ЗАХИДАЛ: Нэгдүгээр сарын захидлын хариу


ССҮТөв | YOLO.MN
2020-01-24

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би яаж найзтай болох вэ?

Сайн байна уу?Би 16 настай ч ганц ч найзгүй. Хэн нэгэнтэй найзлах гэхээр бүгд л надад дургүйлхэж, онцгүй ханддаг. Үгээр доромжилж элдвээр гоочлох бол байх л зүйл. Хөөрхөн, гоё биетэй, өндөр, хичээлдээ сайн зэрэг ямар ч давуу тал надад байхгүй. Тийм учраас л тэд надтай онцгүй харьцдаг байх. Ганцаараа сууж, ганцаараа хоолоо идэж, ганцаараа гэртээ харьдаг.

Сургалтад явахаар хүүхдүүд надтай зүгээр л харьцдаг. Гэхдээ үргэлж ангийнхандаа гоочлогдож байх үнэхээр хэцүү. Бусад хүүхдүүдийг найзуудтайгаа хөгжилдөж, инээлдэж, хамтдаа байхыг нь хараад их атаархдаг. Би яаж найзтай болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Анги хамт олон амьдралын нэг хэсэг болохоос амьдрал биш. 

Сайн байна уу? Захиа бичсэнд баярлалаа. Үргэлж, дандаа, байнга, бүгд, ямар ч гэсэн үг орсон бодлууд ихэвчлэн өөр өөртөө хэтрүүлэн бодсон бодлын алдаа байдаг. Сөрөг таагүй үйл явдлын талаар бодох үед бидний тархи сөрөг зүйлсийг түлхүү хардаг. “Бүгд чамд муухай ханддаг, үргэлж ангийнхандаа гоочлогдож байна, надад давуу тал байдаггүй” - Захиаг чинь унших үед сөрөг бодлууд чамд ихээхэн давамгайлсан гэдэг нь харагдлаа. Бид заавал төгс нэгэн байх шаардлага байхгүй, боломжгүй. Бусад хүмүүст би таалагдахгүй байна гэхээс илүү би өөртөө яаж таалагдах вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай.

Өөрийгөө хөгжүүлэх гэсэн, өөртөө итгэлтэй хүмүүс рүү бусад хүмүүс татагддаг. Тиймээс өөртөө сэтгэл хангалуун байх талаас буюу найзтай болоход биш өөрийгөө хөгжүүлэхэд төвлөрөөрэй. Мөн анги хамт олон бол чиний амьдралын нэгээхэн хэсэг болохоос биш чиний амьдрал биш юм. Сургуулиас гадна нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир


АСУУДАЛ: Хамгийн сайн найзад минь сайн болчихсон болохоор одоо найзтайгаа ч харилцаагүй байдаг.

Сайн байна уу, Yolo.mn? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 15 настай. Одоогоос 2 жилийн өмнө хуучин найз хөвгүүнтэйгээ үерхэж байсан юм. Өмнө нь 1 хөвгүүнтэй үерхэж байсан ч сүүлд үерхсэн хөвгүүн маань л анхны хайр байсан гэх үү дээ. Анх удаагаа л эсрэг хүйстнийхээ хүүхдэд үнсүүлж, тэврүүлж үзсэн. Тиймдээ ч одоо түүнийг мартаж чадахгүй байна.

Гэхдээ тэр миний бага байхаасаа найзалж ирсэн хамгийн сайн найзад минь сайн болчихсон. Найз минь намайг хэнээс ч илүү сайн мэдэх учраас найз хөвгүүн маань надтай хэрэлдсэн үед яах учраа мэдэхгүй болохоор найзаас минь намайг асуусаар байгаад сайн болчихсон юм шиг байна лээ. Нэг зун хөдөө яваад ирсэн чинь тэр хоёр бараг л үерхэх хэмжээний дотно болчихсон байсан. Хичээл ороод нэг их удалгүй тэр хоёрыг уулздаг болсон гэдгийг нь мэдээд байхад л надаас нуугаад байхаар нь найздаа их гомдсон болохоор одоо ч харьцдаггүй. Уг нь тайлбарлаад хэлсэн бол ойлгох л байсан.

