“Home Alone” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-12-16

Бид өмнөх дугаартаа “Start-Up” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн “Home Alone” киног онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.6/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 65%

Цацагдсан огноо: 1990 оны арваннэгдүгээр сарын 10

Үргэлжлэх хугацаа: 103 минут

Үйл явдал: Найман настай Kevin хүү Зул сарын баяраар санамсаргүй байдлаар гэртээ ганцаараа үлдэнэ. Яг энэ үеэр тэдний гэрийг эртнээс дээрэмдэхээр төлөвлөж байсан хоёр хулгайч түүнтэй нүүр тулна. Ийнхүү хоёр хулгайчаас гэрээ хамгаалахын тулд Kevin хөгжилтэй төлөвлөгөөнүүдийг боловсруулж эхэлнэ. 

MACAULAY CULKIN-ИЙ ТӨРСӨН ДҮҮ

Кинонд Kevin McCallister-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Macaulay Culkin-ий төрсөн дүү Kieran Culkin нь энэхүү кинонд Kevin-ий орондоо шээдэг үеэл Fuller McCallister-ийн дүрийг бүтээж байжээ.

“Home Alone” нь түүний тоглосон анхны кино ба үүнээс хойш маш олон кинонд дүр бүтээсэн байдаг. Сонирхуулан хэлэхэд тэрээр 2019 болон 2020 оны “Алтан Бөмбөрцөг” кино наадамд хоёр жил дараалан нэр дэвшээд буй чадварлаг жүжигчин билээ.

HARRY LIME-ИЙН ДҮР

Анх намхан биетэй хулгайч Harry-гийн дүрд тухайн үедээ эд мандаж явсан Jon Lovitz болон Robert De Niro зэрэг жүжигчдийг тоглуулахаар санал тавьсан ч тэд шуудхан татгалзсан гэдэг. Харин уг дүрийг жүжигчин Joe Pesci хүлээн авснаар чамгүй амжилт гаргасан билээ. 

АМЬД ААЛЗ

Өндөр биетэй хулгайч Marv Kevin-ий тавьсан урхинд орж, нүүрэн дээр нь аварга том Тарантула аалз унадаг. Кино багийнхан уг хэсгийн зураг авалтад анхандаа хиймэл аалз ашиглах гэж байсан ч үзэгдлийг илүү бодитой харагдуулахын тулд амьд аалзыг ашиглахыг хүсжээ. 

Marv-ын дүрийг бүтээсэн жүжигчин Daniel Stern аалзыг нүүрэн дээрээ ганцхан удаа л явуулахыг зөвшөөрсөн ба үнэхээр аймшигтай байсан тул чин сэтгэлээсээ хашхирсан гэнэ. Харин цасан дээгүүр хөл нүцгэн гүйдэг үзэгдэл дээр хиймэл хөл ашигласан байна.

КИНОНЫ ЗОХИОЛ

Зохиолч John Hughes “Home Alone” киноны зохиолыг ердөө аравхан өдрийн дотор бичиж байжээ. Тэрээр нэгэн удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт аялалд явахад “Хэрвээ хүүхдүүдийн маань нэг нь санамсаргүйгээр гэртээ үлдчихвэл яах бол?” хэмээн бодсоноор зохиол бичих санаа төрсөн гэдэг. Ийнхүү тэрээр аяллаасаа ирээд зохиолоо маш богино хугацаанд бичиж дуусгажээ. 

ЭХ ЗОХИОЛД ДУРДАГДААГҮЙ ДҮР

Киноны эх зохиолд чимэг дүрүүдийн нэг болох хөгшин эр Marley-гийн дүр огт бичигдээгүй байдаг. Харин найруулагч Chris Columbus кинонд илүү сэтгэл хөдөлгөсөн, гэр бүлийн хайр халамжийг харуулсан үзэгдлүүдийг нэмэхийн тулд түүний дүрийг санаачилжээ.

“ANGELS WITH FILTHY SOULS”

Kevin-ий үзэх дуртай “Angels with Filthy Souls” хэмээх кино нь угтаа бүрэн хэмжээний кино бус, зөвхөн “Home Alone” киноны зураг авалтад зориулан бүтээгдсэн бичлэг аж. 

ВИДЕО ТОГЛООМ

“Home Alone” тухайн үедээ багагүй амжилттай байсан тул видео тоглоом нь ч мөн бүтээгдэж байв. Хэдийгээр тус тоглоом төдийлөн нэрд хүрч чадаагүй ч үнэхээр сонирхолтой тоглоом байсан гэдэг. 

DONALD TRUMP

“Home Alone 2” (1992) киноны зочид буудал доторх хэсэгт АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Donald Trump үзэгдээд өнгөрдөг. Кино багийнхан тухайн үед Trump-ийн эзэмшдэг байсан "The Plaza" зочид буудалд зураг авалтаа хийхээр зөвшөөрөл хүсэхэд тэрээр зөвшөөрч, хариуд нь киноны аль нэг хэсэгт гаргаж өгөхийг хүссэн байдаг. 

ОНГОЦНЫ ТАСАЛБАР

Та киног үзэж байхдаа “Kevin-ий онгоцны тасалбар ер нь яасан юм бол?” хэмээн бодож байсан уу? Тэгвэл ийм зүйл тохиолдож байжээ.

Ийнхүү нийтлэлийн төгсгөлд киноны хамгийн алдартай хэсгээс хүргэж байна.

Эх сурвалж: Bored Panda

#Бидний мэдэхгүй баримтууд #Home Alone