Бие даан суралцсаар 14 настайдаа IBT-ийн мэргэжилтэн болжээ


YOLO.mn | YOLO.MN
2018-08-20

Танмэй Бакши хэмээх хүү программ хангамж, хиймэл оюун ухаан төдийгүй энэ төрлийн ер бусын технологийн мэргэжилтэн. Тэрээр маш олон аппликэйшн хөгжүүлж, ном гаргаж, Финлянд, Шинэ Зеланд, Дани, Австрали зэрэг улс оронд болсон TEDx болон IBM Watson чуулганд илтгэл тавьсан билээ.

Хамгийн хачирхалтай нь тэрээр дөнгөж 14 настай.

Анх IBT-ийн анхааралд өртөхдөө тэр 11 настай байсан гэдэг. Тэгэхээр түүний технологийн салбарт өсөж хөгжсөн түүх бүр ч эрт байж таарна. Үе тэнгийнхэн нь легогоор юмуу айл гэр болж тоглож байхад таван настай Бакши код бичихэд суралцаж байв.

Түүний аав Пүнэт Бакши компьютерийн програмчнаар хэдэн жил ажилласан нэгэн. Аав Бакшиг код бичих зуур сониуч хүү нь харж байдаг байж л дээ.

Хүү CNBC-д өгсөн ярилцлагадаа “Компьютер аливааг хэрхэн хийдэг нь намайг үнэнхүү гайхшируулдаг байлаа. Үүний цаана юу буйг, юу компьютерийг ийм зүйл хий гэж хэлээд, хянаад байгааг мэдэхийг хүссэн” хэмээн өгүүлжээ.

Хүүгийнхээ сониуч байдалд сэтгэл хөдөлсөн аав нь түүнд програмчлал зааж эхлэв. Тэр цагаас хойш Бакши бие даан интернет хэрэглэж, програмчлалын ном унших болжээ.

Тэрээр долоон настайдаа YouTube дээр код хэрхэн бичих болон вэб хөгжүүлэлтийн заавар оруулдаг сувгаа нээлээ. Дүрс бичлэг оруулах тоолонд нь дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган асуулт ирдэг болов.

Энэ бүхэн түүнд хүмүүсийн програмчлал болон компьютерийн мэдлэг хангалтгүй байгааг ойлгуулсан тул YouTube сувгаараа 100 мянган хүүхэд болон эхлэн сурагчдад код бичиж сурахад нь туслах зорилт тавьсан байна. Одоо түүний дагагчийн тоо 200 мянга давжээ.

Бакши наймтайдаа iOS аппликэйшнийг хэрхэн хөгжүүлэхийг бие даан сурч, естэйдөө үржүүлэх үйлдлийг суралцахад зориулагдсан анхны аппликэйшнээ бүтээсэн нь Apple-ийн аппликэйшний жагсаалтад /Apple store/ багтжээ.

Цаг хугацаа өнгөрч Бакши програмчлалд сонирхолгүй болсон байна. Тэрээр: “Надад үргэлж л технологи маш хязгаарлагдмал санагдах болсон. Шинэ зүйл гарч ирлээ ч хоцрогдсон санагдаад байлаа” гэж хэлсэн удаатай.

Тэр 11 настайдаа шинэ шатанд гарлаа. YouTube сувагтаа дүрс бичлэг оруулж байгаад асуултанд хариулдаг IBM Watson машин Jeopardy-г хэрхэн тоглуулдаг тухай баримтат киног тохиолдлоор олж үзжээ.

Энэ нь түүний хувьд хиймэл оюун ухааны талаар анх удаа сонссон явдал байсан бөгөөд уйдааг нь тэр даруй арилгаж орхиж. Энэ тухайгаа дурсахдаа тэрээр “Тэр цагаас л би IBM Watson, хиймэл оюун ухаан хоёр луу шууд татагдсан” гэжээ.

Долоон хоногийн дотор тэрээр анхны Watson аппликэйшнээ бүтээсэн байна.  “Танмэйгээс асуу” /Ask Tanmay/ нэртэй уг аппликэйшн хүний асуултанд байж болох хамгийн оновчтой хариултыг хариу үйлдэл үзүүлэхээс нь өмнө өгч чаддаг.

