Чамд асуудал тулгарсан бол Хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаарай


YOLO.mn | YOLO.MN
2019-02-18

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр 24 цаг, үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг "Хүүхдийн тусламжийн 108 утас"-ны ээлжийн ахлах М.Эгэлзаяатай хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах, ямар үед тус утас руу залгаж болох талаар ярилцлаа.

-Хүүхдүүд 108 утаснаас ямар үед зөвлөгөө авч болох вэ?
-Хүүхэд хэн нэгэнтэй ярилцахыг хүсэж байгаа ч ярьж чадахгүй байгаа, ямар нэгэн айдас түгшүүртэй, хэн нэгэнтэй зөрчилтэй харилцаатай, сэтгэлзүйн хувьд тулгамдсан асуудалтай байгаа бол 108 утас руу залгаад зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Хэрвээ асуудал даамжирсан, гүнзгийрсэн, хүүхдэд болон хэн нэгэнд хор уршигтай байвал шат дараалсан үйлчилгээ үзүүлээд, холбогдох байгууллагуудад холбож өгдөг.

-Тодруулбал, сэтгэл зүйн  ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Манайд төрөл бүрийн асуудлаар хүүхдүүд холбогддог. Өсвөр насны хүүхдүүдээр жишээ авахад охид, хөвгүүд хайр дурлалын асуудал, бие организмд илэрч байгаа насны онцлогтой холбоотой хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх үед ээж, аавтайгаа нээлттэй ярилцаж чадахгүй үедээ найз нөхдөөсөө юм уу Хүүхдийн тусламжийн утас 108  руу хандах тохиолдол их байдаг.

Бид тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон нөхөн үржихүйн, үе тэнгийн харилцааны, үерхэл нөхөрлөлийн харилцаанд нь тохирсон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг өгч байна.

Хэрвээ асуудал даамжирсан, гүнзгийрсэн, хүүхдэд болон хэн нэгэнд хор уршигтай байвал шат дараалсан үйлчилгээ үзүүлээд, холбогдох байгууллагуудад холбож өгдөг.

-108 утсанд ирж байгаа дуудлагын хэчнээн хувийг үл хайхрах хүчирхийлэл эзэлж байна вэ?
-Хүүхдийн тусламжийн утас 108-д ирж байгаа дуудлагын 50-60 хувийг үл хайхрах хүчирхийллийн дуудлагууд эзэлдэг. Үл хайхрах хүчирхийлэл гэхээр эцэг, эх нь архины хамааралтай, хүүхдээ үл хайхардаг, хүүхдэдээ хөгжих, наад захын хэрэгцээ хангах зэрэг бүх эрхийн зөрчлийг хэлдэг. Зарим тохиолдолд эцэг, эхчүүд заавал хорт зуршил, архины хамааралтай биш ч гэсэн хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй.

Эсвэл эцэг, эхчүүд нэг нэгэндээ найдаад хэн хэнийхээ дунд хүүхдээ хаядаг. 

Эцэг эхийн хоорондын харилцаагаа хүүхдэд нааж, хүүхдээ хайхрахгүй байх нь их. Эсвэл эцэг, эхчүүд нэг нэгэндээ найдаад хэн хэнийхээ дунд хаядаг. Салсан гэр бүлүүд, хамтран амьдрагсад, түр хугацаагаар холдсон гэр бүлүүд ээж нь ч, аав нь ч хүүхдээ асарч хамгаалдаггүй. Тэр дунд хүүхэд хаана нь ч харьяалагдахгүй, хөгжих, сурч боловсрох, хайрлуулах, орон байр, өмсөж зүүх зэрэг бүхий л хэрэгцээ нь орхигдсон байдаг. Эдгээр бүх тохиолдолд хүүхэд манай утсанд холбогддог.

Тухайн асуудлаас хамаараад эхний ээлжид зөвлөгөө мэдээллийг өгнө. Шаардлагатай гэж үзвэл бүртгэж аваад дүүрэг, орон нутгийнх нь Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст шилжүүлээд, тухайн байгууллага нь бодит байдалтай нь танилцаж, цаашдаа хамтарсан багийнх нь бүрэлдэхүүн тухайн хүүхдийн гэр бүлд очиж үйлчилгээ үзүүлдэг.

