Спортын ертөнцөд: Реал Мадрид клуб Испанийн лигийн аваргаар тодорлоо


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-22

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

РЕАЛ МАДРИД КЛУБ ИСПАНИЙН ЛИГИЙН АВАРГААР ТОДОРЛОО

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр Испанийн Ла лигийн 37-р тойргийн тоглолтууд явагдсан бөгөөд энэхүү тойрогт Реал Мадрид клуб лигийн аварга болох болзлоо хангалаа.

37-р тойрогт Реал Мадрид клуб Виллериал клубтэй учраа тааран тоглосон бөгөөд Карим Бенземагийн оруулсан 2 гоолоор Виллериал клубийг 2:1-ийн харьцаатайгаар хожсоноор нийт 86 оноотой болсон юм. Ингэснээр тэд хоёрдугаар байрт байсан Барселона клубээс 7 оноо илүү болж эцсийн тойргийн үр дүнгээс үл шалтгаалан 2019-2020 оны Испанийн лигийн аваргаар шалгарч байна.

Реал Мадрид клуб ийнхүү 34 дэх удаагаа Ла лигийн аваргаар тодорсноор өөрсдийн хамгийн олон түрүүлсэн рекордоо дахин нэгээр нэмсэн нь энэ юм. Тэд хамгийн сүүлд 2016-2017 оны улиралд Ла лигийн аваргаар тодорч байсан билээ.

АРСЕНАЛ БОЛОН ЧЕЛСИ КЛУБҮҮД “FA CUP”-ЫН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хөлбөмбөгийн хамгийн олон жилийн түүхтэй тэмцээн болох “FA Cup”-ын хагас шигшээ тоглолтууд явагдаж өнгөрлөө. Хагас шигшээд Арсенал клуб Манчестер Сититэй учраа таарсан бол Манчестер Юнайтед Челситэй тоглохоор болсон билээ.

Арсенал болон Манчестер Сити клубүүдийн тоглолт 2:0-ийн харьцаатайгаар Арсеналын давамгайллаар өндөрлөсөн бол Челси клуб 3:1-ийн харьцаатайгаар Манчестер Юнайтедийг буулган авлаа. Ингэснээр 139 дэх удаагийн “FA Cup”-ын шигшээ тоглолтод Лондон хотын 2 баг тоглохоор боллоо. Финалын тоглолт наймдугаар сарын 1-ний өдөр Лондон хот дахь Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр явагдах юм.

ЛЬЮИС ХАМИЛТОН МИХАЙЛ ШУМАХЕРТЭЙ ЭН ТЭНЦЛЭЭ

“Формула 1” уралдааны 2020 оны улирлын 3 дахь Гран при тэмцээн долдугаар сарын 19-нд болж өнгөрлөө. Унгар улсад болсон тус Гран при тэмцээнд Мерседес багийн нисгэгч, дэлхийн 6 удаагийн аварга Льюис Хамилтон түрүүлснээр нэг Гран при тэмцээнд хамгийн олон түрүүлсэн гэх амжилтыг “Формула 1” уралдааны бүх цаг үеийн хамгийн шилдэг нисгэгч Михайл Шумахерын хамтаар эзэмшиж эхэллээ.

Дэлхийн 7 удаагийн аварга Михайл Шумахер Францын Гран при тэмцээнд 8 удаа түрүүлж байсан бол англи нисгэгч маань энэ жилийн Унгарын Гран при тэмцээнд түрүүлснээр ижил амжилтын эзэн боллоо. Льюис Хамилтоны хувьд анх 2007 онд буюу “Формула 1”-ын карьерынхаа эхний жилдээ Унгарын Гран прид түрүүлж байсан бөгөөд Унгарт 14 удаа уралдахдаа 8 удаа түрүүлээд байгаа юм. Харин Михайл Шумахерийн хувьд 15 удаа Францын Гран прид оролцож байсан билээ.

Унгар улсад болсон Гран при тэмцээнд Льюис Хамилтон түрүүлснээр 26 оноог өөрийн болгож нийт 63 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин түүний багийн хамтрагч Валттери Боттас энэхүү Гран при тэмцээнд гуравдугаар байрт шалгарснаар 15 оноо авч, нийт 58 оноотойгоор удаалж байна. Ред Булл багийн нисгэгч Макс Ферстаппен 33 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийн гуравдугаарт жагсаж байгаа юм.

“PERFECT WORLD ASIA LEAGUE SUMMER 2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Counter-Strike: Global Offensive (CS:GO) тоглоомын энэ онд зохиогдох “ESL One: Rio 2020” мажорт Ази бүсийг төлөөлөн оролцох цорын ганц багийг тодруулах “Perfect World Asia League Summer 2020” тэмцээн зургаадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн бүтэн сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр өндөрлөлөө.

“Perfect World Asia League Summer 2020” нь RMR онооны системээр зохион байгуулагдсан энэ оны хоёр дахь тэмцээн бөгөөд 10 багийн дунд лигийн зарчмаар явагдсан билээ. Баг бүр бусад 9 багтайгаа тойргийн журмаар тоглолт хийсний эцэст хамгийн олон хожил байгуулж чадсан 8 баг нь плэйоффийн шатанд шалгарах бөгөөд плэйоффт шалгарсан багууд шууд хасагдах зарчмаар тоглон аваргаа тодруулсан юм. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн “ESL One: Road to Rio – Asia” тэмцээний аварга TIGER болон Mazaalai, D13 багууд өрсөлдөж тэмцээнээ маш амжилттайгаар дуусгалаа.

Mazaalai багийн хувьд 10-р байрт шалгаран 2000 ам.долларыг өөрсдийн болгож чадсан бол TIGER болон D13 багууд маань 5-аас 8-р байрт шалгаран 6000 ам.доллар, 1312.5 RMR оноотойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тэмцээнд БНХАУ-ын шилдэг багуудын нэг болох TYLOO түрүүлснээр 25000 ам.доллар, 2000 RMR оноог өөрсдийн болгож, нийт 3500 RMR оноотойгоор Азийн бүсийг тэргүүлж эхэллээ. Харин манай улсын TIGER баг 2912.5 оноотойгоор гуравдугаарт байрт, D13 баг 2130 оноотойгоор тавдугаар байрт, Mazaalai баг 920 оноотойгоор есдүгээр байрт жагсаж байна.

АНДРЕ ШЮРРЛЕ ИХ СПОРТООСОО ЗОДОГ ТАЙЛЛАА

Германы шигшээ баг болон Боруссиа Дортмунд клубийн жигүүрийн тоглогч Андре Шюррле энэ улирлыг дуусгаад их спортоосоо зодог тайлах болсноо мэдэгдлээ. Тэрбээр 2014 онд дэлхийн аварга болох Германы шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан билээ. Өдгөө 29 настай жигүүр маань 2019-2020 оны улиралд ОХУ-ын Спартак Москва багт зээлээр тоглож байсан бөгөөд 18 тоглолт хийн 2 гоол оруулаад байсан юм. Ийнхүү Андре Шюррлегийн хөлбөмбөгийн карьер эцэс боллоо.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN, HLTV

#Спортын ертөнцөд