"Би НОМЫН САНД суух гэхээр НАЙЗГҮЙ болчихдог"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би номын санд суух гэхээр найзгүй болчихдог

...Гэхдээ би ирээдүйнхээ төлөө зөв зүйл хийлээ гэж бодож байна. Энэ зөв тийм биз дээ. Надад зөвлөөч?

Сайн байна уу? Би ойрд зөвхөн хичээлдээ л анхаарлаа хандуулахыг зөвд тооцож байгаа л даа, цаашдын амьдрал минь одоогийн хичээл зүтгэлээс шалтгаална. Би одоо дөнгөж 14 настай. Зарим найз минь хичээлээ хийхээс илүүтэй зугаалах, зугаацахыг илүүд үзэж чөлөөт цаг гарвал хамт кафе орох уу? дэлгүүр орох уу? гэх мэт хэзээ ч намайг номын сан явъя гэхэд “номын сан уу? хичээл дуусаад байхад жаахан амаръя л даа” гээд л БИ ГАДУУР ТЭНЭХДЭЭ ЗӨНДӨӨ НАЙЗТАЙ, НОМЫН САНД СУУХ ГЭХЭЭР ГАНЦААРАА БОЛЧИХДОГ.

Тиймээс би эдгээр найзуудаа цөөлөх талаар бодож зарим нэгэнтэй нь харьцахаа больчихлоо. Гэхдээ муу найзууд байснаас ганцаараа байсан дээр гэж бодогддог ч найзууд минь болж л өгвөл намайг ашиглах, буруу зүйлд уруу татаад байгаа юм шиг санагдаж харьцахаа больсон. Гэхдээ заримдаа надад сургуулийн коридороор ганцаараа явах ичмээр санагддаг. Гэвч би ирээдүйнхээ төлөө зөв зүйл хийлээ гэж бодож байна. Энэ зөв тийм биз дээ. Надад зөвлөөч? Миний ойр дотны хүмүүст ном унших, хамт хичээллэх сонирхолтой хүмүүс байдаг ч тэр бид хоёрын зав тохирдоггүй.

ЗӨВЛӨГӨӨ: Найзууд чинь чамтай цуг номын санд суухгүй байгаа болохоор муу хүүхдүүд гэсэн үг биш юм шүү

Ирээдүйдээ анхаарч хичээлээ давтаж мэрийх нь сайн байлгүй яахав. Харин ирээдүйд амжилттай  яваа мөртлөө ямар ч найз нөхөдгүй ганцаардсан нэгэн байвал гунигтай биз дээ.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс бидэнд физиологийн хэрэгцээ (хоол унд, нойр), аюулгүй байдлын хэрэгцээ (аюулгүй орчин), нийгмийн хэрэгцээ (бусадтай харилцах, санаа бодлоо илэрхийлэх), хүндлэгдэх хэрэгцээ, өөрийгөө нээн хөгжүүлэх гэсэн хэрэгцээ байдаг. Чиний ирээдүйнхээ төлөө чармайж, хичээлээ давтаж байгаа зэрэг нь өөрийгөө нээн хөгжүүлэх хэрэгцээний илрэл харин найзуудтайгаа кафед сууж гадуур гарах нь нийгмийн хэрэгцээгээ хангаж байгаагийн илрэл юм.

Найзууд чинь чамтай цуг номын санд суухгүй байгаа болохоор муу хүүхдүүд гэсэн үг биш зүгээр л та нарын түлхүү илэрч байгаа хэрэгцээ ялгаатай байгаа юм. Уг ялгааг ойлгож найзуудыгаа муугаар бодохоо болихыг хичээгээрэй. Харин цагаа зөв хуваарлиж сурвал хичээлээ ч давтаж, найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж амжина шүү дээ. Ирээдүйдээ анхаарч хичээлээ давтаж мэрийх нь сайн байлгүй яахав. Харин ирээдүйд амжилттай  яваа мөртлөө ямар ч найз нөхөдгүй ганцаардсан нэгэн байвал гунигтай биз дээ. Тийм болохоор аль алинг нь зохицуулж сурах дээр анхаараарай. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School