Автомашины аюулгүйн суудал ашиглах нь хүүхдээ хайрлаж байгаагийн нэг илэрхийлэл


А. Наранцацрал | YOLO.MN
2021-06-20


Эцэг эх, асран хүмүүжүүлэгч болгон үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, асран хамгаалах үүрэгтэй. /Энэ талаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан байдаг/. Энэ эрх үүргийнхээ дагуу хүүхдүүдээ автомашинд аюулгүй зөв тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцох дадлыг хэвшүүлэх ёстой юм. 

Үр хүүхдээ тав тухтай, зөв тээвэрлэж явах нь тэднийгээ халамжилж байгаагийн нэг илрэл гэж ойлгож болно. Тиймээс стандартын шаардлага хангасан, машины тохилог суудалд бүсийг нь бүсэлж суулгаснаар тохь тух, аюулгүй байдлыг хангаж өгдөг байна.

Товчхондоо автомашины аюулгүйн суудал ашиглах нь хүүхдээ хайрлаж байгаагийн нэг илэрхийлэл юм.

АВТОМАШИНЫ СУУДЛЫГ ЯАГААД АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ

Автомашины суудал нь хүүхдэд ор, тэрэг худалдан авахтай адил чухал зүйл юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заасан байдаг.

Өнгөрсөн онд зам тээврийн осолд 30 гаруй хүүхэд өртөж амиа алдсан бөгөөд эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь  зориулалтын суудалд суулгаагүй байсан гэж Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлсэн юм. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.  

Автомашины суудал нь осол гарах үед хүүхдийг тогтоон барих, хажуугийн хамгаалалтууд нь гэмтэж бэртэхээс хамгаалах үүрэгтэйгээс гадна тохь тухтай байлгах зориулалттай байдаг. Зөвхөн ослын үед гэлтгүй гэнэт зогсож тормозлох үед ч хүүхдийг ямарваа эрсдэлээс хамгаалдаг байна.

Үүнийг нотлохын тулд дараах туршилтыг хийжээ.

Автомашинд туршилтын хүүхэлдэй тавиад энгийн буюу цагт 50-60 км-ийн хурдтай явж байгаад гэнэт зогсоход хүүхэлдэй урд талын суудал руу цохигдож, эргээд арагш шидэгджээ. Ихэнх тохиолдолд хүүхэлдэй цонхоор унаж, машинаас хэдэн метр хол шидэгдсэн байна. Мөн насанд хүрсэн хүн хүүхэлдэйг урдаа тэврээд дээрхтэй ижил туршилтад ороход хүүхэлдэй урд талын суудалд бүр ч хүчтэй цохигдож байв.

Зориулалтын суудалд бүс бүслээгүй хүүхэд цонхоор толгой, гараа гаргах, хаалгаар оролдох, онгойлгох, улмаар машинаас унах зэрэг олон эрсдэл дагуулдаг аж. Түүнчлэн зориулалтын суудалд суугаагүй хүүхэд жолоочийн анхаарлыг сарниулах эрсдэлтэй байдаг тул автомашины суудал жолоочийн осол гаргах эрсдэлийг ч бууруулдаг талтай.

Ташрамд дурдахад, хүүхдийн суудлыг сонгож, суурилуулах тийм ч хүндрэл бэрхшээлтэй ажил биш болохыг, мөн хүүхдийн амь наснаас үнэтэй суудал байхгүй гэдгийг юун түрүүнд ойлгох хэрэгтэй юм. 

Дараагийн нийтлэлдээ автомашины суудлыг хэрхэн сонгох талаар зөвлөгөө хүргэх болно.

#Автомашин #аюулгүйн суудал