Амжилттай суралцахад юу саад болдог вэ?


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-10-14

Амжилтад хүрэхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү? Гэвч биднийг юу хойш нь татдаг гэдгийг бид мэдсээр байж хийсээр л байдаг шүү дээ. Их хачирхалтай. Миний хувьд одоогоор ЕБС-ийн 12-р ангид суралцдаг бөгөөд хэдхэн сарын дараа сургуулиа төгсөх гэж байна. Би сүрхий амжилтад хүрсэн нэгэн биш боловч өдийг хүртэл амьдарсан амьдрал руугаа өнгийн харж, зарим нэгэн алдаагаа ухаарч, бага ч болов зүйлсийг тунгаасан нэгэн юм болов уу хэмээн өөрийгөө дүгнэж байна. Өөрийн алдаан дээрээ дүгнэлт хийн бяцхан зөвлөгөө бэлдсэнийг минь хүлээн авна уу. angel

  • ЦАГИЙГ ХИЙ ХООСОН ӨНГӨРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

Эргээд харахад хэчнээн их цагийг хий хоосон зүйлд өнгөрүүлээ вэ? Тоглоом наадам хийж, зугаацаж явахын оронд 10 ширхэг англи үг нүдлээд суух минь яав даа хэмээн бодон сууна. Ирээдүйд тоглож сурсан тоглоом биш ярьж сурсан хэл, наргиж сурсан наадам биш насаараа чамайг тэжээх мэдлэг хэрэгтэй байдаг юм шүү. Бидэнд сул чөлөөт цаг үргэлж гардаг. Гадуур түгжрэлтэй байна гэж бусдын адил уурлах бус “Энэ цаг хугацааг хоосон өнгөрүүлэхгүй юм шүү” гэж өөртөө шивнээд мэдлэгийг бүтээ. Хуучин цагийг бодвол одоо үед том зузаан ном чирч явах шаардлагагүй болсон шүү дээ. Ашиглаж чадвал бид "ухаалаг" утсан дээрээс бүхий л төрлийн мэдээллийг авч болно. Жишээлбэл: "M+" нь монгол хэл дээр ном сэтгүүл уншиж, подкаст сонсох боломжтой апп юм. Өөр зөндөө олон үнэгүй ном бий. Та нарт л гэж хэлэхэд "Hippo Cards" хэмээх англи үгийг хялбар аргаар цээжлэх боломжийг олгосон цогц апп байдаг шүү. Үг яаж цээжлэх вэ гэж асуугаад онигоонд оров оо, хүүхдүүд ээ! Энэ бол ердөө л наад захын хэрэглүүр юм. Та бүхэн судалж мэдэж чадвал бүр ч олон төрлийн апп-ууд байгаа шүү. 

  • МЭРГЭЖЛЭЭ САЙТАР СУДЛА, БАТТАЙ СОНГО, САТААРАЛГҮЙ ХИЧЭЭ

Та мэргэжлээ хэдий чинээ эрт сонгоно, үеийнхнээсээ төдий чиний урд алхаж байна гэсэн үг. Хүн дуртай зүйлээ олж, тухайн мэргэжлээрээ суралцаж чадвал насаараа ажил хийхгүй амьдарна гэсэн үг байдаг. Зарим хүмүүс өөрийгөө яг юунд сонирхолтой вэ гэдгийг хэтэрхий сүүлд ойлгодог. Мөн заримынх нь хувьд ойлгосон ч хэтэрхий хожимдсон байх тал бий. Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн хугацаа, нэн ялангуяа сүүлийн 3 жил бол амьдралын хамгийн хариуцлагатай жилүүд юм. Боловсролын хөтөлбөр харин учир дутагдалтай мэт санагддаг. Миний бодлоор биднийг бага ангид байхад сонирхлыг минь нээн илрүүлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, дунд ангид нь амьдралд хэрэглэхүйц мэдлэгийг өгч, ахлах ангид нь сонгосон мэргэжилд нь тохирсон хичээлүүдийг заасан бол бидний ирээдүйд илүү хэрэгтэй байх байсан юм болов уу гэж боддог. Жишээлбэл чи тогооч болно хэмээн шийдсэн байхад математикийн логарифм, косинус, синус ямар хэрэгтэй юм бэ? Гэхдээ бид үүнийг өөрчилж чадахгүй болохоор одоогийн байдлаар дор дороо л хичээхээс өөр аргагүй. Тэгэхээр мэргэжлээ сайн судалж, хэрэгтэй хичээлүүддээ бэлдэх нь бидний хийж чадах цорын ганц зүйл болоод байна. 

  • БОСООД ЗҮТГЭ, ЭСВЭЛ БОДООД УНТ 

Одоо л хичээхгүй бол сайхан амьдрал толгойд чинь л үлдэнэ гэж сонсож байсан уу? Тийм ээ, энэ бол гашуун үнэн. Үеийнхэн маань ой тогтоолтын дэлхийн аварга болж, бичсэн номоо хэвлүүлж, НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавьж, дэлхийтэй өрсөлдөж байхад чи унтаж чадаж байна уу? Би лав чадахгүй. Нүдээ аниад нээх хооронд л надтай чацуу залуу дэлхийн рекорд эвдэж байхад нэг хором ч надад үнэтэй байна. Залуу минь, аймшигтай өрсөлдөөн чамайг чиглээд ирж байхад амар тайван хэвтэж байх хугацаа чамд байхгүй шүү. Яг одоо босоод ном унш, цаг хэд болж байгаа нь хамаагүй. Угаасаа цаг нь ирэхээр бид бүгд амрах болно.

  • БҮХИЙ Л ЗҮЙЛД ӨӨРИЙН ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭ

Бүхнийг оролдож үз. Бидэнд алдах зүйл үгүй. Тиймээс боломжийг эрж, бүх зүйлд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Сайн дурын ажил хий. Зөв хүрээлэлтэй болно. Олон хүнтэй танилцана. Нийгэмд эзлэх байр суурь чинь бэхжинэ. Санаачилгатай бай. Урсгалаараа явах бус, сөрж зүтгэ. Сайн дурын ажил хэрэггүй хэмээн боддог байсан үе саяхан. Харин одоо ядаж л гадаадад суралцахад таны сурлагаас гадна сайн дурын ажил хэр их хийсэн бэ гэдэг нь их чухал болсон байна шүү дээ. Ирээдүйн амьдралаа гэгээлгээр төсөөлдөг бол сайн дурын ажилд түлхүү оролцож, нийгэм, эргэн тойрон буй хүрээлэлдээ өөрийнхөө орон зайг үлдээгээрэй гэж зөвлөе.

  • ГЭГЭЭЛЭГ БАЙ

Бэрхшээл олон тулгарна. Шалгалтандаа унана, төлөвлөгөө бүтэлгүйтнэ, шүүмжлүүлнэ. Тэр болгонд сэтгэл санаагаар унах юм бол одоогийн байгаа байрнаасаа холдоно гэж саналтгүй. Бүтэлгүйтлийн дараа “За боль боль” гэж бууж өгөх биш, “Үүнээс сайн байж чадна” гэж өөртөө хэлж, толгой өөд үргэлжлүүлэн тэмцээрэй. Удаан ч гэсэн урагшаа алхах хэрэгтэй. Чи хичнээн хичээгээд ч үр дүн гарахгүй байж болно. Гэвч дараагийн боломж чамайг алгаа тосоод хүлээж байгаа шүү, итгээрэй. Ихэнх хүмүүс биеээр бус сэтгэл санаагаар унаснаасаа болоод эхэлсэн ажлаа дуусгаж чадалгүй орхидог. Харин чи “ихэнх хүмүүс” гэдэг тодотголд орохгүй юм байгаа биз дээ? 

Эцэст нь гэж хэлэхэд үргэлж л чамайг гэдэг гэр бүл, найз нөхөд, багш, ангийн хамт олондоо хайртай гэдгээ хэлж байгаарай. Тун удахгүй бид гэрэлт ирээдүйнхээ төлөө, алс холын нутагт эрдэм мэдлэг хуримтлуулахын төлөө тэднийгээ түр орхих шаардлага гарч магадгүй шүү дээ. Монгол улсын ирээдүй болсон гэрэлт үйлсийн эзэд, эрхэм найз нөхөд, хөөрхөн дүү нар минь... Ахлах сургуулиа төгсөх гэж буй найзынх нь, ахынх нь зүгээс бүгдэд нь амжилт хүсэж байна. Хамтдаа хичээцгээе! heart

#Зөвлөгөө #Хичээл #Амжилт