Б.Очирдарь: Би ирээдүйд Монголдоо ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулна


Сондор | YOLO.MN
2018-01-05

Батбилэгийн Очирдарь бол “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 10а ангийн сурагч. Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Өсвөрийн шигшээ багийн тамирчин. ОХУ-ын Хиагт хотноо болсон, Динамо клубийн нэрэмжит U16 тэмцээний хоёдугаар байр, улсын аварга шалгаруулах U15 тэмцээнээс мөнгө, "Under Armour" basketball festival U14 насны ангилалд алт, клубуудын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах U15 тэмцээний алтан медальтай.

Австрийн Клагенфурт хотноо болдог "United World Games" наадамд шөвгийн найм хүртэл амжилттай тоглосон нь тэдний багийн амжилт. Зөвхөн сагсан бөмбөгөөр зогсохгүй БЗД-ийн аварга шалгаруулах волейболын тэмцээний дунд насны ангилалд хүрэл медаль хүртсэн, Гандболын улсын аварга шалгаруулах U14 тэмцээнээс алтан медальтай гээд спортод гаргасан түүний амжилтыг дурдвал урт жагсаалт болно.

Спортоос гадна Төгсбилиг дунд сургуулиас зохион явуулсан "Чадвар м5" математикийн олимпиадаас мөнгөн медаль, "Кенгуру" олон улсын олимпиадаас нэг алт, нэг хүрэл медаль авч байсан. Физикийн "Багийн олимпиад-2015"-ын мөнгөн медалийн эзэн, өнгөрсөн онд дөрвөн улирлын дүнгээрээ ангидаа тэргүүлсэн гээд сурлагаараа гаргасан амжилтаараа ч үлгэр жишээ болж буй Б.Очирдарьтай ярилцлаа.

 

YOLO: Спортод гаргасан амжилт чинь үнэхээр мундаг юм. Хэзээнээс спортоор хичээллэх болсон бэ?
-Спортод багаасаа л дуртай байсан. Сагсан бөмбөгөөс бусад спортоор хааяа л хичээллэдэг. Харин тавдугаар ангидаа анх удаа сагсан бөмбөгийн дугуйланд элсэж орсноос хойш энэ спортод илүү дуртай болж, одоо болтол хичээллэж байна.

YOLO: Спортоор хичээллэсний давуу тал нь яг юу байна вэ?
-Аливаа зүйлд тууштай болдог. Хэр баргийн зүйлд шантрахгүй. Хийе гэсэн зүйлийнхээ төлөө эцсийг нь үзтэл явна. Мөн багаар ажиллах, шийдвэр гаргах чадвар маш сайн хөгждөг. Ер нь спортоор хичээллэснээрээ бусад хүүхдийг бодоход илүү хатуужилтай болдог.

YOLO: Хичээлийн ачаалал хэр их байна. Хичээлийнхээ хажуугаар энэ олон спортоор хичээллэж амжихад хүндрэлтэй байдаг уу?
-Долоо хоногийн гурван өдөрт нь сагсан бөмбөгийн бэлтгэлтэй байдаг. Спортоор хичээллэхэд минь дөхөмтэй гээд долоо хоногт 2-3 удаа бассейнд явдаг. Тийм болохоор ачаалал ер нь ихтэй. Хичээлийн дараа бэлтгэлдээ явдаг болохоор тараад гялс хичээлээ хийчихээд унтдаг. Яагаад гэвэл амралт маш их хэрэгтэй. Тиймээс хичээл дээр өгсөн даалгаврыг өдөр өдөрт нь хийдэг. Үгүй бол нэг овоорчихвол хийж амждаггүй. Бэлтгэл ихтэй учраас даалгавраа цаг тухайд нь хийж, ажлуудаа амжуулахыг хичээдэг.

YOLO: Ахлах ангийн сурагчдын хувьд мэргэжил сонгох хамгийн чухал асуудлын нэг. Чи мэргэжлээ сонгож амжсан уу. Төгсөөд хаана сурах хүсэлтэй байна вэ?
-Сургууль одоохондоо тодорхой болоогүй байна. Ер нь АНУ-д суралцана гэж бодож байна. Хэд хэдэн мэргэжил бодоод, судалж байна. Аав, ээж маань энэ тал дээр тусалж байгаа. Одоогоор 100 хувь тодорхой болоогүй ч ойрын хугацаанд мэргэжлээ тодорхой болгохгүй бол оройтох гээд байна.


Хичээлээ ойлгохгүй бол хичээлийн бус цагаар багш нар хүлээж аваад хичээлийг нь тайлбарлаж өгдөг. Ер нь хичээлээ маш гоё заахын хажуугаар хүүхдүүдийг зугаатай хөгжилтэй байлгаж чаддаг.

Б.Очирдарь

 

YOLO: Яагаад заавал АНУ гэж?
-Манай хамаатнуудаас тэнд амьдардаг болохоор. Мөн амьдралынх нь хэв маяг таалагддаг. Хамгийн гол нь Америкт очвол би  мэргэжлээрээ сурахын хажуугаар сагсан бөмбөгийнхөө бэлтгэлийг хийгээд, бүр том биш юм гэхэд жижиг лигүүдэд тоглох боломжтой. Ер нь төгсөөд ажилласан ч гэсэн спортоо хослуулаад явна гэж боддог. Гэвч энэ талаар судалж л байна. Ерөнхийдөө миний сонгох мэргэжлээс хамаарч хаана суралцах маань 100 хувь тодорхой болох байх.

