Зориг сангийн гүйцэтгэх захирал М.Маралмаа: ТӨГС эсээнүүд хамгийн ЭНГИЙН байдаг


YOLO.mn | YOLO.MN
2020-08-03

Зориг сангийн гүйцэтгэх захирал М.Маралмаа оюутан залуучуудад зориулан тэтгэлэгт материал явуулахад юунд анхаарвал зохимжтой тухай үнэтэй зөвлөгөө өгснийг хүлээн авна уу.


YOLOТа бидэнд өөрийгөө танилцуулаач.

- Би Зориг санд хөтөлбөрийн зохицуулагчаар 3 жил ажилласан. Урьд нь бол маркетингийн чиглэлээр ажиллаж байсан. Харин одоо залуучуудад зориулсан төрийн бус байгууллагад ажиллаж тэдэнтэй хамтран ажиллаж, хөгжихөд нь дэм болдог учраас сэтгэл хангалуун байдаг.

YOLOОюутан залуусын дунд Зориг сангийн тэтгэлэг маш алдартай байдаг шүү дээ. Тэтгэлгийн өргөдлийн материал гаргахад тэдний гаргадаг алдаанууд юу юм бол?

1. Цагийг нь тулгах – Жишээлбэл аравдугаар сарын 1-ний оройн 00:00 цагт хугацаа нь дуусах тэтгэлэг байлаа гэхэд нийт өргөдлийн тал нь 11 цаг 59 минутад орж ирдэг. Эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр оюутнууд маань цагийг нь тулгаж, "болно доо" гэж явсаар сүүлдээ цагтаа баригдаж сандраад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Энэ алдаа нь цааш цаашдын шатанд тэнцэх магадлалыг багасгана.

2. Хайнга байдал – Бид өргөдлийн үг үсэг болгоноос тухайн хүний талаарх сэтгэгдэл, мэдээллийг авч байдаг. Үг үсгийн алдаатай, эсвэл гар утсаар латинаар бөглөсөн гэх мэт сэтгэл гаргаагүй үйлдлүүд нь тэр хүнийг манай тэтгэлэгт чин үнэнээсээ хамрагдах хүсэлгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Аливаа зүйлд сэтгэлээ бүрэн зориулж, өөрийгөө 100 хувь илэрхийлж чадахуйц CV, анкетыг явуулж байгаарай

3. Эсээ дээр ажиглагддаг алдаанууд – Ардчилал гэж чиний бодлоор юу вэ? гэсэн асуултад сурах бичиг дээр байдаг онол, тодорхойлолтуудыг хуулаад биччихдэг. Бид чиний бодлоор юу вэ? гэж асууж байгаа тохиолдолд чиний бодол л сонин гэсэн үг. Тухайн хүмүүс эсээний асуултыг уншаад, чамаас юу мэдмээр байгаа тухайн зүйлдээ л хариулж, хамгийн гол нь өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Чиний түүх юу вэ гэдгийг бид тэндээс унших ёстой. Өөрийнхөө түүхийг, өөрийгөө яагаад онцлог вэ гэдгийг бидэнд гаргаж чадахгүй бол бас нэг алдаа болно.


YOLOТэтгэлгийн материал шүүхэд хамгийн сэтгэлд нийцсэн жишээнүүд ямар байдаг вэ?

- Хамгийн төгс жишээнүүд хамгийн энгийн байдаг. Хэтэрхий гоёж чамирхсан, уран цэцэн үгтэй эсээнүүдээс илүү жирийн, өөрийнхөө нэг өдрийн тухай ч юм уу, бараг хичээлдээ явсан тухайгаа бичсэн, гэхдээ тэрийгээ өөрийнхөө амьдралтай уялдуулж чадсан тийм эсээнүүд бидэнд хамгийн их үлдэж, тэр хүнийг танихад тусалдаг. Гоё сайхан уран чимэг гэхээс илүү шударга, энгийн, ойлгомжтой байх зарчмыг баримтлах хэрэгтэй

YOLOТэр их өргөдлийг хүлээж авж байгаа арын албаныхан хэрхэн ажилладаг нь бидэнд сонирхолтой байна.

- Цаг дуусаад бид өргөдөл хүлээж авахаа зогсоонгуут утас тасралтгүй дуугарч эхэлдэг. Миний өргөдөл очиж уу? Танай систем чинь гацаад байна гэх мэтээр маш их асуулт ирж, зарим нь бүр загнадаг. 1 сар, 3 долоо хоног нээлттэй байсан гэж хариулдаг. Тэр хугацаанд яагаад явуулж болоогүй юм бэ? Шударга байх үүднээс хугацаа өнгөрсөн бол бид таны материалыг авахгүй гэсэн хариултыг өгдөг. Үүний дараа бид материалаа хувааж аваад, уншаад оноо өгч жагсаадаг. Тухайн хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан оноо өгөх систем өөр өөр. Үүнээс хамгийн дээр гарч ирсэн 60-аас 70 оюутан, зарим хөтөлбөрт 100-аас дээш оюутан ярилцлагад дууддаг. Дараа нь эцсийн шийдвэр гардаг.

YOLOТэтгэлэгт ярилцлагын шатанд ямар гол шалгуурыг авч үзэн тухайн оюутныг тэнцүүлдэг юм бол?

- Тэтгэлгийн хувьд бол бид санхүүгийн чадварыг харна. Тухайн хүн төлбөрөө өөрөө хийх боломжтой бол бид санхүүгийн тусламж арай хэрэгтэй байгаа хэн нэгэнд нь өгөхийг зорино. Мөн өөрийгөө илэрхийлж буй байдлыг харна. Заавал нээлттэй байх албагүй. Хүн өөрийгөө зөвөөр ойлгуулж чаддаг байх хэрэгтэй. Үүнээс гадна тухайн хүний бичсэн эсээ, материалаас бид дэлгэрүүлэн асууна. Энэ тохиолдолд бичсэн зүйлээ хэрхэн сайн мэдэж байна вэ гэдгийг тодруулна. Ийм шалгууруудыг бид авч үздэг.


YOLOТаны цагийн хуваарь ямар байдаг вэ?

- Ажлын цаг 17 цагт дуусдаг. Харин залуучуудад зориулсан хөтөлбөр маань ажлын бус цагаар бол орой 8, 9 хүртэл ажил дээрээ суух тохиолдол байдаг. Зарим амралтын өдрүүдээр сургалтууд маань орох бол залуучуудаа дагуулаад хөтөлбөрийн зохицуулагч учраас бүх зүйл дээр биечлэн оролцох ёстой байдаг. Тэгэхээр янз бүр хуваарьтай.

YOLOНийт залуучууддаа юу гэж уриалмаар байна.

- Үзээд алд гэж хэлмээр байна. Үгүй гэдэг үгийг сонсох айдсаасаа болж залуучууд маань маш их боломжийг алддаг. Боломж байгаа бол түүнийгээ ашигла. Боломжоо бүү алд гэж хэлмээр байна.

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа smiley

Зориг сангийн хөтөлбөрүүдийн талаар мэдээллүүдийг ЭНД дарж авна уу.

#Scholarship #Зориг Сан