Одоо тэр хоёр үерхдэггүй ч дотно харьцаатай. Заримдаа манай хуучин найз хөвгүүн чатаар юм бичихээр нь их догдолдог ч бичихээ больчихоор нь их шаналдаг. Яагаад ч юм хэлсэн гуйсан болгоныг нь биелүүлдэг. Би яавал түүнийг мартах вэ? Өөр зүйлд анхаарлаа хандуулах гэж хичээсэн ч унтахын өмнө бодогдоод, хааяа бүр зүүдэлдэг. Уг нь би одоо гадаадад, тэр минь Монголд байгаа хэрнээ л мартаж чадахгүй 2 жил болжээ. Зөндөө олон гоё дурсамжтай болохоор тэгдэг юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Хүлээн зөвшөөрөөд сурчих юм бол амьдрал илүү хялбар болно. 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Марталт гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа бидэнд сайхан мэдрэмж өгч байсан хүнийг мартах бүр ч амаргүй. Түүний заавал мартах гэхээсээ илүү сайхан дурсамж бий болгож өгсөнд нь талархаад одоо байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Бид хэн нэгний өмч биш. Хүн хэнтэй харилцах, харилцахгүй гэдгээ шийдэх бүрэн эрхтэй тул түүний сонголтыг ч мөн хүндлээрэй. Үнэхээр хэцүү байгаад байгаа бол өөрийн мэдрэмжийг нуухаас илүүтэйгээр ил гаргаж байгаарай. Чам руу юм бичиж байгаа бол санаа зовохгүйгээр хариулж, бичихгүй байгаа бол энэ ч түүний сонголт гэдгийг ойлгоорой. Зарим нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэцүү гэсэн ч хүлээн зөвшөөрөөд сурах юм бол амьдрал илүү хялбар болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач 
М. Анир


АСУУДАЛ: Гэрээсээ гарахгүй намайг ойлгох, тусалж дэмжих хүн байхгүй болохоор энэ байдлаасаа салмаар байгаа ч...

Сайн байна уу? Би 26 настай. Одоогоор ажилгүй гэртээ байдаг. Чөлөөт цагаараа ном уншдаг ч өөрийгөө өөрчилж чадахгүй юм. Эргэн тойрны найз нөхөд маань гадуур гарах болохоороо л над руу залгадаг. Энэ найзуудаасаа зайгаа барихаар ганцаараа үлдчих юм. Найз залуутай болох гэхээр хүүхэдтэй хүнтэй хэн ч үерхэхгүй. Гэрээсээ гарахгүй намайг ойлгох, тусалж дэмжих хүн байхгүй болохоор энэ байдлаасаа салмаар байгаа ч яаж салахаа мэдэхгүй, зөвлөөд заагаад өгөх найз ч байхгүй. Хүнтэй үерхэхээр түр зуурын харилцаа л болж хувирдаг. Хэрхэн өөрийгөө өөрчилж энэ байдлаасаа гарах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Төсөөлж чадаж байгаа бол хийж чадна. 

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө өөрчлөхийг хүсч байгааг нь ойлгосон ч яг ямар хүн болмоор байгаагаа дэлгэрэнгүй бичээд үзээрэй. Тэгээд нүдэндээ харагдтал төсөөлөөрэй. Төсөөлж чадаж байгаа бол хийж чадна гэсэн үг. Мөн түүндээ хүрэх жижиг алхмуудыг буюу би юу хийж чадах вэ гэдгээ доор нь жагсааж бичээрэй. Харин ямар алхам хийхээ мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол ганцаарчлан сэтгэл зүйчтэй уулзаж болох юм. "Сайхан" сэтгэл сэтгэл зүйн төв дээр үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тэндээс тусламж хүсээрэй. Сэтгэл зүйчтэй хамтдаа ярилцах юм бол та юу хүсээд байгаагаа бас юу хийх хэрэгтэйгээ илүү тодорхой ойлгох болов уу? Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач 
Д. Буяндэлгэр


АСУУДАЛ: Цалин өндөр, эрэлттэй мэргэжил байвал би өөрөө хичээж чадна. 

Сайн байна уу? Би одоо 9-р ангид сурдаг. 14 настай. Би анги дундаа онц сурдаг хүүхдүүдийн нэг ч англи хэлний хичээлдээ тааруу юм шиг санагддаг. Энэ жил анги хуваагдана. Би химийн гүнзгийрүүлсэн ангид орох уу, нийгмийн ухааны ангид орох уу гэдгээ мэдэхгүй байна. Химийн чиглэлээр явъя гээд эрэлттэй мэргэжлүүдийг харахаар бүгд л байгалийн ухаантай холбогдолтой. Химийн гүнзгийрүүлсэн хичээлд явж үзсэн чинь жирийн хичээл дээр үздэгээс хамаагүй хэцүү зүйл ордог юм байна лээ. Багшийнхаа заасныг дутуу ойлгоод нэг л болж өгдөггүй.

