Кпопын эргэн тойронд: iKON хамтлаг “KINGDOM” нэвтрүүлэгт оролцоно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-25

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

IKON ХАМТЛАГ “KINGDOM” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

Mnet телевизийн сувгийн “Kingdom” өрсөлдөөнт нэвтрүүлэгт iKON хамтлаг оролцохоор болжээ.

Тус нэвтрүүлэгт Stray Kids, The Boyz, болон ATEEZ хамтлаг оролцох нь тодорхой болоод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс iKON хамтлаг оролцох болсныг мэдэгджээ.

Mnet суваг болон YG энтертайнмент сүүлийн хэдэн жил таагүй харилцаатай байсан хэдий ч өнгөрсөн оны “Mnet Asian Music Awards”-д TREASURE хамтлаг оролцсоноор тус хоёр байгууллагын харилцаа бага багаар сайжирч байгаа нь тодорхой болсон юм. Харин энэ удаад Mnet телевизийн сувгийн нэвтрүүлэгт iKON хамтлаг оролцохоор болсон нь Кпоп сонсогчдын хувьд гэнэтийн мэдэгдэл болсон юм.

Мөн тус нэвтрүүлгийг TVXQ хамтлагийн гишүүд хөтлөх юм байна. MONSTA X хамтлаг “Kingdom” нэвтрүүлгээс татгалзсан бол SF9 болон BTOB хамтлагууд одоогоор эцсийн шийдвэрээ гаргаагүй гэнэ. Ташрамд дурдахад BTOB хамтлагийн гишүүн Ilhoon хамтлагаасаа гарсан бөгөөд Hyunsik Sungjae нар цэргийн алба хааж байгаа учраас тус хамтлаг “Kingdom” нэвтрүүлэгт оролцвол дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

“Kingdom” нэвтрүүлэг дөрөвдүгээр сараас цацагдаж эхлэх юм байна.

2NE1 ХАМТЛАГИЙН ГИШҮҮД MINZY-ГИЙН ТӨРСӨН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖЭЭ

Нэгдүгээр сарын 22-ны өдөр 2NE1 хамтлагийн гишүүн Dara Инстаграм хаягтаа дараах зургуудыг нийтлээд “Хамгийн бяцхан гишүүн Minzy-дээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ бол миний 2NE1 хамтлагтай тэмдэглэсэн 12 дахь төрсөн өдөр. 2NE1 хайртай шүү! Minzy, Төрсөн өдрийн мэнд хүргэе! #2021 #HappyBDayMinzy #2NE1 #Blackjack” гэж бичжээ. Ийнхүү 2NE1 хамтлагийн гишүүд олон сарын дараа хамтдаа цуглаж шүтэн бишрэгчдээ баярлуулжээ.

2NE1 хамтлаг нь 2009 онд байгуулагдсан боловч 2016 онд албан ёсоор тарсан юм. Хэдийгээр гишүүн бүр нь өөрсдийн карьерт анхаарал хандуулсан боловч хамтлагаараа дахин нэгдэх хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан билээ.

MAMAMOO ХАМТЛАГИЙН ГИШҮҮД ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА

Нэгдүгээр сарын 22-ны өдөр RBW энтертайнментаас MAMAMOO хамтлагийн гишүүдийн гэрээний талаар мэдэгдэл хийжээ. Тэд:

- “Бид гишүүдтэйгээ гэрээгээ шинэчлэх талаар нухацтай ярилцаж байна. Одоогийн гэрээ дуусах хүртэл хангалттай хугацаа байгаа хэдий ч бид MAMAMOO хамтлагийн гишүүдийг урт удаан хугацааны итгэлцэл дээрээ үндэслэн эртнээс бодох хугацаа өгөх нь зөв гэж шийдсэн. Гэсэн хэдий ч гэрээтэй холбоотой олон цуурхал гарсан тул бид мэдэгдэл хийхээс өөр аргагүйд хүрлээ.

Одоогийн байдлаар Solar болон Moon Byul нар удаан хугацааны итгэлцэл дээрээ үндэслэн бидэнтэй хийсэн гэрээгээ сунгаад байна. Whee In болон Hwasa нар гэрээний талаар эерэгээр санал бодлоо солилцож байгаа. Бүх гишүүд MAMAMOO-гээр бахархаж, хайрладаг учраас цаашид сайн үр дүнд хүрнэ гэж бодож байна”. 

ZAYN MALIK-ИЙН ДУРТАЙ ДУУНЫ ЖАГСААЛТАД BIGBANG ХАМТЛАГИЙН ДУУ БАГТЖЭЭ

Zayn Malik өнгөрсөн долоо хоногт “Pop and Play” нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө тоглуулагчийн эхний 25 дууг нэрлэсэн байна. Үүнд Jhene Aiko, JoJo, Jazmine Sullivan, Chloe x Halle нарын уран бүтээл болон өөрийнх нь шинэ цомгийн дуунууд багтжээ. Харин түүний жагсаалтад Кпопоос BIGBANG хамтлагийн 2015 онд гаргасан “Loser” дуу багтсан аж.

ENOI ХАМТЛАГ ТАРСАН ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

Kithewhale энтертайнментаас ENOi хамтлагийг тарсан гэдгийг олон нийтэд мэдэгдлээ.

Нэгдүгээр сарын 22-ны өдөр тус хамтлагийн албан ёсны фэнсайт дээр дараах мэдэгдлийг бичсэн байна. Үүнд:

- “Сайн байцгаана уу? Kithewhale энтертайнментаас мэндчилж байна.

ENOi хамтлагийг хайрлаж, дэмжиж байсан шүтэн бишрэгчдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид та бүхэнд ENOi хамтлагийн гишүүдтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосон гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Удаан хугацаанд ярилцсаны эцэст J-Kid, Avin болон Jinwoo нар бидэнтэй хийсэн гэрээгээ сунгахгүй байх шийдэлд хүрсэн юм. ENOi хамтлагийг дэмжиж, хайрладаг та бүхэнд ийм таагүй мэдээ дуулгаж байгаадаа уучлалт хүсье. Энэ бол маш чухал сонголт бөгөөд үүнийг гаргахын тулд тэд удаан хугацаанд эргэцүүлэн бодсон. Тиймээс бидний зүгээс уг хамтлагийг тараахаар шийдлээ. Тус хамтлагийн гишүүд болох Laon, Dojin, Hamin болон Gun нар компанидаа үлдэхээр шийдсэн. Бид эдгээр гишүүдийнхээ цаашдын үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж өгөх болно”.

ENOi хамтлаг 2019 оны дөрөвдүгээр сард “bloom” хэмээх анхны уран бүтээлээ гаргаж байжээ. Мөн 2020 оны наймдугаар сард “W.A.Y” нэртэй цомог гаргасан аж.

CHEETAH БОЛОН NAM YEON WOO НАР САЛСАН ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

Cueda энтертайнментаас Xportsnews сайтад хандаж Cheetah болон Nam Yeon Woo нарыг албан ёсоор салсан гэдгийг мэдэгджээ. Тэдний салалт нь завгүй цагийн хуваариас болсон хэмээн тайлбарласан байна. Мөн “Cheetah телевизийн сувгуудын нэвтрүүлэгт оролцож, сайн байгаа. Тун удахгүй шинэ цомог гаргахаар ажиллаж байна” хэмээжээ.

Харин Nam Yeon Woo найруулагчийн компаниас “Тэд таагүй харилцаанаас болж салаагүй. Тиймээс цаашид бие биенээ дэмждэг найзууд болж үлдэхээр шийдсэн” хэмээн мэдэгджээ.

Cheetah болон Nam Yeon Woo нар 2018 оноос эхлэн үерхсэн аж.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд