ЗАХИДАЛ: Гэрийнхнийхээ хувьд ЧУХАЛ ХҮН БИШ юм шиг санагдах болсон.


ССҮТөв | YOLO.MN
2021-06-28

mailYOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би багаасаа л цагдаа, хулгайчтай кино үзэх дуртай байсан. Одоо бүр гэмт хэрэгтэн болохыг хүсээд байх юм.  

Сайн байна уу. Би 14 настай багаасаа цагдаа хулгайч хүүхэд хулгайлах шорон моронтой юм юм үздэг, тэрнийхээ хулгайч нь болохыг хүсдэг байсан юмаа одоо хүртэл тийм юм үздэг одоо бүр гэмт хэрэгтэн болохыг хүсдэг болсон энэ яагаад юм бол би бас өөрийгөө сайн ойлгохгүй байна аа.

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд маш олон төрлийн зүйлс сонирхож, сонирхсон зүйлдээ хэт автах тохиолдлууд байдаг.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гайхаж, эргэлзэж байгааг чинь ойлголоо. Тэгвэл чамд тулгараад байгаа асуудлыг илүү тодорхой болгох үүднээс дараах асуултуудыг асуулаа. Эдгээрт хариулж эргэн захидал илгээгээрэй.

  • Гэмт хэрэгтэнтэй кино, нэвтрүүлэг /чиний үздэг бүх контентууд/ зэргийг үзэхэд чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
  • Чамд таалагддаг гэмт хэрэгтэй кино, нэвтрүүлэг ямар үйл явдалтай байдаг вэ?
  • Харин чамд таалагддаггүй гэмт хэрэгтэй кино эсвэл нэвтрүүлэг ямар үйл явдалтай байдаг вэ?
  • Чиний дуртай гэмт хэрэгтэй кино, нэвтрүүлгүүдийн хулгайчийн ямар шинжүүд нь чамд таалагддаг вэ?
  • Харин чиний дуртай гэмт хэрэгтэй кино, нэвтрүүлгүүдийн цагдаагийн ямар шинжүүд нь чамд таалагддаггүй вэ?
  • Хэрвээ чи гэмт хэрэгтэн болбол чамд ямар давуу талууд үүсэж болох вэ?
  • Заавал гэмт хэрэгтэн болж байж эдгээр давуу талуудыг олж авах боломжтой юу?
  • Хэрвээ чи гэмт хэрэгтэн болбол чамд ямар сөрөг талууд үүсэж болох вэ?

Өсвөр насанд маш олон төрлийн зүйлс сонирхож, сонирхсон зүйлдээ хэт автах тохиолдлууд байдаг. Тийм болохоор тухайн зүйлд ямар учраас чиний сонирхол татагдаж байна вэ? Ямар байдал нь чамд таалагдаж байна вэ? гэдэг шалтгаанаа мэдэх нь маш чухал. Үүнийг бүр илүү ойлгомжтой болгох үүднээс дараах жишээг авъя. Магадгүй кино эсвэл нэвтрүүлэг дээрх гэмт хэрэгтнүүдийн илүү овсгоотой, царайлаг, зоригтой, хүчтэй байдал нь чамд таалагдсан байж болох юм. Тийм болохоор гэмт хэрэгтэн болох хүсэл төрсөн ч байж болно. Гэхдээ энэ зүгээр л нэг жишээ болохоор  дээрх асуултуудад хариулж ямар учраас чамд гэмт хэрэгтэн болох хүсэлтэй байгаа талаараа эргэцүүлээрэй. Мөн энэ нь ямар ч шалтгаантай байсан, чи гэмт хэрэгтэн болохгүйгээр гэмт хэрэгтнээс олж харсан өөртөө таатай санагдаж байгаа давуу талуудыг өөртөө бий болгох боломжтой юм шүү. Мөн энэ талаар ойр дотны хүмүүстэйгээ ярилцаад үзээрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв

Туслах сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ:  Хоёр дүү болон хойд аав маань намайг үргэлж загнаж, үл тоогоод байх юм.

Сайн байна уу ? Би 15 настай. Ам бүл 5 уулаа. Хоёр эмэгтэй дүүтэй айлын том нь. Эхний дүү маань 10 настай , хоёр дахь дүү 7 настай. Миний  сэтгэл санаа их хүнд, хэцүү санагдах юм . Манай 2 дүү их түрэмгий маш муухай хараалын үг хэлдэг . Бас их ууртай. Ерөөсөө аашлуулдаггүй бүр нэг юм хэлэхэд л уурлаж бухимддаг. Жишээлбэл, хогоо шүүрдэхдээ тэр хэсгийг сайн шүүрдээрэй гэвэл уурлаж "лайтай юм, дуугүй бай "гэж уурлана . Танд миний хэрэг хамаагүй гэх мэтчилэн маш түрэмгий зан гаргана. Би өмнөөс нь ганц үг дуугарч чаддаггүй . Бас намайг байнга зоддог . Хичээл сайн зааж өгөхгүй байна гэж алгааж цохино . Үе тэнгийнхнээсээ ч амсаж байгаагүйгээрээ дарамтад байгаа юм шиг л санагддаг. Би байдгаараа л заадаг . Тэрнээс болоод ч тэр юм уу, би хүүхдэд хичээл заах дургүй болсон. Их хэцүү ажил шиг санагддаг. Тэр хоёрыг аашилж чаддаггүй нэг шалгаан бол бас аав. Миний төрсөн аав биш . Мэдээж хоёр дүүгийн төрсөн аав нь. Аав байнга намайг аашилдаг бүх ажлаа надаар хийлгэдэг бас намайг болон ээжийг үргэлж доош нь хийж муухай үгээр хараадаг. Ээж маань гэр бүлээ тэжээдэг . Хэрвээ ээж ажлаасаа оройтвол аав яагаад ирэхгүй байна хааччихав гээд л бөөн юм болдог . Аав ямар ч ажил хийдэггүй . Өвчин яриад өдөржингөө л унтдаг . Босож ирээд ямар хоол хийх юм гэж хоол нэхнэ . Хэрвээ манайд хүн байвал надад энгийн л хандана, өөрөө хоол хийгээд ажилсаг болж харагддаг . Хүмүүс аавыг ажилсаг гэдэг . Би амралт бүрээр л хөдөө ээмээгийнх рүүгээ эсвэл надтай дотно эгчийнх рүүгээ явдаг . Ааваас холдохоор арай гайгүй байдаг . Аавыг байхаар нойр хүрэхгүй унтаж чадахгүй хэцүү, бараг шөнө бүр л уйлдаг. Маш хэцүү. Ээж маань аавыг муу хүн гэдгийг мэддэг ч аашилдаг.  Тэгээд ч нэмэргүй эсрэгээр нь ээжийг зовоодог. Ээж эрт яваад ажлаасаа орой ирдэг. Тийм болохоор амарч эрт унтах гэхээр аав шөнө гардаг киногоо үзээд унтуулахгүй . Ээжийн нуруу бас өвчтэй гэхдээ л эмчлүүлдэггүй ажлаа хийх гээд.  Энэ нь надад зүрх зүсэгдэм хэцүү санагддаг. Яагаад зүгээр ааваас салж болохгүй юм бол гэж байнга боддог. Би аавд ерөөсөө уурладаггүй . Уурлавал бүр хэцүү байх, бас өөрийн төрөл саданд намайг муугаар хэлэх вий гэж айдаг. Надад ямар байгааг би ээждээ хэлдэг. Ээж минь аав болон хоёр дүүг загнадаг. Гэсэн ч аав огт өөрчлөдөггүй. Хоёр дүү ч бас "за" гэж хэлчхээд арван минутын драа өөр хүн болчихдог. Би яах учраа олохгүй байна. Зөвлөгөө өгөөч, баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт төрсөн мэдрэмжийг аав болон дүү нартаа хэлж, илэрхийлж байгаарай. 

ЗӨВЛӨГӨӨ: Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Аав болон дүү нар чинь чамайг мөн ээжийг чинь ойлгоосой, хайрлаасай гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Захидлаас ээждээ өөрт хэцүү байгаагаа хэлдэг гэж ойлголоо. Зөв үү? Хэрвээ ээждээ хэлж, хуваалцдаг бол маш сайн байна. Ээжид хэлээд аав, 2 дүүг загнасан ч өөрчлөгдөхгүй байна гэж битгий бодоорой. Учир нь бид өөртөө төрсөн сөрөг мэдрэмжээ бусдад илэрхийлж, хуваалцаж байх нь чухал байдаг. Энэ нь сэтгэл санааг тайван, тогтвортой байхад тусалдаг. Тийм болохоор ээждээ, ойр дотны хүмүүстээ мэдрэмжээ илэрхийлж мөн бидэн рүү захидал бичиж байгаарай. Мөн чамайг хамгийн сайнаараа хичээж дүү нарынхаа хичээлийг зааж өгдөг боловч дүү нар нь чамд таагүй үгс хэлж чамайг гомдоосон гэдгийг ойлголоо. Энэ нь чамд таагүй санагдаж байгааг дүү нартаа илэрхийлж хэлж байгаарай. Чи ямар их хичээл зүтгэл гаргаж хичээл зааж байгааг чи өөрөө хэлэхгүй л бол дүү нар нь чамд таагүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа ойлгохгүй байгаа ч юм бил үү. Хүн бүрт янз бүрийн таагүй мэдрэмж төрдөг. Харин түүнийгээ эерэг байдлаар илэрхийлэх хэрэгтэй байдаг. Таагүй санагдаж байгаагаа бусдад илэрхийлэх нь хэвийн зүйл юм шүү. Заримдаа бусад хүмүүс чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдсэн ч чиний хүсэж байгаа шиг хариу үзүүлэхгүй байх магадлалтай байдаг шүү. Яагаад гэвэл нэг удаа хэлэх нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байх нь бий. Тиймээс олон дахин хэлж, өөрийгөө илэрхийлж байх нь өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд ч чухал юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв

Туслах сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Найзууд маань намайг тоохоо больчихсон учраас маш их ганцаардах боллоо. 

Сайн байна уу? Би 15 настай. Ээж, аав 2 гэрт байсан ч, байгаагүй ч үргэлж л ганцаардах боллоо. Айлын ганц мөн аав, ээж хоёр өглөө гараад орой ирдэг болохоор харилцах хүнгүй улам л ганцаардаж байна. Уг нь ганцаардлыг даван туулах гэж өдөр болгон дасгал хийж, бясалгал хийж, бас аав, ээжтэйгээ өдөр тутамдаа ярилцаж байгаа хэрнээ ганцаардлыг улам л мэдэрч, бүр сүүлдээ энэ бүхнээс залхаж байна.

Уулзаж, учрах найзууд ч байхгүй. Ангидаа уг нь 2 найзтай ч тэд нар маань шинэ найзууд бас нэг нь найз залуутай болчихсон намайг тоохоо больсон. Өөрөө шинэ найзуудтай болъё гэхээр гэрээсээ нэг их гараад байдаггүй бас цахим сүлжээндээ ч идэвхгүй болохоор яг хаанаас, яаж найзтай болохоо ч мэдэхгүй байна. 

Уг нь хичээл эхэлчихвэл шинэ ангид ороод шинэ найзуудтай болох юмсан. Гэхдээ тэр хүртэл, тэсэж чадах үгүйгээ мэдэхгүй л байна.

ЗӨВЛӨГӨӨ: Заримдаа бидэнд ямар нэг харилцааны асуудал үүсэж түүнийгээ шийдээгүйн улмаас ганцаардсан мэдрэмж төрөх нь бий.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүстэй харилцаж, найзуудтай болмоор байгааг чинь ойлголоо. Өөрт тулгараад байгаа асуудлаа даван туулахыг хичээж, дасгал хөдөлгөөн, бясалгал хийж, ээжтэйгээ ярилцаж байгаа чинь сайн байна. Найзууд чинь чамайг тоохгүй байгаа нь чамд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Чи өөрт төрсөн мэдрэмжийнхээ талаар найзууддаа хэлсэн болов уу? Заримдаа бидэнд ямар нэгэн харилцааны асуудал үүсэж түүнийгээ шийдээгүйн улмаас ганцаардсан мэдрэмж төрөх нь бий. Тийм учраас хэрэв найзууд чинь чамд таагүй мэдрэмж төрүүлсэн бол түүнийгээ илэрхийлж, найзуудынхаа санаа бодлыг ч мөн сонсож харилцааны асуудлаа шийдвэрлэхийг хичээгээрэй.

Бид хэн нэгэнтэй найзууд болохыг хүссэн ч түүнийгээ илэрхийлэхгүй, мөн түүнийхээ төлөө тодорхой үйлдэл хийхгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бусадтай найзууд болохыг хүсвэл түрүүлж алхам хийгээрэй. Чиний зүгээс хийж болох үйлдлээ тодорхойлоорой. Жишээ нь байрны хүүхдүүдтэйгээ найзлах, сошиалд сонирхлоороо нэгддэг бүлэгт нэгдэх, түрүүлж яриа өдөх, хүсвэл цахим хуудсандаа идэвхтэй байх эхний алхмуудыг хийх гэх мэт юм. Мөн өөрийн сонирхдог зүйлсээ бусадтай хуваалцаж, тэдний сонирхдог зүйлсийг ч мөн адил сонирхоорой. Бусдаас асуулт асуудаг байгаарай. Энэ нь хүмүүсд таатай сэтгэгдэл төрүүлдэг юм шүү. Нөхөрлөлийн харилцаанд хамтдаа цагийг өнгөрөөх гэдэг нь маш чухал байдаг. 2018 оны судалгаагаар 3-9 долоо хоног эсвэл 50 болон түүнээс дээш цагийг хамтдаа өнгөрөөх нь нөхөрлөлийн харилцааг ойр дотно болгоход чухал нөлөөтэй гэсэн үр дүн гарсан. Тийм болохоор харилцааг өөрөө эхлүүлсэн ч найзууд болоход тодорхой хугацаа шаардагддаг тул аль болох цагийг хамтдаа өнгөрөөж байхыг хичээгээрэй.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээсээ гарах нь хязгаарлагдмал байвал нийгмийн сүлжээгээр дамжуулан хамтдаа хоол хийж үзэх, кино үзэх, гэр гэрээсээ ширээ ширээндээ суугаад кофе ууцгаах гэх мэт сонирхолтой үйлдлүүдийг туршаад үзээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв

Туслах сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Би ээрч, гацаж ярьдгаасаа болоод хүнтэй ч юм ярьж чадахгүй байна.

 Сайн байна уу. Би 17 настай, эмэгтэй. Надад тулгараад байгаа асуудал гэвэл би ээрч гацаж ярьдаг. Яг хэзээнээс ингэх болсноо мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 9,10 настайгаас хойш байх. Гэнэт л ээрч гацдаг болчихсон байсан. 

Ээрч гацдагаас болоод хүнд юм хэлмээр байгаа ч хэлж чадахгүй дотроо бодоод л, хүнтэй ч юм ярих дургүй, дэлгүүр ороод юм асууж ч чаддаггүй. Үүнээс болоод их дуугүй, өөртөө итгэлгүй болсон. Би яах ёстой вэ?…

ЗӨВЛӨГӨӨ: Яг ямар шалтгаанаас үүдэж ээрч гацах шинж тэмдэг илрээд байгааг сэтгэц, мэдрэлийн эмчид хандаж оношлуулаарай

 Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Чиний бодлоор 9,10 насанд чинь ямар нэгэн гэнэтийн цочмог эсвэл ямар нэгэн таагүй үйл явдал болсон болов уу? Энэ талаар эргэцүүлээрэй. Ээрч гацах нь янз бүрийн шалтгаантай байж болно. Сэтгэл зүйн шалтгаанаас дурдвал, түгшүүр, сэтгэл санааны тогтворгүй байдал эсвэл гэнэтийн цочмог үйл явдал зэргээс үүдэж ээрч гацах тохиолдол бий. Эсвэл энэ нь мэдрэлийн гаралтай ч байх боломжтой. Тиймээс яг ямар шалтгаанаас үүдэж ээрч гацах шинж тэмдэг илрээд байгааг сэтгэц, мэдрэлийн эмчид хандаж оношлуулаарай. Хэрэв энэ нь сэтгэл зүйн гаралтай байвал сэтгэл судлаач эсвэл сэтгэц засалчид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэц заслын эмчилгээ хийлгэх боломжтой. Тийм болохоор тулгарч буй асуудалдаа бүхий л анхаарлаа хандуулж санаа зовох бус юунаас болж ээрч, гацаад байгаагаа олж мэдэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье. 

Сэтгэл судлалын үндэсний төв

Туслах сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Ээж намайг давхраа хийлгэчих, хамраа янзлуулчих гэж хэлснээс болоод сэтгэл гутралд орчихлоо. 

Сайн байна уу? Би 16 настай. (эмэгтэй) Нэлээн хэдэн сарын өмнөөс маш тогтворгүй болчихсон. Эхэндээ зүгээр л орой нь жаахан сэтгэлээр уначхаад өглөө зүгээр босоод ирдэг байсан. Тэгээд чимээгүйхэн уйлдаг болсон. Сүүлдээ нэг л биш болоод эхэлсэн. Уурлаж бухимдаж, сүүлдээ уйлж байхдаа амьсгалахаа хүртэл мартаад ч байгаа юм шиг мэдрэмж авч үнэхээр үхэхээ шахсан. Өөрийгөө нэг л биш сонин байгааг анзаараад ойр дотнын хүмүүстээ хэлэх үед бүгд л тийм байдаг, зүгээр зүгээр гээд хэн ч тоогоогүй, бараг загнаад өнгөрсөн. Дээр нь би гадаад төрхөндөө тийм ч сэтгэл хангалуун биш яг энэ үед ээж надад за чи давхраа хийлгэчих, хамраа янзлуулчих гэж хэлсэн. Ээжийн хэлсэн үгнээс болж өөрийгөө хэрхэн үнэлэгддэг гэдгээ бүр сайн мэдэрч бүр л дордчихсон. Зүгээр л эндээс явахыг хүссэн. Би уг нь бүх зүйлээс аз жаргал мэдэрдэг байсан. Гэвч тэр мэдрэмжүүд бүгд алга болоод зүгээр л үхмээр санагдсан. Үнэхээр хөнгөн хуумгай тэнэг санагдаж байж болох ч би үнэхээр олон зүйлийг бодож үзсэн ч миний бодол огт өөрчлөгдөхгүй байсан. Тэгээд оролдож ч үзсэн. Амьд сэрээд юу хийсэндээ ч харамсаагүй харин ч үхэж чадаагүйдээ харамссан. Үнэхээр амиа хорлохыг хүсэж байсан ч цаанаа амьд үлдэхийг хүссэн мэдрэмж байсан болохоор өөртөө худлаа шалтаг хэлээд л өдөр хоногийг нэг нэг өдрөөр хойшлуулсаар эцэст нь тэдгээр зүйлүүдээ бага зэрэг мартаад амиа хорлох сэдэл алга болчихсон. Өөр зүйлүүдэд маш их цаг гаргаад албаар завгүй болоод ганцаараа л өөрийгөө аваад гарчихсан гэж боддог. Үүнээс хойш 6 7 сар хэвийн байсан ч одоо дахиад өмнөх шигээ болж эхлээд байх юм. Бага багаар дахин ямар нэгэн буруу зүйл хийх юм шиг санагдаад байх юм. Сэтгэл санаагаа сэргээх маш олон аргыг туршиж үзсэн ч нэг л болж өгөхгүй юм. Одоо би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Дотоод мэдрэмж болон асуудлаа шийдэхгүй бол гадаад орчин өөрчлөгдсөн ч өөрчлөлт бий болохгүй. 

 Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжлийн сэтгэл зүйч дээр биечлэн очихыг хүсэж байна.Амиа хорлох тухай бодол нь энгийн нэг “бодол” төдий зүйл биш юм шүү. Ийм бодол төрөх нь хэн нэгэн намайг сонсооч ээ, намайг ойлгооч ээ, надад тусламж хэрэгтэй байна шүү дээ гэсэн бидний ухамсаргүйгээс гарч буй хэлэхийг хүссэн зүйл юм. Удаан хугацааны турш таагүй бодлуудтай амьдрах нь биднийг ямарваа нэгэн таагүй үйлдэл рүү түлхэж байдаг. Таагүй сэтгэл санаагаа сэргээх зүйл хайх биш дотроо хуримтлагдсан бүхий л мэдрэмжүүдээ ил гаргахыг хичээгээрэй. Уйлмаар байвал уйл, хашхирмаар байвал хашхир. Дотроо хуримтлагдсан бүхий л мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөр. Сөрөг мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч байж эерэг мэдрэмж бий болно. Дотоод мэдрэмж болон асуудлаа шийдэхгүй бол гадаад орчин өөрчлөгдсөн ч өөрчлөлт бий болохгүй. Өөрийн чинь үнэ цэнийг хэн нэгний үг бүрэн тодорхойлж чадахгүй гэдгийг өөртөө сануулж хэлж байгаарай

  • Сэтгэл санаа түгшүүртэй болсон үед:
  • Өөрт төрч байгаа мэдрэмж болон бодлоо ажиглах
  • Төрсөн мэдрэмжээ үгүйсгэх биш хүлээн зөвшөөрөх.
  • Гүнзгий амьсгаа авах.
  • Дасгал хөдөлгөөн хийх. Сэтгэл санаа таагүй, стрессдсэн үед булчин хатуурч чангарсан байдаг. Дасгал хөдөлгөөн нь чангарсан булчинг суллаж өгдөг тул тайвшруулах мэдрэмж өгдөг.
  • Өөрт төрсөн мэдрэмжээ ойр тойрны хүмүүст илэрхийлэх.  Ойр тойрны хүмүүст асуудлаа хэлсэн ч тэд нар үл тоосон гэж хүмүүсийг хэт битгий шүүмжлээрэй. Насанд хүрсэн хүмүүс ч харилцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ тийм ч сайн мэддэггүй.
  • Өөрт төрсөн бүхий л мэдрэмжээ хүлээн зөвшөөрсний дараа амьдралд сайхан зүйл олон бий. Тэдгээр сайхан зүйлсийг бий цаашид мэдрэх болно гэж өөртөө хэлж сануулж байгаарай.
  • Мэргэжлийн сэтгэл зүйч дээр биечлэн очиж уулзах.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Ээж минь надтай яг л хойд эх шиг харьцах болсон.

Сайн байна уу? би одоо 12 настай. Сүүлийн үед ээж минь надтай яг л хойд эх шиг харьцах болсон. Учир нь манай гэр бүл маш үнэтэй байшин авч байгаа юм. Гэхдээ маш их хэмжээний өр тавьсан юм. Тэрнээс болж ээж өмнөхөөсөө ч их стрессдэж байгаа байх. Гэхдээ би ч бас өсвөр үе дээрээ явж байгаа учраас ямар ч юм хийсэн уур хүрч сүүлдээ өөртөө уураа гаргадаг болсон. Бас хүн намайг ойлгохгүй байна гэхээр хүмүүст ч уураа гаргадаг болж бүх юмнаас төвөгшөөдөг болсон. Ээж стрессдсэн үедээ надад "хуцаад бай, чамайг төрүүлэх ёсгүй байсан юм" гэж сэтгэлд сэвтэй үг хэлдэг. Би өөрөө хүн надтай яаж харьцана тэгж л харьдаг хүн болохоор ээжтэй заримдаа ам мурийдаг. Заримдаа тэвчээд өнгөрдөг. Би яаж ээжид ямар санагдаж юу бодож байгаагаа хэлэх үү ? тэр болгонд нь тэвчих хэрэгтэй юу ?

ЗӨВЛӨГӨӨ: Надад хэт таагүй үг битгий хэлээрэй, надад маш хэцүү тусаж байна шүү  гэдгээ илэрхийлээрэй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. “ Хүүхдүүд эцэг эхээсээ л бүхий л зүйлийг сурч, ойлгож байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралыг чиглүүлдэг мөн хүүхдийнхээ амьдралд маш том байр суурийг эзэлдэг. Тиймээс өөрөөсөө гарч байгаа үйлдэл болон үгэндээ анхаарч байхыг хүсэж байна. Хүүхэд маш эмзэг. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид бид ч таагүй үгийг сонсоод сэтгэл санаа тавгүйтдэг шүү дээ.”

Хүн шийдэж чадахгүй асуудалтай удаан явахаар өөрийн биеийг хянаж чаддаггүй. Магадгүй ээжид чинь шийдвэрлэж чадахгүй олон асуудлууд байгаа байх. Насанд хүрсэн хүмүүс ч өөрийн мэдрэмжээ хянаж чаддаггүй тохиолдлууд их гэдгийг ойлгоорой. Тэд төгс нэгэн биш.

Өөрийн мэдрэмжийг цаг тухайд нь илэрхийлж байгаарай. Тухайн цаг үед төрсөн мэдрэмжээ шууд илэрхийлэх тэвчиж байгаад илэрхийлэх нь маш өөр үр дагавартай байдаг. Бодсон бодол болон мэдрэмжээ тухайн мөчид зөвөөр хэлэх нь ямар нэгэн хэрүүл маргаан гарахаас сэргийлж байдаг. Харин урт хугацаанд тээсэн мэдрэмжээ тэвчиж байгаад  хэлэх үед хүн маш их бухимдлын өнгөөр хэлж гадагшлуулдаг. Удаан тэвчсэн бодлоо хэлэх үед чанга өнгөөр эсвэл хашхирч илэрхийлэх тохиолдол их. Энэ үед эсрэг талын харилцагч эргүүлээд өөрийгөө хамгаалж хэрүүл болдог. Магадгүй чи удаан хугацааны турш тэвчиж байгаад бухимдлаа илэрхийлсэн тул ээжтэйгээ ам мурийх нь их байгаа болов уу. Мөн өөрийгөө хэт битгий шүүмжлээрэй. 12 настай тул харилцааны чадварт суралцаж байгаа суралцсаар ч байх болно. Харилцааны тал дээр өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад хангалттай. Өөрийн хүчнээс давсан зүйлийг засах гэж хичээх хэрэггүй. Насанд хүрсэн хүний үг болон үйлдлийг чи хянаж чадахгүй шүү дээ. Надад хэт таагүй үг битгий хэлээрэй, надад маш хэцүү тусаж байна шүү  гэдгээ илэрхийлээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир
 
 

АСУУДАЛ: Эргэн тойрныхоо хүмүүсийн хувьд чухал хүн биш юм шиг санагдах болсон. 

 Сайн байна уу! Би 16 настай эмэгтэй. Надад ярилцах хүн нэг ч алга. Таньдаг хэн нэгэндээ асуудлаа ярих гэхээр үргэлж зовлонгоо тоочиж байгаа юм шиг. 

Би хөдөө амьдардаг бас хотод байдаг эмнэлэгт шүдний аппарат зүүдэг юм л даа. Монголд корона тарснаас хойш бараг 8 сар хэртэй ганц ч аппаратаа чангалуулж чадаагүй. Учир гэвэл ээж маань намайг биеэ авч явж чадахааргүй арчаагүй гэж боддог болохоор ганцааранг маань хэзээ ч хот явуулахгүй гэсэн. Тэгээд л аймагтаа вакцин ирж, ээж 2 тунгаа хийлгээд 14 хонож чөлөөтэй явж болохыг хүлээсэн. Ашгүй нэг юм ээж ч вакцинаа хийлгээд эмнэлэг рүүгээ ярьсан гэтэл намайг бүр мартчихсан тэгээд үзүүлэх цаг олдоогүй . Хэдэн өдөр болж байж арай гэж цаг автал манай энд хөл хорио тогтоочихсон. Тэгээд дахиад л хүлээж цаг авах хэрэгтэй болсон. Гэхдээ миний шүд муу байгааг мэдэрдэг, аппарат зүүх үед бүх шүд суларч жоохон хатуу зүйл идвэл л зовуурладаг хэдийгээр би тийм ч их хатуу зүйл иддэггүй ч зүгээр л энгийн хооллох үед шүд өвддөг болчихсон. Тэгээд энэ талаараа ээждээ хэлбэл өвчин дуусдаггүй гээд загнадаг. Энэ бүхнээс болж хэн ч намайг боддоггүй юм байна гэж бодох болсон. Хэрвээ үнэхээр л надад санаа зовдог бол аль эрт энэ асуудлыг шийдэх байсан биз.

Мөн манай гэрийнхэн надаас бусад нь хөдөө мал малладаг хааяа гэрийнхэн маань ирэхдээ "чи ганцаараа зүгээр сууж байж" гэж загнадаг. Үүнээс болж би ингэж боддог болсон. Ядахдаа ямар нэг зүйл сайн хийдэг байсан бол гээд л . Заримдаа тэдэнд их гомдож гэрээсээ зугтмаар л санагддаг. Бас ээжийн хамаатнууд ирэхээр надад ээжтэйгээ битгий хэрэлдэж байгаарай гэдэг би уг нь хэрэлдэхийг хүсдэггүй ч ээж уурлахаараа надтай нохойтой харьцаж байгаа юм шиг байдаг. 

Ковид гарснаас хойш найзуудаасаа хөндийрч одоо нэг ч найзгүй болсон. Хуучин найзууд маань хамтдаа жижиг бизнес хийж үргэлж хамт гараад л би гэртээ суугаад л . Тэгээд ядахдаа өөрийгөө хөгжүүлье гээд сургалтад суусан ч хүүхдүүдийн хажууд дэндүү муу эсвэл хамтрагч хүүхдүүд таалагддаггүй. 

Би л өөрийгөө бүхнээс муу гээд дараад байгаа юм уу эсвэл угаасаа хэрэгцээгүй амьтан юм уу мэдэх юм алга. Дэлхий ертөнц дээрх хумхийн тоосны нэг ч гэсэн эргэн тойрныхоо хүмүүсийн хувьд ч чухал хүн биш юм шиг санагдах болсон. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн мэдрэмжийг нуух тусам өөрийг чинь хэцүү байдалд оруулж байдаг. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Энэ бичсэн захиагаа мөн зөвлөгөөг ээждээ харуулахыг хүсэж байна. Эцэг эх та бүхэн маань хүүхдийнхээ төлөө орох орон байр, дулаахан хувцас, хоол хүнсээр хангаж ажиллаж хөдөлмөрлөж байгаад чинь талархаж байна. Хүүхдэд суурь хэрэгцээ болох хоол хүнс чухал ч хайрлагдах мэдрэмж асар чухал. Миний хүүхэд юм чинь яавал гэж дээ , юун сүртэй юм гэсэн хандлага битгий гаргаарай.Таны хэлсэн үг бүр хүүхдэд маш хүчтэйгээр нөлөөлж байгаа.

Хүүхдээ аливаа зүйлд чадвартай болгохын тулд таны туслалцаа, дэмжлэг асар их чухал. Хүүхдээ сайн дэмжиж байж таны хүсээд байгаа чадвартай хүүхэд бий болно. Чадвар бол суралцдаг зүйл. Үүнд цаг хугацаа, алдаа оноо орно. Тиймээс хүүхдээ цаг тутамд дэмжээрэй.

Өсвөр насны хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахдаа хаалттай, уур уцаартай харин найз нөхөдтэйгөө нээлттэй, элгэмсэг харилцдаг бол эцэг эхчүүдээ хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагадаа анхаарал хандуулах болсны дохио юм шүү. Хүүхдүүдээ найз нөхөдтэйгөө холбоотой байхыг нь давхар дэмжиж өгөөрэй.

Өөрийн зүгээс хийж чадах зүйлээ битгий зогсоогоорой. Өөрийн мэдрэмжийг нуух тусам өөрийг чинь хэцүү байдалд оруулж байдаг. Бидний дотроо далд нуусан мэдрэмж цаг хугацааны эрхээр мартагдаж болох хэдий ч бидний дотроос хэзээ ч арилдаггүй. Гадагш илэрхийлэгдээгүй мэдрэмжүүд хожмын өдөр илүү таагүй байдлаар гарч ирдэг. Өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ ажиглаж сураарай. Өөрт мэдрэгдсэн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хүлээн зөвшөөрөх нь эерэг сэтгэл хөдлөл бий болох суурь тавигддаг.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Би үеийнхнээсээ өндөр бас жин ихтэй болохоор хүүхдүүд намайг шоолдог

Сайн байцгаана уу? Би одоо 14 настай дунд ангийн охин . Гэхдээ нэг зүйл гэвэл би багаасаа жин ихтэй басхүү үеийнхээсээ өндөр болохоор ичдэг. Таарах хувцас ч олдох гэж уддаг юм. Тэгээд угаасаа л хүүхдүүдэд муу хэлүүлдэг болохоор уйлсан шөнө ч олон , өөрийгөө үзэн ядсан үеүд ч бий . Гол нь би өөрөө хүний сэтгэлд юм хийхгүй юм сан гэж боддог болохоор миний буруу биш байсан ч "уучлаарай , баярлалаа" гэдэг үг аманд минь хоногшоод өөрийн гэсэн бардам зан гэгч нь байхаа больчихсон . Тийм ч учраас би хэд хэдэн өөрийнхөө оролцоогүй хэргийг хүлээн зөвшөөрөөд , уучлалт гуйгаад , загнуулаад бүх зүйл өнгөрсний дараа өөрийнхөө буруу биш байснаа хэлдэг. Гэхдээ энэ гол асуудал биш юм. Би өөрийгөө жин ихтэй гэдгээ хэлсэн шүү дээ! Би нэг дор нэлээн их жин хаясан юм . Яаж вэ? гэвэл зүгээр л юм идчихээд бөөлжчихдөг. Гэхдээ энэ талаар гэрийнхэндээ хэлэхээс айгаад байна. Хайртай хүмүүсээ санааг нь зовоомооргүй байна. Надад ингэх шалтгаан нээх их байгаагүй. Буруу гэдгийг нь мэдэж байгаа ч зүгээр л хоол идчихсэн болохоор гэм хийчихсэн юм шиг. Маш их сөрөг нөлөө нь илэрсэн . Би яаж болих вэ ? Яавал дээр бол?  

ЗӨВЛӨГӨӨ: Чамайг байгаагаар чинь хүлээж авдаг хүмүүс байсаар ч ирсэн, байх ч болно гэдгийг ойлгоорой. Чамайг байгаагаар чинь хүлээж авдаг хүмүүс байсаар ч байсан гэдгийг ойлгоорой.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүний бие физиологи насны үечлэлээр өөрчлөгдөж байдаг. Таван секундэд өөрчилж болохгүй зүйлийг шүүмжлэх их таагүй зүйл. Хүний бие хааг шүүмжилж, шоолдог хүмүүс өөрсдийнхөө харилцаа хандлагыг л ямар вэ? гэдгийг харуулж байна. Бусад хүмүүсийн хэлсэн гомдмоор үгүүд өөрийг чинь тодорхойлохгүй юм шүү. Хүн бусдаас ирсэн таагүй шүүмжлэлээс болж бодлын алдаатай болох эрсдэлтэй байдаг. Тэд намайг шүүмжилсэн болохоор бусад хүмүүс ч намайг шүүмжлэх байх гэх мэтээр бусдын өмнөөс өөрийнхөө талаар бодож бодлын алдаа үүсгэдэг. Ингэснээр хүмүүстэй харилцахдаа хэт болгоомжилсон, хаалт тавьсан, хүйтэн хөндий харилцах гээд байдаг. Хэдэн хүмүүс чамайг шүүмжилсэн ч чамайг байгаагаар чинь хүлээн авах хүмүүс амьдралд чинь гарч ирнэ. Чамайг байгаагаар чинь хүлээж авдаг хүмүүс байсаар ч байсан гэдгийг ойлгоорой.

Өөрийн эрүүл мэндийн талаар эцэг эхдээ хэлээрэй. Хүүхдүүд намайг ингэж шүүмжилсэн, энэ байдал надад хэцүү санагдсан. Өөрт төрсөн бүхий л мэдрэмжээ зөвхөн өөртөө үлдээх бус гэрийнхэндээ илэрхийлж байгаарай. Магадгүй одоогийн байдлыг чинь ямар байгааг мэдэж чадаагүйдээ хожим сүүлд мэдвэл тэд харамсахгүй гэж үү? Хэн нэгнээс тусламж гуйх нь хэвийн зүйл.  Өөрт чинь тусламж хэрэгтэй байна гэдгийг эцэг эхдээ илэрхийлээд, эрүүлээр жин хасах талаар мэргэжлийн багш, хоол зүйчээс зөвлөгөө аваарай. Эцэг эх чинь өөрт чинь тусална гэдэгт найдаж байна. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач М.Анир 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter