М.Бямбасүрэн: АНГЛИ ХЭЛИЙГ гэртээ тоосоо соруулж байхдаа ч СУРЧ БАЙХ хэрэгтэй


Г.Ариунзул | YOLO.MN
2018-03-12

Өдгөө Хятад, Англи, Турк хэлийг эзэмшсэн, өөр олон хэлийг сурч, судалж яваа үеийнхэндээ үлгэр жишээ болсон охин М.Бямбасүрэнтэй бид ярилцлаа. Тэрээр Гадаад хэлийг хэрхэн сурсан туршлагаасаа хуваалцсаныг сонирхоорой. wink

YOLO: Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
- Намайг Мөнхжаргалын Бямбасүрэн гэдэг. Дунд ангиа “Монгени бүрэн дунд сургууль”-ийг дүүргэсэн. Харин ахлах ангидаа Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурсан. Одоо Тайваний Жон Жэн  их сургуульд хуулийн чиглэлээр дөрөвдүгээр дамжаанд суралцаж байна. Энэ хавар төгсөнө. Одоо амралтаараа Японд ирчихсэн байна.

YOLO: Одоо сурч байгаа сургуулийнхаа талаар танилцуулаач?
- Жон Жэн их сургууль нь хуулийн сургалтаараа улсдаа гуравт ордог. Хууль, сэтгэл судлал, гэмт хэрэг судлалын мэргэжлээр маш сайн. Монголд тэр сургууль сайн, энэ сургууль сайн гэдэг бол Тайваньд тийм байдаггүй. Ямар мэргэжлээр аль сургууль нь сайн бэ гэж байдаг. Тайваньд ирсэн эхний жилээ хэлний бэлтгэлд суугаад  2014 онд  энэ сургуульдаа бакалавраар сурахаар элссэн. Сургуулийнхаа 100 хувь тэтгэлгээр сурдаг.

YOLO: IELTS-ийн шалгалт өгөөд 8.5 оноо авсан гэж байсан. Ер нь англи хэлний бүрэн мэдлэгтэй хүмүүс ч IELTS-д 8.5 оноо авах нь хэцүү байдаг гэдэг. IELTS-д хэзээнээс эхэлж бэлдсэн бэ?
- Яг IELTS-д зориулаад яс суугаад бэлдсэн хугацаа бол 2-3 долоо хоног байсан. Сургуулиа төгсөөд магистрт сурах бодолтой байгаа учраас энэхүү шалгалтыг өгсөн. IELTS-д бэлдэж байх хугацаандаа өдөрт дор хаяж 3 цаг заримдаа 7,8 цаг суугаад бэлддэг байсан. Гэхдээ 10 жилд байхдаа TOEFL-ийн шалгалт өгч байсан болохоор арай дөхөм байсан байх. Мөн Монгол-Туркийн хамтарсан сургуульд бүх хичээл нь англи хэл дээр ордог байсан болохоор англи хэлний суурь мэдлэг маань сайн байсан. Зарим хүн англи хэл нь сайн мөртлөө IELTS-д өндөр оноо авч чаддаггүй. Энэ нь англи хэлэндээ сайн юм чинь гээд  шалгалтад бэлдэлгүй ордогтой нь холбоотой байх. Гэтэл  тухайн шалгалтын өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг.

YOLO: Олон хэл сурах хүсэлтэй гэж байсан. Одоо яг ямар ямар хэлтэй вэ?
- Хятад, Англи, Турк  хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин Солонгос хэлээр ярихдаа муу ч бүрэн ойлгодог. Түүнээс гадна Герман, Япон, Индонез хэлийг бие дааж сурч байна. Би Солонгос кино үзэх дуртай болохоор сонирхлоороо солонгос хэлийг сурсан. Харин Герман, Япон хэлийг хуулийн мэргэжилд заавал үзэх шаардлагатай байдаг. Индонез хэлийг бол 4-р курст хичээлүүд арай бага болчихсон болохоор дахиад нэг хэл суръя гэж бодоод хичээлийнхээ хажуугаар сурч байна.  Ер нь би хэл сурах маш дуртай. Миний хамгийн хийх дуртай зүйл. Амралтаараа японд ирсэн маань ч тэр Япон хэлээ улам сайжруулж чөлөөтэй ярьдаг, бичдэг болох зорилготой.

Зарим хүмүүс англи хэл нь сайн мөртлөө IELTS-д өндөр оноо авч чаддаггүй. Энэ нь англи хэлэндээ сайн юм чинь гээд  шалгалтад бэлдэлгүй ордогтой нь холбоотой байх. 

М.Бямбасүрэн


YOLO: Чиний бодлоор хэлийг хурдан, сайн сурахад юу чухал вэ ?
- Хэл сурахад чин сэтгэлээсээ сонирхолтой, дуртай байх хэрэгтэй. Хүн дургүй зүйлдээ хүчгүй гэдэг шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө сонирхолтой хослуулаад сурвал их үр дүнтэй юм шиг санагддаг. Хэрвээ ном унших дуртай бол тухайн хэл дээр ном унш, хөгжим сонсох дуртай бол дуу сонс, дагаж дуул, хүнтэй харилцаж идэвхтэй байх дуртай бол олон төрлийн англи хэлний клуб дугуйланд оролц.

Зарим хүмүүс хэл сурахгүй байгаа шалтгаанаа орчин нөхцөлтэйгөө холбодог. Миний бодлоор юм хөгжчихсөн байгаа одоо үед өөртөө байгаа бүхий л бололцоогоо ашиглаж хэл сурах бүрэн боломжтой. Би эдгээр хэлийг ингэж л сурсан. Нэг ч  удаа сургалтад сууж үзээгүй. 

YOLO: Чиний хувьд хэл сурахад ямар арга барил, дадлыг өөртөө хэвшүүлсэн бэ?
- Би нэгт өөрийн сонирхолтойгоо хослуулж сурсан. Тухайн хэл дээр кино үзэх, дуу сурах гэх мэтээр. Мөн үг цээжлэхдээ дандаа өгүүлбэрт оруулж ярьж, олон дахин бичдэг байсан. Би гэрээ цэвэрлэж байхдаа л “Өнөөдөр би юу хийлээ, юу юу хийх ёстой билээ” гээд англиар өөртөө асуулт тавиад  хариулаад явдаг байсан. Англи хэлийг зүгээр гэртээ тоосоо соруулаад байж байхдаа ч сурч байх хэрэгтэй. Түүнээс заавал ширээний ард номхон сууж байж сурна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Боломж л гарвал байнга өөрөө өөртэйгөө ярьж, бусад хүмүүстэй харилцаж бодит байдал дээр хэрэглэвэл илүү хурдан сурна.

Миний хэл сурах дуртай, амархан сурдаг арга нь өөрийн  арга барилаа олчихсонтой холбоотой. Нэг аргаа олчихвол бусад хэлийг ч сурахад амархан хялбар байдаг юм шиг санагддаг.

YOLO: Хэл сурснаар олон давуу тал боломжууд бий болох байх.  Өөрт тань хэл сурснаар нээгдсэн хамгийн том боломж нь юу байсан бэ? 
- Хэл сурснаар  надад бий болсон хамгийн том давуу тал гэвэл одоо Тайваньд амьдрах зардлаа өөрөө олж байгаа нь юм уу даа. Энд Монголыг бодвол өртөг өндөртэй. Миний сурч байгаа хот жижиг учраас бусад том хотуудыг бодвол зардал бага ч гэсэн сард дор хаяж 300 доллар хэрэгтэй болдог. Харин хятад, англи хэлээ сайн сурсны ачаар Хятадаас Монгол, Англи руу орчуулга хийдэг оффисийн ажил хийж байна. 

Одоо би ээж ааваасаа онгоцны зардал ч авдаггүй.

М.Бямбасүрэн


Энд цагийн ажил олдоц муутай болохоор амьдрах орон байраас эхлээд хэрэглээний зардлаа шийдэх нь нэг том асуудал болдог. Ихэнхдээ л Монгол оюутнууд  хоолны газар, кофе шопд ажилладаг. Одоо би ээж ааваасаа онгоцны зардал ч авдаггүй. Мөн олон орны найз нөхөд, танилуудтай болсон. Цаашлаад ч зөндөө боломжууд нээгдэнэ гэж итгэж байна. 

YOLO: Чиний хувьд хэл сурахад шантарч байсан тохиолдол бий юу, зарим хүн шантраад больчихдог шүү дээ?
Надад шантрах эрх байхгүй юм шиг санагддаг. Хятад хэл сурахад үнэхээр  хэцүү байсан. Гэхдээ нэгэнт энэ хэлийг маш сайн эзэмшинэ гээд ирчихсэн болохоор шантарч цуцах эрх надад байхгүй шүү гэж хичээдэг байсан.

Хүнд шантрах зүйл байна. Гэхдээ энэ миний бодлоор сэтгэл санааны л зүйл. Хэрвээ үүнийг сурвал чиний ирээдүйд хэрэгтэй юу, чамд ямар боломж нээгдэх вэ гэдгийг л сайн бодох хэрэгтэй байх. Хүн болгон математикч байх албагүй гэдэг шиг хүн болгон англи хэлтэй байх ёсгүй л дээ. Гэхдээ одоогийн нийгмийг харахад зайлшгүй шаардлагатай болж байна. Ажлын заруудыг харахад ч зөвхөн англи хэл гэлтгүй 2,3 хэлтэй байх шаардлагыг тавьж байна. Амар зүйл гэж мэдээж байхгүй. Тиймээс өөрийнхөө ирээдүйн төлөө зорилготой, хичээнгүй л байх хэрэгтэй.

YOLO: Хичээл нь хэр зэрэг хүнд байна ?
- Тайваны хуулийг олон улсын хуультай хослуулаад үздэг учраас манай сургуулийн хичээл нь их хүнд. Бас бүх хичээл 100 хувь Хятад хэлээр явагддаг. Хэрэв хоёр цагийн хичээлдээ суугаагүй эсвэл анхаарал хандуулаагүй  бол дахиж багшаасаа лавлаж асууна гэдэг хэцүү. Би энэ хуулийн сургуулийг бакалавраар төгсөж байгаа анхны гадаад оюутан нь юм билээ. Өмнө нь өөр орнуудаас сурч байсан ч төгсөж чадахгүй гарчихсан гэсэн. 


YOLO: Сургуулиа төгсөөд ажиллах уу, үргэлжлүүлээд суръя гэж бодож байна уу?
- Тайваний сургуулийн нэг хөтөлбөр байдаг. Эхний семистр Германд, 2 дахь семистр нь Тайваньд, 3 дахь семистр нь Мексикт гээд гурван тивд суралцах боломжтой. Сургуулиа төгсөөд энэ хөтөлбөрийн дагуу суръя гэж бодож байна. Эсвэл Монголдоо түр хугацаанд ажиллаж ажлын туршлагатай болдог юм уу гэсэн бодол ч байна. 

Гэрийнхэн, найз нөхөд маань Монгол руу буцаж яах юм бэ, амьдрал хэцүү байна гэдэг. Ямар ч байсан тэр миний л эх орон. Тиймээс сурсан мэдсэн зүйлээ Монголдоо хэрэгжүүлж Монголдоо л ажиллаж амьдрахыг хүсдэг.

YOLO: Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурна гэсэн хүсэл байдаг уу?
-
Анх  Оксфорд,  Харвардад сурах юмсан гэж боддог байсан. Харин одоо бол сургууль нэг их чухал биш юм шиг санагддаг. Миний цагийн ажил хийдэг газрын захирал дэлхийн шилдэг гэсэн нэр хүндтэй олон сургуулиудыг төгссөн хүн бий. Тэр хүн “Сургууль тийм чухал биш ээ. Хүн өөрөө л хичээж чадвал хаана ч амжилттай явж чадна” гэж надад хэлсэн. 

Үүнээс өмнө би “IELTS-д 8.5 оноо авчихлаа, том нэр хүндтэй сургуульд сурна” гээд өргөдлөө явуулах сургуулиудыг жагсаагаад биччихсэн байсан. Тэгээд гэнэтхэн бодлоо өөрчилсөн. Миний танилууд дунд ч гадны нэр хүндтэй том сургууль төгссөн ч ажил олддоггүй эсвэл зүгээр англи хэлний багш,  орчуулагч хийж байгаа хүмүүс бий.  Тэгэхээр чи юу хийхийг зорьж байна, юунд илүү дуртай түүгээрээ л явсан нь дээр юм шиг санагдсан.

YOLO: Тайваний сурагчдын сурах арга барил, тэдний давуу талаас ярихгүй юу?
Монголын сургалтын арга барил, Монгол оюутнуудаас ялгаатай нь Тайвань оюутнууд маш их давтлага авдаг. Монголд бол ахлах, дунд сургуульд л олимпиад шалгалттай холбоотой давтлага хичээллэдэг бол энд оюутнууд нь хичээл бүр дээрээ давтлага авдаг. Мөн Тайваний залуус нь маш зорилготой, хичээнгүй, огт залхуурдаггүй. Хичээл хоёр цаг ороод 10 минут завсарлахад тэд завсарлагаанаар хичээлээ хийж л байдаг. Бие даалт, шалгалтын хуваарь гарлаа гэхэд тэр өдрөөс нь л эхэлж хийж, давтдаг. Тэд нэг өдрийг ч зүгээр хий дэмий өнгөрөөе гэж боддоггүй.  

Юм хөгжчихсөн байгаа одоо үед өөртөө байгаа бүхий л бололцоогоо ашиглаж хэл сурах бүрэн боломжтой. Би эдгээр хэлийг ингэж л сурсан. Нэг ч  удаа сургалтад сууж үзээгүй.

М.Бямбасүрэн


YOLO: Англи хэл нь одоо үед зайлшгүй хэрэгцээ болж. Чиний бодлоор хэл сурахад залууст байгаа нийтлэг дутагдал юу байна, бас юун дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна?
- Залхуу, бэлэнчлэх сэтгэлгээ юм уу. Би IELTS -д бэлдэгчдийн групп дээр англи хэлээ сайжруулахад кино их үздэг байсан гэсний дараа маш олон хүн  киноных нь сайт байна уу,  кино зарах хүн байна уу гэж бичсэн байсан. Гэтэл интернет хөгжчихсөн энэ үед бүх л зүйл интернетэд тавигдсан байгаа шүү дээ. Маш үнэтэй зарагддаг Кэмбрижийн ном хүртэл интернетэд pdf хэлбэрээр үнэгүй байж байдаг. Мөн хэл сурах гэж буй хүмүүсийн нэг алддаг зүйл нь үнэтэй сургалтын төвд сурч их мөнгө зарцуулдаг. Гэтэл одоо үед үнэтэй сургалт гэлгүй интернетээр мэргэжлийн англи хэлний багшийн хичээлүүдийг үзэж, номоо, киногоо татаж авч үзэж сурч болж байна шүү дээ. Хүн бүр тогтсон нэг аргаар бусдыг дуурайж яг адилхан сурна гэдэг хэцүү. 

YOLO: Ойрын хугацаанд тавьсан  зорилгоосоо сонирхуулбал?
- Дээр ярьсан Тайваний сургуулийн хөтөлбөрт засгийн газрын тэтгэлэг авахыг зорьж байна даа. Хугацаа нь 2-р сарын 1-нээс зарлагдсан. Үүнд тэнцэхэд хятад, англи хэлний дээд төвшний мэдлэг, дүнгийн голч, хичээлээс гадуурх сайн дурын үйл ажиллагаа гэх зэрэг шаардлагууд тавигддаг юм билээ. Мундаг залуус маш их өрсөлддөг учир жаахан хэцүү. Үүнээс гадна сургуулиа сайн дүнтэй төгсөх нь миний ойрын чухал зорилго болоод байна даа.

YOLO: Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
- Монголоо олон улсын тавцанд гаргах, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь миний нэг мөрөөдөл.Тийм болохоор би олон улсын харилцаагаар үргэлжлүүлж сурах бодолтой байгаа. Ямар ч мэргэжилд хуулийн мэдлэг чухал бас хятад хэлтэй болох нь миний энд сурсан зорилго байсан. Би бас НҮБ-д ажиллахыг хүсдэг.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

#Foreign language #Girl #Advice