М. Хулан: Даваад гарчихвал зөндөө сайхан зүйлүүд хүлээж байгаа учир шантарч болохгүй


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-01-06

Бид гадаадад тэтгэлгээр суралцаж буй оюутнуудтай хийдэг цуврал ярилцлагынхаа өмнөх дугаарт Солонгос улсад суралцаж буй О. Хаш-Эрдэнэтэй ярилцсан билээ. Тэгвэл энэ дугаараараа Орос улсад суралцахыг хүсдэг оюутан залуустаа зориулан Санкт-Петербург хотын "Высшая школа экономико" сургуульд тэтгэлгээр суралцаж буй М. Хулантай ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.  


YOLO: Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач? 

- Сайн байна уу. Намайг Мэндбаярын Хулан гэдэг. Эрдэнэт хотод төрсөн. 18 настай. Сургуулийн хувьд Орос цэцэрлэгт сурч байгаад, дараа нь 11 жил Эрдэнэтийн Орос сургуульд сурсан. 

YOLO: Багаасаа л Орос сургуульд сурсан юм байна шүү дээ. Одоогоор хаана, аль сургуульд суралцдаг вэ? 

- Энэ жил Оросын Санкт-Петербург хотын “Высшая школа экономики” буюу “Эдийн Засгийн Дээд сургууль”-д сурч эхэлсэн. Манай сургууль эдийн засгаараа тэргүүлдэг Оросын томоохон сургуулиудын нэг бөгөөд, хамгийн хатуу, шахуу хичээлийн хөтөлбөртэй гэдгээрээ алдартай. Нийт 50 гаруй орны оюутнуудтай хамт суралцаж байна. 

YOLO: Сургуулийнхаа талаар бидэнтэй хуваалцаач?

- Манай сургууль нийтдээ дөрвөн хотхонтой. Манай хотхонууд Оросын нийслэл Москва, Санкт- Петербург, Нижний Новгород, Пермь гэх хотуудад байрладаг ба хотхон болгонд хамгийн багадаа нэг Монгол оюутан байдаг. 

Манай сургуульд нэмэлт хэлний бэлтгэл (орос хэлний бэлтгэл), хичээлийн бусад цагаар өөр орнуудын хэл сурах давтлагууд, IELTS, TOEFL-ийн сургалтууд байдаг. Бас нэгэн онцлог нь сурагчдынхаа санаачилгыг их дэмжиж ажилладаг явдал юм. Жишээлбэл манай сургуульд “Granola” гэх кофе шоп байдаг. Үүнийг манай сургуулийн төгсөгч Павел Калинский санаачлан сургуулийнхаа байр болгон дээр нэг нэгийг нээсэн юм.


YOLOТэтгэлэгт хэрхэн хамрагдсан бэ? 

- Оюутан сурагчид маань тэтгэлгийг олимпиадаас л авах боломжтой. Олимпиад төрөл төрлөөрөө л байдаг. Өөрийн мэдэх олимпиадаас хуваалцвал: 
"ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр" /Манайхаар бол Орос улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний тэтгэлэг/ - Орос улсын Бакалавр, магистр, докторын програмуудад элсэх, тэтгэлгээр суралцахыг хүссэн Монголын ихэнх оюутан сурагчид энэхүү олимпиадад оролцдог. 
“Высшая Проба” - "Эдийн засгийн дээд сургууль"-иас зохион байгуулдаг бакалавр, магистр, докторын програм сонирхсон оюутан сурагчдад тохирсон олимпиад. Заримдаа Монгол улсад зохион байгуулагддаг. Гэхдээ онлайнаар өгөх боломж ч бий. 
“Финансын их сургууль"-иас явуулдаг олимпиадад мөн л ялгаагүй бакалавр, магистр, докторын програмд хамрагдахаар зэхэж буй залуус оролцох боломжтой. Онлайнаар явагддаг.
“ИТМО Их сургуулийн нэрэмжит олимпиад” - Бакалавр, магистр, докторын програмуудад элсэх боломжтой. Мөн л онлайнаар явагддаг. OХУ-ын нээлттэй хувьцаат “РОСНЕФТЬ” нийгэмлэгийн тэтгэлгийн шалгаруулалт. Хэрвээ тэнцвэл М.Губкины нэрэмжит "Нефть, хийн их сургууль" болон "Москвагийн олон улсын харилцааны их сургууль"-уудад элсэн орох боломж олгож байгаа юм.

Энэхүү олимпиадуудаас би "Финансын Их сургууль"-ийн олимпиадад л оролцоогүй. Харин хамгийн эхэнд дурдсан “ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр” болон “Высшая Проба” зэрэг хоёр олимпиадад оролцоод л тэтгэлгээ авсан. “Высшая школа экономики” сургуульд элсэн орохыг хүсвэл заавал сургуулийнх нь "Высшая проба" олимпиадад оролцоод амжилт үзүүлсэн байх ёстой. “ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр”-өөс тэтгэлгээ хожоод давхар “Высшая Проба” өгсөн гэсэн үг. 


YOLO: Тэтгэлэгүүдийнхээ талаар анх хаанаас сонсож байсан бэ? 

- ОХУ-ын нээлттэй хувьцаат “РОСНЕФТЬ” нийгэмлэгийн тэтгэлгийн шалгаруулалтыг ээж аав маань танилцуулсан. Харин дээр дурдсан бусад тэтгэлгийг багш нараасаа сонсож байсан. 

YOLO: Тэтгэлэгт шалгалтад ямар зүйлүүдийг шаардаж байсан бэ? 

- Хамгийн эхний шаардлага нь Орос хэлний шалгалт өгөх. Дараагийн шаардлага бол сурагч бүрийн сурах чиглэлээс хамаараад өөрчлөгдөж байсан. Жишээлбэл "Нефть, хийн чиглэлийн их сургууль"-ийг сонгосон бол химийн шалгалт өгнө. "Москвагийн олон улсын харилцааны их сургууль"-ийг сонгосон бол нийгмийн ухааны шалгалт өгөх зэргээр салбар, чиглэлээсээ хамаараад өөрчлөгдсөн. Миний хувьд орос хэл, нийгмийн ухааны шалгалтад хүнд хэцүү асуултууд ирэх байх гэж бодсон. Гэтэл орос хэлний шалгалт маш амархан, нийгмийн ухааны шалгалт нь амьдралын ухаан шаардсан асуултуудтай материал ирж байсан. 

YOLO: Орос улсад сурахын давуу талууд юу вэ? 

- Мэдээж хамгийн том давуу тал бол Орос хэлний мэдлэг сайжирна. Мөн олон орны хүүхдүүдтэй танилцаж, тэдний ёс заншил, хэл соёлыг нь суралцах гээд их олон давуу талууд бий. 

YOLOТэгвэл чиний хувьд сул тал нь юу вэ? 

- Хэцүү үед хэнд хандаж, хэнтэй зөвлөлдөхөө мэдэхгүй байх л хэцүү. Гэхдээ манай сургуульд мэдэхгүй зүйлсээ асууж тодруулах, хичээлийн үйл явц, шалгалтын тодорхой цагийн хуваарь гэх мэт зүйлсийн талаар мэдээлэл өгдөг газар бий. Мөн хэцүү байдалд орж, стрессдэж байгаа бол зөвлөгөө, тусламж өгөх тусгай дугаар байдаг нь хэцүү үеийн давахад бага ч гэсэн тус болдог. 


YOLO: Танай сургуулийн хичээллэх зарчим Монголоос хэр өөр байна? 

- Би өөрөө Монголын их сургуульд суралцаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход Орос болон Монгол их сургуулиудын хичээллэх зарчим нэг их ялгаагүй байдаг гэсэн. 

YOLO: Сургуулийн чинь хамгийн гоё хэсэг юу вэ? 

- "Эдийн хасгийн их сургууль" маань "отгон" сургуулиудын нэг л дээ. 1992 онд "Санкт-Петербургийн улсын их сургууль"-ийн эдийн засгийн профессоруудад боловсролын систем нь сул санагдсан тул тэд энэхүү сургуулийг нээсэн гэдэг. Тиймээс боловсролын систем нь бүрэн тогтворжоогүй болохоор жил болгон сонирхолтой хичээлүүд нэмэгддэг нь гоё. 

YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

- Чөлөөт цаг бараг гардаггүй юм. Жирийн их сургуулиуд улиралд хоёр удаа шалгалт авдаг бол манайх дөрвөн удаа авдаг. Мөн өдөрт заавал нэг шалгалт, бие даалт өгдөг. Тиймээс чөлөөт цаг гарвал л унтаж амарч өнгөрөөдөг. Угаасаа шалгалт шүүлэг гээд байнга дутуу нойртой явдаг тул унтах цаг гарвал унтаж авах хэрэгтэй гэж боддог. Мөн гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, найз нөхөдтэйгөө зугаалж кино үзэх дуртай. 

YOLO: Дотуур байрны амьдралын хэв маягаа танилцуулаач.

- Байр маань дотроо дөрвөн тасалгаатай бөгөөд гал тогоо, хичээлийн өрөө, амралтын хэсгээс бүрддэг. Тасалгаа бүрд дөрвөн хүүхэд байрлана. Байрнаасаа метроны буудал руу арван минут алхаад сургууль руугаа нэг цаг орчим явж очдог. 

YOLO: Гэрээ хэр санадаг вэ? 

- Монголд байхад бүгдээрээ л “Чи гэрээ санана даа”, “Хүүхдүүд их гэрээ санадаг гэж байна лээ” гэж хэлдэг байсан. Гэхдээ миний хувьд ээж ааваас хол, биеэ даагаад амьдарч байгаадаа баярлаад өөрөөрөө бахархаад л амьдарч байна. Харин өвлийн амралтаараа Монгол руу буцах нь тодорхой болсон чинь шалгалтуудаа мартаад харимаар санагдах болсон. /инээв/


YOLO: Хэцүү санагдах үедээ хэрхэн тайвширдаг вэ? 

- Маш их ядраад хэцүү санагдвал зүгээр л унтчихдаг. Гэхдээ маргааш нь шалгалттай байвал хоол захиалж иддэг. Мөн найзуудтайгаа болон гэрийнхэнтэйгээ ярих үнэхээр сайхан байдаг. Тэдэнтэйгээ утсаар ярьж буй цаг хугацаа бол миний хувьд хамгийн гоё мөч. Юу болж байна, ямархуу байна гээд хамаг юмаа ярьчих юм бол нуруун дээрх ачаанаас минь хасагдаж байгаа юм шиг л санагддаг. Мөн дэлгүүр хэсээд хувцас цуглуулахад бас тайвширдаг.

YOLO: Санкт-Петербург хотын талаар уншигчдаа хуваалцаач.Юугаараа онцлог вэ?

- Санкт-Петербург хот нь Оросын нийслэл байсан бөгөөд тус улсын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэдгээр нь бид сайн мэднэ. Ойролцоогоор 5 сая хүн амтай. Сонирхолтой нь энэ хотод амьдрахын тулд танд шүхэр зайлшгүй хэрэгтэй. Учир нь цас бороо маш их ордог, чийглэг төрлийн хот. Мөн цаг агаар тогтуун байсан ч 1 цагийн дараа юу болохыг таашгүй байдаг тул шүхрээ биедээ авч явах хэрэгтэй. Бусдаар бол их тайван хот гэж хэлж болно. 

YOLOЭнд ирээд чамд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 

- Энд ирээд өөрийгөө өөрчлөгдсөн эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ гэрээсээ холдоод биеэ даагаад ирсэн чинь олон төрлийн хоол хийж сурдаг юм байна лээ. Тэр талаараа л өөрчлөгдсөн байх.

YOLOОрос улсад суралцахад анхаарах зүйлс юу вэ? 

- Юунд ч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөр улсад, гэрээсээ хол амьдран сууна гэдэг амаргүй даваа шүү дээ. Гэхдээ даваад гарчихвал зөндөө сайхан зүйлүүд хүлээж байгаа учир шантарч болохгүй. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

- Урьж оролцуулсанд баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье!

#Гадаадад суралцах нь #Тэтгэлэг #Орос