Харин нийгмийн ухааны чиглэлээр явъя гэхээр болохгүй юм ч байхгүй л дээ. Би ярих, илтгэх тал дээр сайн. Олон хүний өмнө гараад сандардаггүй. Англи хэлнээс бусад хичээлдээ жигд сайн болохоор сонгоход хэцүү байна. Мэргэжил сонголт насан туршийн сонголт болохоор маш их толгойгоо гашилгаж байна. Нийгмийн ухааны чиглэлээр явъя гэхээр өндөр цалинтай мэргэжил олдохгүй юм. Мөн дандаа л устаж үгүй болох мэргэжил байгаад байдаг. Мэргэжил сонголтын тухай 2,3 удаа сургалтад суусан ч сонгож чадахгүй юм. Google-ээс хайхаар дандаа л ойрын 3, 4 жилд эрэлттэй мэргэжил гарч ирээд байх юм. Миний эд ажиллах үед эрэлттэй байх мэргэжил олдохгүй байна.

Надад туслаач. Ирээдүйд нийгмийн ухаан, эсвэл химийн чиглэлийн алинаар нь явбал ямар мэргэжил эрэлттэй байхыг олоод өгөөч. Хүмүүс болохоор устах үгүй нь хамаагүй, өөрийнхөө дуртай чиглэлээр л яв гээд байна. Үнэхээр эрэлттэй байж чадвал би тухайн мэргэжлээр өөрийгөө бүрэн дайчлаад суралцаж чадах болохоор ирээдүйд хэрэгтэй гэсэн мэргэжлээ сонгох л чухал байна. Цалин өндөр, эрэлттэй л бол би хичээж чадна. Та бүхэн туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Одоо аль нь зөв санагдаж байна?

Сайн байна уу? Мэргэжил сонголт гэдэг чухал шийдвэрийг гаргах гээд их бодож, санааширч байгаа юм байна. Сэтгэл зүйч болон карьер зөвлөгч гэдэг нь хоёр тусдаа мэргэжлүүд юм. Сэтгэл зүйч нь хүний сэтгэл буюу бодол, мэдрэмжид үүсээд байгаа асуудлуудтай ажилладаг бол карьер зөвлөгч нь яг чиний хүсээд буй ямар мэргэжил сонгох, аль мэргэжил эрэлттэй байх зэрэг карьерийн зөвлөгөө өгдөг. Монголд карьер хөгжлийн төв гэж байдаг. Тэнд хандаж үзсэн үү?

Бидний хувьд карьер зөвлөгч биш учир тодорхой хэлж мэдэхгүй ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт манай улсад ч мөн нүүрлэж байна. Экологийн тэнцвэртэй байдал, нөхөн сэргээлт зэрэгтэй холбоотой мэргэжилтэн ирээдүйд эрэлттэй байх нь ямар ч хүнд ойлгомжтой байна. Ингэж бодвол химийн хичээл уг чиглэлтэй арай ойролцоо юм. Мөн хүн амьдралынхаа дунд, бүр сүүл хэсэгт ч мэргэжлээ солих, юу хийх хэрэгтэйгээ ойлгох явдал тохиолддог. Тиймээс чамд одоо аль нь зөв санагдаж байна гэдгээ бодож сонгоход хангалттай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Хий дэмий л crush-ийнхаа crush-ийг харж сууна.

Сайн байна уу? Би 16 настай. 4-р ангид байхаасаа хойш ангийн багшаасаа болоод өөртөө итгэх итгэлээ алдаад одоо надад ямар ч өөртөө итгэх итгэл алга. Анх 7-р ангид байхдаа дээд ангийн ахдаа сайн болоод үүнийгээ хэлж чадахгүй явсаар 4 жил өнгөрлөө. Гэвч намайг тоохгүй гэдгийг нь би мэдсээн. Тэр өндөр, туранхай, гоё инээмсэглэдэг, цагаан арьстай охидод дуртай гэсэн. Харин би шүдэндээ жоохон асуудалтай, аав бор болохоор би ч бас бор. Би өндөр биш, гэр бүлийн асуудалтай болохоор стрессдээд турж чадахгүй. Бас дунд сургуулийн сурагч байж турна гэж юу байх вэ дээ гэж өөртөө хэлсээр байгаад улам жин нэмээд л байна.

