Дэлхийн улс орнууд ХҮҮХДИЙН БАЯРЫГ хэрхэн тэмдэглэдэг вэ?


Аска | YOLO.MN
2018-06-01

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр билээ. Энэхүү баярыг дэлхий дахины зарим улс оронд харилцан адилгүй өдрүүдэд тэмдэглэдэг билээ. Тэгвэл тэд хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Турк улсад харин Хүүхдийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг. Хүүхдүүд Туркийн Парламентийн танхимд суун Улсынхаа ерөнхийлөгчийг сонгон бүтэн өдөр төр засгаа удирддаг сонирхолтой заншилтай байдаг аж. Дараагаар нь хүүхдийн баярт зориулагдсан өргөн хүрээний арга хэмжээнүүд бүх улс орон даяар явагддаг байна.

Колумб болон Хятадад хүүхдүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын Бээжинд хүүхдүүд Жу Хинтао ерөнхийлөгчийнхөө ордон болон бусад алдарт газруудаар тойрон аялал хийж маш сонирхолтой байдлаар өнгөрүүлдэг байна. 

Японы ард түмэн Кодомоно хи буюу Хүүхдийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг байна. Айл гэрүүд гэрээсээ цаасан шувуу, загасыг хөөргөхөөс гадна хүч чадал ба эр зоригийн бэлгэ тэмдэг болсон Самурай дайчдын баримлуудыг гаргаж үзүүлдэг байна.  Хүүхдүүд царс навчинд хийсэн наалттай цагаан будааны бялуугаа амтархан идэж Японы уламжлалт жүжиг гэх мэт улс орон даяар явагдах арга хэмжээнүүд рүү оролцохоор явна. Үүнээс гадна мянга мянган хүүхдийн оролцдог Хүүхдийн олимпийн наадам зохион байгуулагддагаараа маш онцлогтой өдөр байдаг аж.

Бусад орнуудад ч мөн адил зургаадугаар сарын 1-ний өдөр их ач холбогдолтой байдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Орос, Вьетнам, Никарагуа, Куба, Болгар зэрэг олон оронд энэ өдөр хүүхдүүдээ хүндэтгэж, тэдний эрх, ашиг сонирхол, сайн сайхан байдлыг дэмжих өдөр болгон өргөмжилсөн байдаг.

Энэхүү өдөр нь хэрхэн үүссэнийг авч үзвэл 1954 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей бүх улс орнууд тус бүртээ зохистой гэж үзсэн өдрөө Дэлхийн Хүүхдийн өдөр болгон зарлахыг санал болгосон байдаг бол зарим улс орнууд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн Хүүхдийн эрхийн тухай тунхаглал болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн батлагдсан өдөр буюу 11-р сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг байна.

#world #children's day