-Хүчирхийллийн хэлбэртэй, яаралтай тусламж хэрэгтэй дуудлага ирвэл ямар арга хэмжээ авдаг вэ?
-Өдөрт дунджаар яаралтай шуурхай үйлчилгээ авах шаардлагатай хяналтын дуудлага 15-20 ирдэг. Заримыг нь дүүрэг орон нутаг руу, цагдаад шилжүүлэх шаардлага гардаг. Мөн манайх гэрээсээ дайжсан, гуйлга гуйж байгаа, янз бүрийн хүчирхийллийн хэлбэрт өртөөд гэр орондоо байх боломжгүй болчихсон хүүхдүүдийг түр хамгаалах байрандаа авдаг. Бид дуудлагын дагуу цагдаад мэдэгдэж, цагдаа шалгаад тухайн хүүхэд энэ орчин нөхцөлд байх боломжгүй гэж үзсэн тохиолдолд тусгаарладаг.

Манайх түр хамгаалах байрандаа 0-2 насны хүүхдийг эцэг эхтэй нь байлгадаг. Хэрвээ тухайн эцэг эх хүчирхийлэгч биш, архины хамааралтай биш бол хамгаалах байранд авах боломжтой.

-Хүүхэд хаана аюулгүй байх ёстой вэ? Гэр бүлдээ аюулгүй байх ёстой. Аюулгүй байдлыг хэн хангах ёстой вэ? Эцэг эх, асран хамгаалагч нь хангах ёстой.

Насанд хүрсэн хүн өөрөө зовлонгоо хэлж, илэрхийлж чаддаг бол хүүхэд “Би ийм хэцүү, хаягдмал болохоор намайг хэн ч тоодоггүй” гээд дотроо тээгээд явдаг.

Эцэг эхийн хайрыг аль аль нь авч байж бидний хүсээд байгаа элэг бүтэн, хайр энэрэлтэй, зөв хүн болно.

Харин насанд хүрсэн хүн хүүхэд рүү буруугаа чихэж “Энэ өөрөө гадуур тэнэдэг, энэ өөрөө явчихдаг. Би зөндөө хэлдэг. Тэгээд би энэ хүүхдийг яах юм? Зодохгүй гээд яах юм” гэх зэргээр асуудлыг хүндрүүлж, бие сэтгэлзүйд нь хүнд хохирол учруулчихаад өөрсдийгөө өмөөрөх хандлагатай байдаг.

Хүүхдийг аюулгүй сайхан, хайраар дүүрэн өсгөе гэвэл гэр бүлээ зөв сонго, эцэг эхчүүд хариуцлагатай бай, үүрэг хариуцлагаа ухамсарла. Хариуцлагагүй эцэг эхчүүд дундаа хүүхдээ хийгээд, “Би ав, чи ав” гэх мэтээр хүүхдээ бие биеэ чадах хэрэгсэл болгож байна.

Хүүхэд нь ээж дээр нь байвал аавтай нь уулзуулдаггүй. Тэрүүгээрээ аавыг нь чадаж байгаа юм шиг ханддаг. Ингэж өөрсдийнхөө асуудалд хүүхдээ хамруулж, хүүхдээ хохироодог. Эцэг эхийн хайрыг аль аль нь авч байж бидний хүсээд байгаа элэг бүтэн, хайр энэрэлтэй, зөв хүн болно. Эргээд тэр хүүхэд эцэг, эх болохдоо тэр хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг. “Миний эцэг эх ийм учраас би бас ийм байна” гэсэн үзэл бодол далд ухамсарт нь нөлөөлчихсөн байдаг.

Гэр бүлүүд эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав зарцуулж, ярилцаж байгаасай, нас насных нь хэрэгцээг нь ойлгож мэдэрч, тэрэнд нь тохирсон байдлаар харьцаж, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч А.Наранцацрал

#ХүүхдийнТусламжийнУтас108