Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Хөтөлбөрт бакалавр, магистр, докторын зэргээр суралцах хүсэлтэй хүмүүс бүртгүүлэх бөгөөд нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл явагдана.

Тэтгэлэгт  хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх гэж буй иргэд хамрагдах боломжтой. Зарим Их, дээд сургуулийн мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үзнэ. Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.

Бүртгүүлэгчид “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар бүртгэлээ хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.  

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарснаар хүлээн авах боломжтой. 

#Тэтгэлэг #Турк