Аав маань дүүг аваад ээж бид хоёрыг хаяж яваад бараг 4, 5 жил өнгөрсөн байна. Дунд дүүтэйгээ 6 насны зөрүүтэй болохоор их хэрэлддэг. Ээж “Мөнгө байхгүй. Дараа бол” гэж хэлсээр байгаад одоо надад бусдаас илүү чаддаг зүйл огт байхгүй. Нэг ч хичээлдээ гойд сайн биш. Хөгжим, спорт, бүжиг, мэтгэлцээн гээд чаддаг зүйл ганц ч байхгүй. Хий дэмий л crush-ийнхаа crush-г харж атаархаж сууна.

Би бас тууштай, шаргуу нэгэн ч биш. Нэг зүйлийг үнэхээр хийх ёстой байлаа ч бодсоор байгаад хийж чаддаггүй. Үнэндээ би хэрхэн нэг зүйлдээ тогтвортой байж, хэрхэн crush-даа таалагдаж, хэрхэн залхуу зангаа хаях талаар зөвлөгөө авах гэсэн юм. Би өөртөө санаа зовохоос өөр хийж чадах зүйл алга. Надад эдгээр асуудлууд дээр минь зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүгдийг хийж чаддаг байх албагүй ч ямар нэгэн зүйл сонирхдог байх хэрэгтэй. 

Сайн уу? Бидэнд итгэн захиа бичиж байгаа чинь аль хэдийн өөрийнхөө төлөө нэг алхмыг хийгээд эхэлчихсэн байна гэсэн үг. Тиймээс би өөртэйгөө ярилцаж чадаж байна, сайн суралцаж байна гэж аливааг эерэгээр харах нь чухал шүү. Хүн аливаа зүйлсийн зөвхөн сөрөг талыг хараад ирэхээр их стрессдэж эхэлдэг. Магадгүй чи захиандаа бичээгүй ч чамд сайн, эерэг талууд байж л байгаа. Тэдгээрийгээ өөртөө сануулаарай. Чи бусдыг өөртөө татахын тулд эхлээд өөрөө өөртөө татагдах хэрэгтэй болно. Чи өөртөө дургүй байвал хэн ч чамайг үнэлэхгүй.

Аливаа зүйлийг хийж эхлүүлж чадахгүй байна гэдэг нь тэр зүйлийг хийхээсээ айж байна гэсэн үг. Алдаж ч болно, буруу хийж ч болно, хүмүүс шоолж ч болно. Гэхдээ би зүгээр л хиймээр байна гэсэн бодлыг өөртөө суулгачихвал юу ч хийхээс айхаа болино. Мөн заавал үнэ төлбөртэй дугуйлан секц гэхгүйгээр өөрөө бие даан суралцах боломжтой зүйлс бий. Жишээ нь жингээ хаях тал дээр интернетэд олон хоолны үнэгүй дэглэм, дасгал, амьдралын хэв маягийн зааварчилгаанууд байдаг. Тэндээс өөрийн хэрэгжүүлж болохыг сонгоод заавал хийгээрэй. Хүн бүгдийг хийж чаддаг байх албагүй ч ямар нэгэн зүйл сонирхдог, хийдэг байх хэрэгтэй. Өөрийнхөө сонирхлыг олж хийж эхэлнэ гэж итгэж байна. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Д. Буяндэлгэр


АСУУДАЛ: Би тоглоом тоголдоггүй болохоор яаж найзлахаа мэдэхгүй байна. 

Сайн байна уу? Би 15 настай. Би нэг хүүхэдтэй найз болохыг хүсдэг. Түүнтэй нэг л зүйлээрээ адилхан. Гэхдээ тэр өөр ангийнх. Би програм хангамж, тэр хүүхэд E-Sport сонирхдог. Би тоглоом тоглодоггүй болохоор яаж найз болохоо мэддэггүй ээ. Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Харилцах эхний алхмыг чи хийсэн нь дээр. 

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Та хоёрын хооронд харилцаа холбоо үүсч эхлээгүй байна гэж ойлголоо. Иймд харилцах эхний алхмаа чи хийх хэрэгтэй. Чатаар ямар нэгэн зүйл бичих, эсвэл найзын хүрээллээр дамжуулан харилцах оролдлого хийсэн нь дээр. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Д. Буяндэлгэр


АСУУДАЛ: Би хичээлдээ улам муу болж байгаагаа мэдэрч байна. 

Сайн байна уу? Би 15 настай. Би сургуулийнхаа зарим багш нарт дургүй. Уг нь ийм байгаагүй л дээ. Хичээлээ их давтдаг, хичээлдээ сайн байсан. Одоо хичээлээ огт хиймээргүй санагдаж, сургуульдаа явах дургүй болчихлоо. Сургуулиа солих гэхээр аав ээж зөвшөөрөхгүй. Бас зарим нэг багш нар солигдоод үнэхээр ядаргаатай байна. Би хичээлдээ улам муу болж байгаагаа мэдэрч байгаа ч засч чадахгүй болохоор үнэхээр хэцүү юм. Энэ тал дээр их санаа зовж байна. Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хичээлээ сайн хийх чинь цаашид хүссэн мэргэжлээрээ сурахын төлөө биш гэж үү? 

Сайн байна уу? Багш нар нь солигдоод, тэр нь чамд таалагдаагүй учраас хичээлээ хийх дургүй болчихсон гэж ойлголоо. Шинэ багш нарынх нь яг юу нь таалагдахгүй байна вэ? Хэрвээ чамайг үг хэлээр доромжлох, биед чинь зөвшөөрөлгүй хүрэх, цохих гэх мэт үйлдэл хийж байвал эцэг эхдээ хэлж дараагийн арга хэмжээг авч болно. Хэрвээ тийм биш бол шинэ багш нартаа дасч, хүлээн зөвшөөрөх гээд үзвэл ямар вэ?

Тэгээд ч чиний хичээлээ сайн хийх, онц сурах чинь багштайгаа сайхан харилцаатай байхын төлөө бус цаашид хүссэн мэргэжлээрээ суралцаж дуртай ажлаа хийхийн төлөө биш гэж үү? Магадгүй шинэ багшийн заах арга барил өөр, түүнээс болоод чи хичээлээ ойлгохгүй байгаа бол өөрөө сурах, бусад хүүхдүүдээр заалгах, багшаасаа давтлага авах гэх мэт аргуудыг хэрэглээд үзээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Тэгээд л үе үе ууж эхэлсэн.

Сайн байна уу? Би одоо 16 настай. Би яг үнэндээ бусадтай харьцаж ярилцаж чаддаггүй. Багаасаа хүнтэй ярьж байгаагүй учраас ийм байдаг байх. Ээж байнга л намайг загнаж зоддог. Намайг зүгээр байж байхад л ээж “Юундаа уурлаад байгаа юм? Юундаа амандаа үглээд байгаа юм?” гээд л загнаж эхэлдэг. Энэ нь үнэхээр дарамттай байдаг. Би гаднаа бол энгийн л хүүхэд. Гэхдээ дотроо үнэхээр их шаналал зовлон тээдэг. Би нэг удаа пиво ууж үзсэн. Амт нь гашуун, сонин амттай ч яг үйлчлээд ирэхээрээ дотор байгаа муухай зүйлс бодогдохгүй, сайхан болж эхэлдэг. Тэгээд л үе үе ууж эхэлсэн. Гэрийнхэн маань мэдэхгүй л дээ.

Заримдаа хэцүү үедээ амиа хорлох талаар боддог. Ганц удаа ч биш, байн байн ингэж боддог. Яагаад ч юм муу бүхэн рүү л татагдаад байгаа юм шиг санагдаж байна. Би хойд аавтай, бас нэг дүүтэй. Бид өөр эцгийн хүүхдүүд ч заримдаа түүнд юм хэлэхээр “Та миний эгч биш байж яагаад надад заагаад байгаа юм?” гэж уурладаг. Ингэхээр миний зүрх урагдаж, тархи задарч байгаа юм шиг л өвддөг. Би эдгээр асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй юм. Сэтгэл зүйч дээр очих гэхээр мөнгө нэхэх болов уу гэж бодоод очиж чаддаггүй. Уг нь сэтгэл зүйч дээр очоод дотор байгаа бүхнээ бага багаар хэлмээр байна. Найзууддаа хэлэхээр намайг ойлгодоггүй. Ингээд л бодохоор нулимс минь бага багаар асгарч байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хорт зуршил хэрэглэх нь зөв алхам биш шүү дээ.