YOLO: Хүүхдүүд сургуулиа төгсөөд гадаадад сурахаар явдаг ч буцаад Монголдоо ирж ажиллах нь цөөхөн байдаг. Чиний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Би эх орондоо эргэж ирээд сурсан мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулна гэж боддог. Аав,  ээж маань ч бас ингэж зөвлөдөг. Зөвхөн өөрийгөө бодолгүй, улсдаа хувь нэмэр болох хэрэгтэй гэж боддог.

YOLO: Чиний мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөл гэвэл маш их. Мэргэжлээрээ сурч төгсөөд ажил хийж, өөрийн хувь нэмрээ оруулсан мундаг хүн болохсон гэж боддог. Сагсан бөмбөг миний сонирхол болохоор аль болох бэлтгэлээ сайн хийгээд том лигт ядаж хэдэн жил тоглож үзэхийг хүсдэг.

YOLO: Сургуулийнхаа талаар яриагаа үргэлжлүүлье. "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуульд хэзээнээс суралцсан бэ?
-Би “Шинэ Монгол” сургуульд сурч байгаад наймдугаар ангиасаа "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуульд орсон. Манай  багш нар хүүхдүүдтэй маш сайн харилцаж, тулж ажилладаг. Бусад сургуулийг бодоход хүүхдүүдтэйгээ маш ойр байдаг. Заах арга барил нь надад маш их таалагддаг. Айхтар дарамталж, даалгавраар дарж, шахдаггүй. Зөөлөн. Гэхдээ хариуцлагатай.

Хичээлээ ойлгохгүй бол хичээлийн бус цагаар багш нар хүлээж аваад хичээлийг нь тайлбарлаж өгдөг. Ер нь хичээлээ маш гоё заахын хажуугаар хүүхдүүдийг зугаатай хөгжилтэй байлгаж чаддаг. Мөн багш нар сурагчдынхаа гэрт зочилж, эцэг эхтэй нь уулздаг нь маш их таалагддаг. Ингэснээр сурагчид болон ээж, аав нар багш нартай илүү дотно болж чаддаг. Энэ сургуульдаа шилжиж ирсэн нь их зөв болсон гэж боддог.


YOLO: Хүүхдүүд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд цагаа их зарцуулах болсон нь ажиглагддаг. Чи сошиал медиа хэр их ашигладаг вэ?
-Би сошиал медиа хэрэглэдэг ч гэсэн хамаг юмаа илэн далангүй тоочоод, ихэнх цагаа үрээд байдаггүй. Хэрэгтэй мэдээллээ авна. Найзуудтайгаа харилцах шаардлага, асуух зүйл гарсан тохиолдолд ашиглана. Завтай үедээ мэдээж сонирхолтой байхын тулд хааяа хэрэглэдэг. Гэхдээ бэлтгэл, хичээл гээд надад сошиал медиа хэрэглэж, утсаа ухаад байх цаг зав бараг гардаггүй. Хараад байхад сүүлийн хэдэн жилд хүүхдүүд сошиал медиад  арай л их ач холбогдол өгч, бараг л өдөрт юу хийж, яаж байгаагаа, хамаг амьдралаа тоочдог. Энэ нь надад огт таалагддаггүй.

YOLO: Үеийнхээ хүүхдүүдийн хүмүүжлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Манай сургуулийн хүүхдүүд харьцангуй хүмүүжил сайтай гэж боддог. Бусад сургуулийн хүүхдүүдийг харахад, сайн хүүхдүүд мэдээж зөндөө. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр муу хүмүүжилтэй хүүхдүүд их байна. Ялангуяа, бага насны хүүхдүүд архи, тамхи хэрэглэж байгаа нь таалагддаггүй. Өөр сургуульд явдаг манай дүүгийн 5, 6 дугаар ангийн хүүхдүүд тамхи татаад л зогсож байдаг. Архийг ч гэсэн сургуулийн хүүхдүүд хэрэглэж байна. Баяр болохоор л нийлээд, ийш тийшээ гардаг нь надад таалагддаггүй. Энэ бол буруу.

YOLO: Хүүхдүүд ийм болж байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Нэгдүгээрт эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавьж буй анхааралтай холбоотой. Хоёрдугаарт сургуулийн орчин. Манай сургууль хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэх орчныг яг бүрдүүлж чадсан. Янз бүрийн муу зүйлээс тусгаарлаж чаддаг. Мөн багш нарын сайн үлгэр дууриал хүүхдүүдэд сайнаар нөлөөлдөг.

YOLO: Чөлөөт цагаараа спортоос өөр зүйлд цаг гаргадаг уу?
-Уг нь би ном унших дуртай. Гэхдээ явцын шалгалт гээд цаг зав муутай, ойрд ном уншсангүй.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье!
-Баярлалаа.

 

Хараад байхад сүүлийн хэдэн жилд хүүхдүүд сошиал медиад  арай л их ач холбогдол өгч, бараг л өдөрт юу хийж, яаж байгаагаа, хамаг амьдралаа тоочдог. Энэ нь надад огт таалагддаггүй.

Б.Очирдарь

#Elite #Student #Basketball #Boy