Компьютерын сүлжээний улсын XIII олимпиадын шилдгүүд тодорлоо


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, тэдний ур чадварыг сорих, инженерүүдийг дэмжих зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад” болон “Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн” амжилттай зохиогдож, өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.05.03/ шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнүүдэд их, дээд сургуулийн оюутнууд болон мэргэжлийн инженерүүд өрсөлдөж онол, практикийн мэдлэгээ сорьсон юм. Өнгөрсөн жил Үндэсний батлан хамгаалахын их сургууль зохион байгуулсан бол энэ удаад МУИС-ийн Электроник Холбооны Инженерчлэлийн тэнхим зохион байгуулжээ.

МУИС-ийн ЭХИТ-ийн эрхлэгч, дэд профессор Н.Угтахбаяр, “МУИС анх 2011 онд оюутнуудын дунд компьютерын сүлжээний олимпиадыг санаачлан хэрэгжүүлсэн. Харин 2015 оноос компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын тэмцээнийг санаачлан өнөөдрийг хүртэл уламжлал болгон зохион байгуулж байна.

Олимпиадын нэгдүгээр шатанд МУИС, ШУТИС, ҮБХИС, ИЗОУИС, Мандах ИС, Эмпасофт технологийн сургуулийн төлөөлөл болох 300 гаруй оюутнууд оролцсон. Үүнээс 21 оюутан хоёрдугаар шатанд шалгарсан.

IT-ийн олимпиадын гол хүндрэлтэй байдаг зүйл нь дата төвд маш их resource буюу нөөц, өндөр хүчин чадалтай серверүүд шаардлагатай болдог. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад системийн хүчин чадал сайжирсан учраас бодлогын даалгавар маань илүү хүнд, бодит практик дээр тулгуурласан” гэлээ.

Өнгөрсөн жилүүдэд олимпиадын бүтэц, бодлогын хувьд сургуулиуд өөрсдөө зохион байгуулдаг байжээ. Харин сүүлийн хоёр жилээс мэргэжлийн түвшний инженерүүдийг урьж, олимпиадаа илүү практик тал руугаа зохион байгуулах болсон тухай “Мобиком” ХХК-ийн IP сүлжээний менежер, APNIC network trainer Э.Улсболд онцлон хэлж байлаа.  

Тэрбээр, “Тэмцээнийг өмнө нь сургуулиуд зохион байгуулахдаа онол тал руугаа түлхүү даалгавар оруулдаг байсан. Харин инженерүүдтэй хамтран ажиллаж эхэлснээр илүү практик байдлаар агуулгаа бэлддэг болсон.  

Энэ жил сүлжээний бодлогын хувьд байгууллагын сүлжээ ямар байдаг, байгууллагын сүлжээг яаж зохион байгуулдаг, түүн дээр гардаг асуудлууд зэрэг зүйлсийг илүү шингээж өгөхийг эрмэлзсэн. Өнгөрсөн жилийн олимпиадад оролцсон инженер, оюутнуудын зүгээс хэцүү, хүнд даалгавар орж ирлээ гэдэг санал хэлсэн. Тийм болохоор энэ жил арай жаахан хялбаршуулсан байдлаар бодолтуудаа боловсрууллаа” гэсэн юм.

“Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад”-ын төрөлд:

  • Нэгдүгээрт байрт, МУИС-ийн оюутан Б.Лхамжав
  • Хоёрдугаар байрт, МУИС-ийн оюутан Г.Сугарсүрэн
  • Гуравдугаар байрт, МУИС-ийн оюутан Э.Цэнгүүн
  • Тусгай байрт, МУИС-ийн оюутан П.Тэмүүжин
  • Тусгай байрт, ШУТИС-ийн оюутан Э.Бумбаяр нар шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнав.

“Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн”-ий төрөлд:

  • Нэгдүгээрт байрт, “Эс Системс” ХХК-ийн инженер Г.Билгүүнбилэг
  • Хоёрдугаар байрт, “Инфо Сек Плас” ХХК-ийн инженер Ц.Ганболд
  • Гуравдугаар байрт, “Эс Системс” ХХК-ийн инженер Э.Эрдэнэдалай нар шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагналаа.

МУИС-ийн Компьютерын сүлжээний ангийн 3-р түвшний оюутан Б.Лхамжав, “Сэтгэгдэл үнэхээр гоё байна. Түрүүлнэ гэж бодсонгүй. 2024 онд энэхүү олимпиадын нэгдүгээр шатанд оролцсон ч хоёрдугаар шатандаа тэнцэж чадаагүй. Харин энэ жил түрүүлсэндээ баяртай байна.

Олимпиад гурван цаг үргэлжилсэн. Цаг тийм ч хүрэлцээтэй биш, дахиад хугацаа байсан бол хийх зүйл байлаа. Компьютерын сүлжээ нь IT талын бүх мэргэжлийн суурь нь болдог. Тиймээс сууриа сайн тавья, мэдлэгээ тэлье гэсэн бодолтойгоор оролцсон” гэлээ.

Ташрамд дурдахад МУИС-ийн Электроник Холбооны Инженерчлэлийн тэнхим нь Холбооны технологи, Компьютерын сүлжээ, Электроникийн инженерчлэл гэсэн гурван бакалаврын хөтөлбөртэй. Харин магистрт Электроник, Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал гэсэн гурван хөтөлбөрөөр элсэлтээ авдаг байна.

#Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад #Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн