“Амжилт болгон өөр өөр” номыг ҮНЭГҮЙ унших боломжтой


YOLO.mn | YOLO.MN
2021-06-11

Нийгмийн эерэг өөрчлөлт, тэгш оролцоо, улс эх орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн залуучууд “LEAD Mongolia 2020” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд чиглэсэн “Мэдлэгт тэмүүлье” нөлөөллийн цогц төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тэд уг төслийн хүрээнд “Амжилт болгон өөр өөр” номыг бүтээжээ.

Номын гол баатрууд болох 12 дүрийн түүх болон салбар салбарын мэргэжилтнүүдийн үнэт зөвлөгөөгөөр дамжуулан таныг, чамайг өөрийнхөө түүхийг бүтээж, хувь тавилангийнхаа ялагч, амжилтынхаа эзэн байгаасай хэмээн хүсэж, туслахыг эрмэлзсэн билээ.

Баян байх, ядуу байх гэдэг чинь юу вэ? Амжилт гэж юу вэ? Амжилтыг юугаар тодорхойлох вэ? Өндөр цалин уу? Аль эсвэл өөрөө тэмцэж олсон аз жаргал уу? Манай багийнхан энэ мэт олон асуултад хариулт олохоор эрэлд гарсан бөгөөд хариулт болгож энэхүү номыг өргөн барьж байна. Асуулт, эрэл хайгуулд тань зуун хувь хариулт өгч чадахгүй байж болох ч харах өнцөг, ойлголтыг тань гүнзгийрүүлэн тэлж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Амжилт болгон өөр өөр ном нь хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь нийгмийн 12 салбарын 12 дүрийн өсөх насны түүхийг агуулсан байх бөгөөд номд өгүүлэх дүр бүрийн түүх ахин давтагдашгүй юм. Дүрүүдээс дурдвал, Томүжин Академи үүсгэн байгуулагч Б. Батжин, "Монгол ур чадвар 2018" уралдааны хоёрдугаар байрын шагналт гагнуурын мэргэжлийн багш Э. Уужимсэтгэлт, Чөлөөт уран бүтээлч, YouTuber Gremix, Squadzz хамтлагийн бүжигчид болох Jayson& Jayel зэрэг салбар салбартаа амжилттай яваа залуус байгаа билээ.

/Хажуу тийш нь гүйлгэж үзээрэй./

Харин номын хоёрдугаар бүлэг нь өсвөр үеийнхнийг амжилтад алхам алхмаар хүрэхэд тус болох 20 гаруй мэргэжилтний зөвлөгөөнөөс бүрдэж буй юм. Та бүхэн энэхүү номоор дамжуулан дараах долоон сэдвээр бодит зөвлөгөөг авах боломжтой.

1. Алсын хараа, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх нь

2. Дадал зуршлын талаар хамтдаа ярилцъя

3. Мэргэжлээ зөв сонгох нь яагаад чухал вэ?

4. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа үр дүнтэй бэлдэх нь

5. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх ба үр дүнтэй суралцах нь

6. Дотоод болон гадаадын их дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцах нь

7. Өсвөр үеийн сэтгэл зүй

“Амжилт болгон өөр өөр” ном нь үнэ төлбөргүй бөгөөд дижитал, аудио, хэвлэмэл байдлаар хэвлэгдсэн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй байдлаар бэлтгэгдсэн байна. Та номоо Mplus аппликейшн болон үндэсний ESAN цахим сайтаас үнэгүй татан авч уншиж, сонсоорой.

Ингэж л амьдрах ёстой хэмээн хашигдалгүй, чухам өөр өөрийн замаар алхаж, өөрт үнэ цэнтэй амьдралаа бүтээн, амжилтын амтыг мэдэрч болдгийг эл номноос уншаарай.

Уг номыг Монгол орны өнцөг булан бүрт суугаа өсвөр үеийн хүүхэд бүхэнд хүргэхийн төлөөх хамтын ажиллагаанд манай төслийн баг нээлттэй байх болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Амжилт болгон өөр өөр” төслийн цахим хуудсаар авах боломжтой.

Фэйсбүүк хуудас: Амжилт болгон өөр өөр 

Инстаграм хуудас: @amjilt.bolgon.uur2

#Мэдээ #Ном #Залуус