А.Билгүүн: Дөрвөн жилд нэг удаа болдог Жембори нь скаутад нэгдэх боломж олгодог


Д.Нямханд | YOLO.MN
2019-06-07

Энэ зун болох хүүхдийн хамгийн том арга хэмжээ хэмээн тодорхойлж болохуйц Монголын Үндэсний VI Жембори буюу Скаутуудын майхант цугларалтыг зохион байгуулах гэж байгаа ажээ. “Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ой”-н хүрээнд болж буй энэхүү цугларалтын талаар бид Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүнээс тодрууллаа.

 

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Скаут гэж юу болох талаар эхлээд товч ярьж өгнө үү.

-Скаут гэдэг нь боловсролын байгууллага гэж ойлгож болно. Дэлхий дээр үүсээд зуу гаруй жил болж байгаа хүүхэд залуусын хөдөлгөөн. Бид нарын гол зорилго нь сургууль болон акдемик боловсролоос гадуур албан бус боловсролыг хүүхдүүдэд маш том шинжлэх ухаанч арга барилаар олгох, ирээдүйд улс орны сайн иргэн болгож төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.

YOLOМиний сонсож байснаар Ази Номхон далайн бүсийн 31-р Жэмбори 2017 онд зохиогдож байсан бол энэ жил Үндэсний 6-р Жэмбори болох юм байна. Жэмбори гэж юу вэ?

-Жэмбори гэдэг нь скаутуудын хамгийн том зуслан цугларалт, баяр наадам гэж ойлгож болно. Энэ бол майхант зуслан, скаутуудын олимп гэсэн үг. 2017 оны Жэмбори юугаараа онцлогтой байсан гэхээр Азийн 26 улс орныг нэгтгэсэн Ази Номхон Далайн Бүс гэж байдаг. Энэ бүсүүд дотооддоо Жэмбори зохион байгуулдаг. Тэр нь Монголд анх удаа болсноороо онцлогтой.

YOLOОролцож байгаа хүүхдүүд нь заавал скаут байх ёстой юу? Жэмборид оролцсоноороо юуг сурч мэдэх вэ?

-Скаутуудад зориулсан зуслан, их дуудлага, скаутуудын ур чадварын тэмцээн эсвэл скаутын сургалт ч юм уу, тусгай үйл ажиллагаа болдог. Харин Жэмбориг ямар зорилгоор зохион байгуулдаг вэ гэхээр скаутыг сонирхож байгаа энгийн хүүхдүүдэд скаутын хөдөлгөөнд нэгдэх боломж олгодог. Энэ нь скаут биш хүүхдүүд ч Жэмборид оролцож болно гэсэн үг. Хүүхдүүд бас яаж скаут болох уу гэж их асуудаг. 4 жилд нэг удаа энэ арга хэмжээнд оролцсоноор скаутад нэгдэх боломжтой.

YOLOЭнэ жил хичнээн хүүхэд оролцож болох вэ?

-Жэмбори 4 жилд нэг удаа болдог. Одоо зургадугаар сарын 25-30-ны хооронд Найрамдал цогцолборт болно. Монголын үндэсний зургадугаар жэмбори учир 21 аймаг 9 дүүргээс нийт 1500-2000 хүүхэд хамрагдана.

YOLOЭнгийн зуслангаас юугаараа ялгаатай вэ?

-Ялгаа нь өөрөө давуу тал болно. Яагаад гэвэл энгийн зусланд хүүхдүүд очоод байранд ороод тоглоод унтаад бэлэн хоолоо очоод иддэг бол Жэмбори дээр хүүхдүүд бүх зүйлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Өөрсдөө майхнаа барина, хоолоо хийнэ, амьдрах орчноо өөрийн гараар бүтээнэ. Мөн хөтөлбөрийн хувьд маш их давуу талтай. Адал явдалт хөтөлбөр, Шинжлэх ухаан танин мэдэхүйн хөтөлбөр, нийгмийн хөгжлийн хөтөлбөрүүд бий. Үүнд юу багтах вэ гэвэл НҮБ-аас хэрэгжүүлдэг тогтвортой хөгжлийн 17 зорилтууд, мөн манай гол уриа болж буй хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэх мэт. Энгийн зусланд хүүхдүүд маш олон зүйлийг зэрэг сурах боломжгүй байдаг бол Жэмборид тав хоногт 30-40 шинэ чадвартай болдог.

YOLOЖэмборигоос гадна Үндэсний Ровермүүт болно гэж сонссон. РОВЕРМҮҮТ гэж юу вэ?

-Скаутын насны ангилал гэж байдаг. Ровер насны ангилал нь 18-25 насны залуус. Ровермүүт бол залуусын маш том арга хэмжээ буюу жэмбори гэж ойлгож болно. Энэ нь залуучуудын нийгмийн хариуцлагын чиглэлтэй. Жэмборид хүүхдүүд өөрсдөө суралцаж хөгжилддөг бол Роверууд цугласнаараа байгаль орчинд, эсвэл нийгэмд ямар нэгэн хэсэг бүлэг хүмүүст, айлуудад туслах сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

YOLOРовермүүтын хөтөлбөрийн хувьд?

-Дэлхийн олон улс хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээн залуус ямар нэгэн зүйл хийх. Жишээлбэл 14-р зорилт дээр “уур амьсгалын өөрчлөлтийг багасгах” гэж байгаа энэ нь байгаль орчинд ээлтэй ямар аргаар амьдарч болох вэ, дэлхийн дулаарлын эсрэг юу хийж болох вэ гэх мэт. Мөн олон нийтийг хамарсан компанит ажлуудыг яаж зохион байгуулах талаар сургалт орно.

YOLOРовермүүтэд скаут биш залуус оролцож болох уу?

-Энэ удаагийн Үндэсний 5-р ровермүүт нь simple scouting буюу энгийн скаут гэсэн уриатай зохиогдож байна. Энэ нь роверт нэгдэх хүмүүс энгийн залуус скаутыг сонирхдог байх хэрэгтэй. Бүх аймаг дүүргээс төлөөллүүдээ оролцуулахыг зорьж байгаа боловч залуучуудын цаг зав оролцооноос шалтгаалаад ровермүүт маань нийт 400-500 хүний бүрэлдэхүүнтэй 2019 оны долдугаар сарын 2-6-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг скаут эко зусланд болно.

YOLOЯмар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?

-Жэмбори болон Ровермүүтийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Скаутын Холбоо ажиллаж байгаа бол хамран зохион байгуулагчаар Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын байгууллагуудаас НҮБ-ын хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн Монгол ОУБ, мөн дэмжигч байгууллагаар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монголын үндэсний радио телевиз ажиллаж байна

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Scout