IHC Esports дэлхийн чансаанд 15 байр ахиж 21-т жагслаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-02-13

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээнд амжилттай оролцсон Монголын IHC Esports багийн чансаа ахижээ.

CSGO-ын мэдээлэл, тэмцээн уралдааны статистик гаргадаг хамгийн том байгууллага HLTV-ээс эрхлэн гаргадаг дэлхийн чансаа энэ сарын 6-нд шинэчлэгдсэн байна. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 36-д бичигдэж байсан IHC Esports тус чансаагаар 15 байр ахиж 21-д жагсжээ.

Ийнхүү Бразилын paiN, Америкийн Evil Geniuses, Португалын SAW зэрэг алдарт багуудын дээр бичигдсэн байна.

CSGO-ын дэлхийн чансааг Европын G2 Esports тэргүүлдэг. Тэд өнгөрсөн шөнө "IEM Katowice 2023" тэмцээнд Данийн Heroic багийг 3-1 харьцаагаар хожиж түрүүлсэн билээ.

Харин E-Sport-ын тэмцээн уралдаан зохион байгуулдаг ESL-ын чансаагаар Хятадын Lynn Vision багийн доор 44-р байрт хэвээр үлджээ.

#Мэдээ