“ХАЛЛОВИН-ДҮР ХУВИРГАЛТ” тэмцээний ШИЛДЭГ оролцогчид


Сондор | YOLO.MN
2017-11-14

Манай сайтын зүгээс "Халловин-Дүр хувиргалт" тэмцээнийг зохион байгуулсан билээ.  Тус тэмцээний шилдэг оролцогчдын сэтгэгдэл болон яагаад чухам тэрхүү дүрийг бүтээх болсон талаар сонирхлоо.

YOLO.mn "Халловин-Дүр хувиргалт" тэмцээний шилдэг оролцогч Аннабел буюу Х.Батзориг:

Энэ жилийн Халловины баяраар манай ажлынхан буюу "Kevin's" пабын ажилчид өөрсдөө хөгжилдөх гэж мөн үйлчлүүлэгчдээ хөгжөөх гэж бид тус бүрдээ дүрд хувирсан. Би яг ямар дүрд хувирахаа хараахан шийдээгүй байтал манай нэг найз Аннабелийн дүрд хувирсан солонгос хүний зургийг үзүүлээд "Чи яг энэ дүрд хувирч чадна. Аннабел болчих" гэхээр нь нээрээ ч болохоор харагдаад шийдсэн юм.

Тухайн үед надад даашинз хийх цагаан даавуу бэлэн байсан учир өглөө нь хийгээд л орой нь өмсөөд, нүүрээ будсан. Тийм ч их цаг, өртөг шаардаагүй гэсэн үг. Орой нь зургаа фэйсбүүкт оруулаад өглөө нь хартал маш олон түгээгдсэн байхыг хараад гайхсан. Орой нь гэртээ хариад будгаа арилгаагүй унтаад өглөө сэртэл ээж, дүү хоёр маань шоолж инээгээд "Та бодвол Аннабел болсон юм уу" гэж асуусныг бодоход хувцасгүйгээр зүгээр төрхийг минь хараад хэн ч Аннабелийн дүрд хувирсан гэдгийг минь мэдэх боломжтой байсан.

Манай ажлын фэйсбүүк группт нэг нь "Намайг дэмжээд өгөөрэй" гээд YOLO.mn-ын халловины дүр хувиргалтын зургаа оруулсан байсан. Тэмцээний бусад зургуудыг хартал тийм ч сонин содон дүр хувиргалт байхгүй байхыг хараад оролцохоор шийдсэн юм. Гэхдээ тэмцээнд оролцохоор зургаа явуулаад л орхичихсон байсан юм. Харин ялагч болсноо сая л мэдлээ.


YOLO.mn "Халловин-Дүр хувиргалт" тэмцээний шилдэг оролцогч Харри Поттер буюу Г.Батхуяг:

Тус Халловины хувцаслалт нь "We Can Do" ТББ-ын хүрээнд болсон халловины баярын арга хэмжээнд зориулагдсан байсан юм. Би өөрөө Харри Поттерийн кино, зохиолыг алгасалгүй үзэж, уншдаг. Мөн хүмүүс намайг хальт харахад Волдеморт болон Харри Поттерийн завсрын дүртэй төстэй хэмээдэг. Тиймээс би энэ жил Харри Поттерийн дүрд хувирсан юм.

Халловиныг манай улсад хэрэггүй баяр гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг ч хүүхэд залуус ямар нэгэн дүрд хувираад тодорхой хэмжээнд тэмдэглэх нь байж болох асуудал гэж би боддог.


YOLO.mn "Халловин-Дүр хувиргалт" тэмцээний шилдэг оролцогч Зомби буюу Б.Мөнхжин

Би YOLO.mn сайтын байнгын уншигч бөгөөд тэмцээн уралдаанд нь ч идэвхтэй хамрагдахыг хичээдэг. Энэ жил би сургууль дээрээ болсон Сүнсний баяраар зомби болсон үеийнхээ зургаар тус тэмцээнд оролцсон. Миний нүүр будалтыг эгч минь хийж өгсөн. Энэ дашрамд эгчдээ маш их баярлалаа гэж хэлье.

Мөн YOLO.mn сайтын зүгээс энэ намар зарласан "Хичээлийн дараа" уралдаанд мөн тусгай байр эзэлж байсан. Сонирхолтой тэмцээн зохион байгуулдаг та бүхэнд баярлалаа.


YOLO.mn "Халловин-Дүр хувиргалт" тэмцээний шилдэг оролцогч Гайхалтай нүүр будалт буюу Б.Байгалмаа

Анх тэмцээний оролцогчдыг хараад нүүрээ тийм ч сүртэй гоё будаагүй нэгэн охины зураг маш олон react авсан байхыг анзаараад би оролцвол ядаж шилдэг тавын нэг болчих юм шиг санагдсан. Тэгтэл бүр шилдгийг ШИЛДЭГ болчихлоо. Би өөрөө 11-р ангиасаа хойш нүүр будалтыг сонирхож эхэлсэн бөгөөд одоо СУИС-ийн 1-р түвшний оюутан. Би хааяа зав чөлөөгөөрөө Халловины тэрхүү будалттай төстэй будалтуудыг гэртээ хийх дуртай. Анх ялагч болсноо ч мэдээгүй байхад найз залуу минь залгаад шилдэг болсныг минь дуулгасан. Маш гэнэтийн бөгөөд сайхан мэдээ байсан шүү. Та бүхэнд баярлалаа.

#Halloween #Best #Attendance