ жижигхэн чихмэл алдартай болсон юм бол?
Ингээд LABUBU DOLL-ийн тухай сонирхолтой 7 баримтыг танд хүргэж байна.
Labubu бол “мангас” биш мангасын ертөнцийн “сахиусан тэнгэр”
2015 онд дизайнер Kasing Lung “The Monsters” хэмээх уран зөгнөлт ертөнцөөр бүтсэн дүрүүдийг танилцуулсан байна. Эдгээр дүрүүд нь бодит амьдрал дээр байдаг хүмүүсийн мэддэг зүйлээс огт өөр, этгээд төрхтэй байв. Дизайнерийн тайлбарлаж буйгаар эдгээр нь муу ёрын амьтад биш аж. Labubu бол тэдний дундах хамгийн өхөөрдөм, сайхан сэтгэлтэй дүр юм. Тэгэхээр Labubu “мангас” биш мангасын ертөнцийн “сахиусан тэнгэр” байх нь ээ.
Kasing Lung хүүхэд байхдаа зүүдэлсэн зүүднээсээ санаа аван Labubu-г бүтээжээ
Дизайнер Kasing Lung нэгэн ярилцлагадаа Labubu-гийн дүрийг багадаа зүүдэлсэн тухай дурдсан байдаг. Урт чихтэй, жаахан айдас төрүүлэм хэр нь өхөөрдөм амьтан түүний зүүдэнд олон дахин орж ирдэг байсан нь дүр бүтээх сэдэл өгчээ.
Labubu бол хүйсгүй дүр
Labubu бол ердийн хүүхэлдэйнүүд шиг хүйсээр тодорхойлогддоггүй. “Genderless” буюу хүйсгүй дүр юм. Дизайнер Kasing Lung болон Pop Mart компани Labubu-г түүнийг эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш, төсөөллийн ертөнцөд амьдардаг, хүний сэтгэлгээ, хайр, тоглоомын үнэ цэнээр амилдаг дүр гэж тодорхойлсон байдаг. Хүмүүс түүнийг эрэгтэй, эмэгтэй хэмээн тодорхойлж болно. Харин зарим нь түүнийг зүгээр л найз, эсвэл мангас, өөр ертөнцийн амьтан зэргээр тодорхойлдог. Тиймээс Labubu-г юу гэж харж, тодорхойлох нь зөвхөн тухайн хүнээс шалтгаалах зүйл юм гэдгийг зохион бүтээгч нь хэлжээ.
Labubu яагаад алдартай болов?
Labubu алдартай болох хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, түүний содон дүр төрх. Гаднаас нь харахад туулайтай төстэй хэдий ч сүүлгүй, хөөрхөн хэр нь жаахан дүрсгүй инээмсэглэл нь алдаршиж буй хамгийн том шалтгаан юм.
Хоёрдугаарт, маш олон сонголттой. Том, дунд, жижиг гэсэн хэмжээний сонголттой бөгөөд өнөөг хүртэл 300 гаруй төрлөөр үйлдвэрлэгджээ. Эдгээр нь худалдан авагчдад сонголт хийх боломжийг илүүтэй олгож байгаа юм.
Гуравдугаарт, blind box-той. Blind Box гэдэг нь дотор нь яг ямар загвар байгаа нь харагддаггүй нууц хайрцаг юм. Олон хүмүүс blind box-ийг захиалан авдаг. Тус хайрцаг дотроос ямар ч хэмжээний, аль ч төрлөөс ирж болно. Ховорхон үйлдвэрлэгддэг эсвэл бүр танилцуулагдаагүй шинэ төрөл ч гарч ирэх боломжтой. Энэ нь хүмүүст ихээхэн сонирхолтой санагдаж, дахин дахин худалдан авалт хийх хүсэл төрүүлдэг аж.
Labubu нараас “Chase Labubu” төрөл нь хамгийн үнэтэй зарагддаг
Blind box дотроос гарч ирэх хамгийн ховор загваруудыг “chase” гэж нэрлэдэг. Зарим Chase Labubu-нууд дахин үйлдвэрлэгддэггүй бөгөөд 2,000-5,000 ам долларын үнээр худалдаалагддаг. Нэгэн ховор төрлийг нь Хонконгт болсон дуудлага худалдаагаар 10.500 ам доллар буюу монголоор 35 сая гаруй төгрөгөөр зарсан тохиолдол ч байгаа аж. Харин энгийн загварууд нь хэмжээнээсээ шалтгаалаад 10-300 ам доллароор худалдаалагддаг байна.
Lisa-ийн нөлөөгөөр Labubu-ийн борлуулалт хэд дахин нэмэгджээ
Labubu танилцуулагдсанаасаа хойш төдийлөн их хүнд хүрч зарагддаггүй байжээ. Харин 2019 онд “Pop Mart”-тай хамтран ажилласнаас хойш алдаршиж, борлуулалт нь сайжирсан байна. Тус тоглоом нь Хятад улсын брэнд бүтээгдэхүүн байсан тул олон улсад төдийлөн алдаршаагүй байв. Гэтэл Blackpink хамтлагийн Lisa тус тоглоомыг цүнхэндээ зүүсэн байгаа зургаа инстаграм хуудастаа оруулснаар борлуулалт нь хэд дахин нэмэгджээ. Мөн Rose, Rihanna, Dua Lipa, Lee Dong Wook, David Beckham зэрэг алдартнуудаар дамжуулан илүү нэр хүндтэй тоглоом болсоор байна.
Labubu cosplay олон улсад тренд болж байна
Labubu чихмэл тоглоом дэлхийд алдаршиж эхэлснээр cosplay хийдэг залуус түүний дүрд хувирах үзэгдэл ихэсжээ. Хятадад бүр “Labubu Cosplay” гэсэн тэмцээн болдог аж.
Эх сурвалж: WWD, Pop Mart, The Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!