ЗАХИДАЛ: Би түүнд сэтгэлээ илчилсэн нь буруу байсан уу?


ССҮТөв | YOLO.MN
2018-12-06

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнд сэтгэлээ илчилсэн нь буруу байсан уу?

Сайн байна уу? Би 15 настай охин. Би 6-р ангиасаа шинэ сургуульд сурах болсон юм л даа. Анхандаа их л гоё байсан. Шинэ найзууд, шинэ багш нар гээд л. Сүүлдээ би хичээлдээ сайжирч, үүнээс ч болоод тэр үү ангийнхан маань надтай нээх сайхан харьцахаа больсон. Олимпиад уралдаан шалгалт улирлын дүн гээд л бүх зүйлээр бусдаасаа хамаагүй сайн боллоо. Багш нар намайг магтах болгонд зарим хүүхдүүд над руу муухай хараад байгааг анзаарсан. Гэхдээ бас заримтай нь арай дотно байдаг л даа. Хичээл асуух болохоороо над руу гүйгээд л ирдэг. Тэгсэн мөртлөө надад тусламж хэрэгтэй болохоор ганц хоёр нь л тусалдаг.

Харин энэ жил энэ байдал бага зэрэг өөрчлөгдөж байгаа.

Бас үүнээс гадна би нөгөө ангийн нэг хөвгүүнд сайн болчихсон юм. Түүнийг О гэдэг. Нэг найз маань ноднин түүнд намайг өөрт нь сайн гэдгийг хэлсэн. Дараа нь би өөрөө чатаар хэлсэн л дээ. Гэхдээ тоглоом байсан гэж сүүлд нь бичсэн. Анх 7-р ангид гурван бүлгийн 20 хүүхэд физикийн сонгонд явах болж бид 2 танилцсан юм.  Дараа жил нь бид хоёр чатлах болж илүү дотноссон. Хавар нь тэр бид хоёр, бас түүний ангийн Б гэдэг хөвгүүн бид гурав дүүргийн физикийн олимпиадад оролцсон юм.  Даанч О шагнал аваагүй. Хоёр жил амжилт үзүүлсэнгүй, багшийн итгэлийг алдлаа, дахиж ингэмээргүй байна гэж надад хэд хэдэн удаа хэлж байсан.  Тэр сэтгэлээр унахаараа ихэнхдээ надад ярьдаг юм. Харин тэр Б-д их дургүй юм шиг надад санагдсан. Үүний дараа нийслэлийн олимпиадад бэлдэж байхад Б надад "О та хоёр чаталдаг гэсэн билүү? Чи ч аргад нь орчихжээ." гэж хэлсэн юм. Энэ үгийн учрыг ойлгохгүй хэдэн жил өнгөрлөө. Б надад талтай гэж ангийнхан маань байнга шахуу ярьдаг юм. Тэр над руу байн байн ширтээд байдаг болохоор ингэж бодсон байх. Физикийн багш Б бид хоёрыг байнга  өрсөлдүүлдэг байсан болохоор бид 2 нээх сайхан харьцаатай биш л дээ.

О математикийн сонгонд олон жил явж байгаа. Харин энэ жил багш нь түүнийг физик химийн сонгоноос гаргачихсан. Тэр бараг хамгийн түрүүнд надад энэ талаар хэлж баярлаж байна уу? гэж асуухад би өөрийн мэдэлгүй уурлаад “Хог юм бэ?” гэчихсэн юм. (Би жоохон эршүүд талдаа хараал хэлээд байдаг юм) Тэр үүнд уурласан бололтой нэг хэсэгтээ надтай чатлаагүй. Би уучлалт гуйя гэж бодсон ч яагаад ч юм чадаагүй. Манай ангиас математикийн сонгонд явдаг хүүхдүүд намайг Т гэх хөвгүүнтэй үерхдэг гээд хэлчихсэн гэсэн. (Магадгүй үүнээс ч болсон байх) Ангийнхан маань намайг бараг хүн болгонтой холбодог л доо. Харин Т надад сайн гэсэн. Бид хоёр хэсэг хугацаанд хамт сууж найзууд болсон юм л даа. Үүнээс болж л ангийнхан маань бид хоёрыг холбодог болсон. Ангийн багш хүртэл эцэг эхийн хурал дээр бид хоёрыг үерхдэг гэж хэлсэн байсан. 

Би хэтэрхий нуршчих шиг боллоо. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхэд минь туслаач.

1. Ангийнхантайгаа илүү дотно болохын тулд яах вэ?

2. О-той илүү сайн найзууд болмоор байна. Бас би түүнд сэтгэлээ илчилсэн нь буруу байсан уу?

3. Ангийнхныгаа намайг хүн болгонтой холбодгийг нь болиулах гэж зөндөө оролдлоо, нэмэр болсонгүй. Яавал дээр вэ?

4. Миний онц сурдгаас болж бусад хүүхдүүд урам нь хугараад байх шиг байна. Олимпиад болгонд би О, Б хоёроос илүү дээр байр эзэлдэг. Шалгалтын дүн ч гэсэн ихэнхдээ илүү байдаг. Ойрд О өөрийгөө муудаж байна юунд ч орсон чи л амжилт үзүүлдэг гээд байсан. Тэр надаас болж хичээлдээ муудаад байгаа юм шиг санагдаад байна. Түүнд тусалмаар байдаг. Яах вэ?

Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Яг одоо та хоёрын дунд олон эргэлзээтэй асуудал байна

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.

1. Чи хичээлдээ сайн байсныхаа төлөө өөрийгөө зэмлэх хэрэгтэй гэж үү? Хичээл, дүн, амжилт бол хувь хүний өөртэйгөө хийж байгаа өрсөлдөөн, хувь хүний хөгжил юм. Тиймээс чи ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ өөртөө сануулж, бусад сурагчдын хэлсэн үгийг хэт тусгаж авахгүй байхыг хүсэж байна. Мэдээж бусад сурагчид чамаас тусламж, зөвлөгөө хүсвэл битгий татгалзаарай. Одоо тусалж байгаагаасаа хоёр дахин их цагаар тусалж ч болох юм. Гол нь өөрсдөө чамаас тусламж хүссэн үед шүү дээ. Мөн энэ нь бусадтай харилцаж буй эерэг харилцааны хэлбэр юм.

2. О-той илүү сайн найз болмоор байна гэсэн байна. Яг одоо та хоёрын дунд их олон эргэлзээтэй асуудлууд байх шиг байна. Эхлээд хоёулаа ойлголтоо нэгтгэж нэг өнцгөөс харах нь ойлголцохын эх болдог. Тиймээс эхлээд чи түүнд болж буй, мэдэрч буй зүйлсээ бүгдийг нь үнэнээр нь хэлэх юм уу, бичээрэй. Тэгээд түүнээс юу гэж бодож байгааг нь асуугаарай. Мөн боломжтой бол тэр чиний өрсөлдөгч биш гэсэн ойлголт өгөхийг хүсэж байна. Магадгүй тэр өөрийгөө чамтай харьцуулаад өөртөө итгэх итгэл нь унаад байх хандлагатай байна.  Хичээлийн талаар ярилцахаас гадна энгийн зүйлсийн талаар ярилцах нь та хоёрын харилцааг илүү дотно болгох магадлалтай юм. Яг одоо та хоёрын харилцаа зөвхөн олимпиад, дүн, медаль зэргээр хязгаарлагддаг бололтой. Өөр юуны талаар түүнтэй ярилцаж болох вэ?

3. Өсвөр насанд анги хамт олны дунд бие биенээ “холбох” асуудал ихээхэн гардаг.  Энэ нь заримдаа хэн нэгнийх нь хувьд сайн талтай байж болох ч  зарим хэсэгт таагүй, бухимдал төрүүлсэн зүйл болдог. Хэрвээ чамд таалагдахгүй байгаа бол тэр даруйд түүнийгээ илэрхийлж, өөрийгөө хамгаалж сурахыг санал болгож байна. Заавал уурлаж, бухимдаж илэрхийлэх шаардлагагүй. Зүгээр л “Би түүнтэй үерхдэггүй, бид зүгээр найзууд, ингэж ярихаа одооноос больцгооно уу” гээд л өөртөө итгэлтэй хэлж болно. Хэрэгтэй үед өөрийнхөө төлөө үг хэлдэг  байх нь чухал чанар.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter