БИДНЭЭС ӨМНӨ дэлхий дээр АМЬДРАЛ БАЙСАН байж магадгүй


Оюука | YOLO.MN
2017-01-25

Онол ёсоор манай цэнхэр гариг дээр 1,75 тэрбум жилийн өмнө анхны олон эст амьдрал үүссэн гэж үздэг. Харин шинэ судалгаагаар бидний одоогийн олон эст амьдралаас бүр өмнө дэлхий дээр олон эст амьдрал байгаад устаж дахин сэргэсэн байж магадгүй гэх таамаг дэвшүүлжээ.

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд энэхүү таамгийг дэвшүүлсэн бөгөөд тунамал чулуулгаас авсан дээжээс 2-2,4 тэрбум жилийн тэртээ дэлхийн агаар мандалд их хэмжээний хүчил төрөгч байсан болохыг тогтоосон аж.

Эх дэлхийн 4,5 тэрбум жилийн түүхийн явцад бидний мэдэх амьдралаас өмнө хэсэгхэн хугацаанд олон эст амьдрал байж болохуйц нөхцөл бий байсан байж магадгүй гэсэн үг юм.
 
Үүнээс өмнө эрдэмтэд дэлхийн хүчилтөрөгчийн хэмжээ байхгүйгээс бага зэрэг, бага зэргээс их, ихээс амьтан, ургамал зэрэг үүсэн бий болоход хангалттай хүрэлцэхүйц болсон гэж таамаглаж байв.
 
Харин одоо бидний тооцоолсон “байхгүй” үеэс өмнө “хангалттай” хэмжээнийх байсан байж магадгүй гэдэг таамаг урган гарч ирлээ. Судалгааны багийн гишүүн Рожер Буик “1,75 тэрбум жилийн настай чулуулжсан үлдэгдлээс бид олон эст амьдралын ул мөрийг илрүүлж байсан. Гэхдээ хамгийн эртний үлдэгдэл нь хамгийн эртний амьдрал гэсэн үг биш. Учир нь үүнээс өмнөх амьдралын ул мөр нь оргүй алга болсон байж болох юм” гэжээ.
 
Мэдээж хэрэг 2-2,4 тэрбум жилийн өмнө олон эст амьдрал үүссэн гэж үзэж болохгүй. Зүгээр л тухайн үед ийм амьдрал үүсэж болохуйц нөхцөл байдал үүссэн байсан л гэсэн үг юм. Харин яагаад?

Эх сурвалж: IFLScience

#animal #world