Төд удалгүй тэрээр тухайн үед альфа хэл дээр бичигдсэн IBM-ийн хөрвүүлэгч үйлчилгээг олж мэджээ. Тус программын гол үүрэг нь PDF-ийг HTML болгон хөрвүүлэх зэргээр нэг хэлбэрийн файлыг нөгөө хэлбэрт шилжүүлэх үйлдэл байв. Тэрхүү программыг Бакши хэдэн минут ухаж төнхөж байгаад нэгэн алдаа олжээ. Энэ тухайгаа тэр програмчлалын вэбсайт болон өөрийн твиттер хуудаст бичсэний дараа IBM-ийн техникийн салбарынхан түүнтэй холбогдсон байна. Энэ тухай Бакши: “Тэр явдал маш их, бүр үнэхээр сэтгэл хөдлөм байсан. IBM-ийн энэ хүмүүс надтай холбогдлоо шүү дээ” гэж баярласан тухайгаа дурсжээ.

Түүнтэй холбогдсон хоёр хүн одоо зөвлөхүүд нь болж IBM-тэй хамтран ажиллахад нь тусалдаг болсон юм.

Тэр цагаас хойш технологийн аварга том байгууллага түүнд олон арга хэмжээнд үг хэлэх санал тавьж, боломжоор хангаж ирсэн байна. Тухайлбал телеконференсийн 25 мянган оролцогчийн өмнө гол илтгэгч болж, мөн Бенгал, Энэтхэг зэрэг оронд болсон IBM хөгжүүлэгчдийн хуралд 10 мянган хүний өмнө үг хэлжээ.

Тэрээр IBM-ийн үндсэн ажилтан биш. Учир нь эндээс цалинждаг бус, тус технологийн компанитай олон төсөл дээр хамтран ажилладаг юм.

Хиймэл оюун ухааны талаар бие даан гүн гүнзгий суралцсан энэхүү мэргэжилтэн тус компанийн хэд хэдэн ажлыг гайхалтай амжилтанд хүрэхэд сод чадвараараа голлох үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, түүний зөвлөх, IBM-ийн технологийн ахлах ажилтан Роб Хая хэлэхдээ “Тэр мэдлэгийг яг л хөвсгөр резин шиг сорж авдаг. Энэ нь түүнийг мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хиймэл оюун ухааны талаар суралцахад хөтөлдөг” хэмээн CNBC-гийн “Make it” нэвтрүүлэгт хэлжээ.

Тэд хамтдаа Фэйсбүүкийн лайваар олон удаагийн яриа хийсэн. Хамгийн сүүлд тэд “Хиймэл оюун ухааны ертөнц Бостонд” хэмээх яриа хийж хиймэл оюун ухааныг сошиал медиа аналитикт хэрхэн ашиглах талаар хэлэлцсэн байна. Хүү цаашид ч олон яриа өрнүүлэхийг тэсэн ядан хүлээж буйгаа хэлжээ. Мөн тэрээр “Би хиймэл оюун ухаанд үнэхээр дуртай. Бусадтай мэдлэгээ хуваалцах ч дуртай. Хэдийнэ хийчихсэн зүйлийнхээ тухай хуваалцаагүйгээс минь болж яагаад бусад хүн галыг дахин нээж, дугуйг дахин бүтээх ёстой гэж” хэмээжээ.

Хиймэл оюун ухааны талаарх түүний мэдлэг хэдийнэ алдар хүнд авчирчээ. Дубайд 2017 онд болсон “Knowledge Summit” дээр тавьсан илтгэлээрээ тэрээр Дубайн хаан Мохамед Бин Рашид Ал Мактум сангийн “Мэдлэгийн Элч” шагнал хүртсэн юм. Мөн тэрээр IBM Cloud-ийн аварга төдийгүй үүний зөвлөхөөр ажилладаг.

Гэхдээ Бакши зөвхөн конференци дамжин нисэж, алдар хүнд цуглуулахад цагаа зарцуулаад байдаггүй. Өсвөр насны энэ хүү бусдын амьдралыг сайжруулахын төлөө ч ажилладаг.

Эрүүл мэндийг сахин хамгаалах салбарыг сайжруулах нь хиймэл оюун ухааны үнэнхүү, хамгийн тохирсон салбар юм. 

Танмэй Бакши

 

Түүний хамгийн сүүлд гүйцэтгэсэн ажил нейрон сүлжээ, хүний тархийг компьютерийн системд загварчлах болон мэдрэлийн тогтолцооны талаар байжээ.

Тэрээр “Хиймэл мэдрэлийн тогтолцоо эрүүл мэндийн салбарт хэрэгтэй болохыг би олж мэдсэн. Эрүүл мэндийг сахин хамгаалах салбарыг сайжруулах нь хиймэл оюун ухааны үнэнхүү, хамгийн тохирсон салбар юм” гэжээ.

Хүмүүс эрүүл мэндийн салбарт алдаа гаргадаг талаар тэрээр дурьдаад, маш их мэдээлэл цугласан, туршилт, алдаа ихтэй нь эмчилгээг удаашруулан цар хүрээг хумигдуулдаг тухай тайлбарласан байна. Тэрээр “Ийм л учраас хиймэл оюун ухаан үнэхээр, маш их хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн жил Бакши хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг мөхөөнө гэдэг үзэлтэй олон үгүйсгэгчидтэй нүүр тулсан. Тэдний эсрэг тэрээр “Хиймэл оюун ухаан бидний амьдралын дутууг нөхөх болно” гэж хэлсэн юм.

Хүүгийн яриад байгаа эрүүл мэндийн төсөл бол одоо түүний ажиллаж буй “Таних үйл явц” /Cognitive Story/ юм.

Уг төслийг IBM-ийн бизнесийн хамтрагч “Darwin Ecosystem”, хиймэл оюун ухаан бүтээгч фирмийн танихуйн тооцоололын компани “Not So Rocket Science” болон хүүгийн зөвлөх Роб Хая нар удирдаж буй.

Анхныхаа хөрөнгө оруулалтыг тэд Торонто хотын хойд хэсэгт амьдардаг, дөрвөн мөчний саажилттай Бүү охинд зориулжээ.

Бакшигийн хэлснээр Бүү охин тухгүй байгаагаа, өлсөж, цангаж, ТВ асаамаар байна гэдгээ, ер нь юу ч хэлж чаддаггүй гэнэ.

Бүүг харилцаж сурахад нь зориулж төслийн баг түүний тархины долгионыг унших схем зохион бүтээж байна. Энэ төсөлд Бакшигийн гүйцэтгэх үүрэг бол Бүүгийн тархины электроэнсэфалограф долгионыг хэвийн хэл ярианд хөрвүүлэх нарийн алгоритм бүтээх явдал юм. Ингэснээр охин бодол санаагаа илэрхийлж чаддаг болно.

Ямар олон хүн дахин харилцаж чаддаг болохыг төсөөл дөө.

Танмэй Бакши

Одоогоор тэд охинтой хоёртын тооллын код ашиглан “тийм”, “үгүй” гэж харилцдаг болсон ба цаашид төслийн баг хангалттай дата цуглуулахын хэрээр хиймэл оюун ухааныг илүү ашиглах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Бакши нэгэнтээ “Ямар олон хүн дахин харилцаж чаддаг болохыг төсөөл дөө. Энэ судалгаагүйгээр энэ нь боломжгүй зүйл” гэжээ.

Эмч нар ч мөн адил энэ ажлын үр дүн гараасай хэмээн хүлээж буй.

Бакши: “Эмч нар үүнийг хүчирхэг арга зам гэж харж байна” гээд бараг долоо хоног бүр шинээр гарч буй хорт хавдар, шинэ эмийн талаарх бүтээлүүд үүнийг илтгэж байна гэж үзжээ.

Мэргэжилтнүүд хүртэл хэвлэгдсэн иймэрхүү сэдвийн материалын ганц нүүрийг нэг минутын турш уншаад л дуусгаж түвддэггүй. Тэгэхээр уг мэдээллийг ойлгож, эмчилгээ, оношлогоонд хувь нэмэр оруулах юм гэдгийг нь ухамсарлахад хугацаа хэрэгтэй...

Бакши цаашид энэ чиглэлээр коллежид суралцах төлөвлөгөөтэй бөгөөд MIT, Станфорд, Харвард зэрэг томоохон сургуулийг сонирхож буй хэдий ч эцсийн шийдээ хараахан гаргаагүй байна.

Ажлын хувьд IBM, Google, Microsoft, Apple зэрэг компанийн судалгаа болон хөгжүүлэлтийн багуудтай хамтран ажиллах бодолтой байгаа ч өөрийгөө хязгаарлах хүсэлгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрээр “Сайн уу, Свифт?: Хүүхэд болон эхлэн сурагчдад зориулсан iOS аппликэйшний програмчлал” гэдэг ном бичсэн бөгөөд Уатсоноос эрхлэн гаргах дараагийн номон дээрээ ажиллаж байгаа гэнэ.

14 настай хүү өөрийн амжилтын гол эздийг сургаж хүмүүжүүлсэн, ажлаар нь бахархдаг эцэг эхийгээ хэмээдэг.

Тэрээр “Тэд хамгийн хэрэгтэй үед бүх талаар надад тусалж, дэмжсэн. Гэр бүлийн минь дэмжлэг үгүйсэн бол би мөрөөдлийнхөө төлөө зүтгэж энэ хүртэл амжилт гаргаж чадахгүй байх байлаа” гэжээ.

Эх сурвалж: cnbc.com

Орчуулсан А.Дэлгэрмаа

#AI, #Technology