Сайн уу, охин минь? Хэдийгээр эдгээрийг туулж яваа ч чи өнөөдөр зарим хүмүүсийг бодоход өмсөх хувцастай, идэх хоолтой, загнадаг ч гэсэн дуудах ээжтэй явна шүү дээ. Энэ чинь ямар их аз гээч? Чи хорвоо дэлхий дээр орь ганцаараа биш юм байна гэдгээ алхам бүртээ мэдэрч, асуудлаа даваад гарах зориг, хүчийг өөртөө суулгах хэрэгтэй болов уу? Чи үнэхээр гэр бүлдээ хайртай, тэднийг хайрлаж бас хайрлуулмаар байгаа бол хорт зуршил хэрэглэх чинь зөв алхам биш шүү дээ. Хэлмээр байгаа үгсээ мөн хиймээр байгаа зүйлсээ баярлаж явдгаас гомдож явсан хүртлээ бичээд гэр бүлийн гишүүд бүртээ гарчигласан захиаг өгөөд үзвэл яасан юм бэ?

Мөн гэр бүл дэх өөрийн оролцоогоо нэмэгдүүлээд үзэх ч хэрэгтэй болов уу? Орой болгон ээжийгээ хоол хийхэд нь туслах, эсвэл хоолны дараа гэр цэвэрлэхэд нь туслах ч юм уу, дүүтэйгээ хамт хичээлдээ явж туслалцаа хэрэгтэй үед дэргэд нь хань болох, аавдаа туслах зэргээр идэвхтэй, дотно уур амьсгалыг бүрдүүлээд үзээрэй. Магадгүй чи сэтгэлээр унаснаас болохгүй байгаа сөрөг зүйлсэд төвлөрөөд аав, ээж, дүүгийнхээ хийж байгаа сайн зүйлсийг харахгүй байгаа юм биш биз? Чи өөрөө ч мэдэлгүйгээр амандаа үглээд, уурлаад байдаг юм биш байгаа? Би юун дээрээ ажиллаж юугаа сайжруулах гэдэг талаас нь бодоод үзвэл үр дүнтэй байдаг шүү. Хэрвээ чи оролдоод үзсэн ч сайжрахгүй байвал сэтгэл судлаачтай биеэр уулзаарай. "Сайхан" сэтгэл сэтгэл зүйн төв дээр үнэгүй зөвлөгөө өгдөг шүү. Бас ээж чинь чамд гар хүрээд, чи түүнээс айж хэнд хандахаа мэдэхгүй байдалд орвол хүүхдийн утас 108 руу залгаж болно гэдийг битгий мартаарай. Ирээдүй чинь чиний гарт шүү охин минь, амжилт!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
З. Намуундарь


АСУУДАЛ: Бусадтай харилцах гэхээр хэл ам урд хойноо орчихдог.

Сайн байна уу? Би 15 настай. Би ер нь их ичимхий, бүрэг хүүхэд л дээ. Багаасаа л ийм хүүхэд байсан. Үүнээсээ болоод бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй. Яагаад ч юм бүр цаанаасаа л болохгүй юм. Уг нь үүнийгээ эвдэх гэж их хичээдэг. Гэсэн ч хүссэнээр болохгүй юм. Бусадтай харилцах гэхээр хэл ам урд хойноо ороод орооцолдоод гацаа хүн болчихдог. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чи үүнийг давж чадахгүй бол өөр хэн чадна гэж? 

Сайн байна уу? Зарим алдартай, амжилттай яваа хүмүүс багадаа бүрэг ичимхий, хүнтэй юм ярихдаа сандардаг байсан гэдгийг мэдэх үү? Тэд өдөр бүр өөртэйгөө ажиллаж зарим нь өдөр бүр толины өмнө чанга дуугаар өөртөө бичвэр уншиж өгч, ном уншин үгийн баялгаа нэмж, толинд харж өөртэйгөө ярилцаж, эцэст нь бусадтай бага багаар ярилцаж сурсан байдаг. Тэгэхээр шүлэг зохиол унших, илтгэл мэтгэлцээний клубд явах ч юм уу, харилцан яриа сайн хийж өөрийгөө нээж болох шинэ дадлыг бий болгоод үзээрэй. Чи үүнийг давж чадахгүй бол өөр хэн чадна гэж? Бас хүмүүс чамайг юу гэж бодох талаар огт бүү санаа зов. Чи яримаар байгаа зүйлээ л ярь. Хүсэхгүй үедээ ярихгүй байсан ч болно. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
З. Намуундарь


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter