

Өмнөд Солонгосын контент бүтээгчийн нэгэн энгийн бичлэгт “Vaseline” брэндийн нэрийг “Baseline” хэмээн дуудсан нь санаандгүйгээр цахим орчны шинэ тренд болж, улмаар тус брэнд өөрөө уг нэгдэн хошигнолд нэгдэн сошиал хаягуудаа “Baseline” болгон өөрчилжээ.
Солонгосын beauty, lifestyle чиглэлээр контент бүтээдэг Min Day Lee (@mindaylee_) наймдугаар сард өөрийн Vaseline-ийн цуглуулгыг харуулсан бичлэг Instagram-д нийтэлсэн байна. Тэрээр бүтээгдэхүүнүүдээ нэг бүрчлэн үзүүлэхдээ “Vaseline” гэх нэрийг удаа дараа “Baseline” хэмээн дуудсан нь үзэгчдийн анхаарлыг татжээ.
Удалгүй түүний хэллэг өөрөө бичлэгийн гол хэсгээс давж, TikTok, Instagram зэрэг платформд хүмүүс уг дуудлагыг дуурайн бичлэг хийх, “Baseline” гэх үгийг ашиглан хошигнох болсон байна. Түүний анхны бичлэг 36-38 сая гаруй хандалт авсан гэх мэдээлэл гарчээ.
ЯАГААД “VASELINE” НЬ “BASELINE” БОЛСОН БЭ?
Min Day Lee дараагийн бичлэгээрээ энэ дуудлагынхаа шалтгааныг тайлбарласан байна. Түүний хэлснээр солонгос хэлэнд англи хэлний “V” авиатай яг дүйх авиа байдаггүй тул зарим англи үгийг хэлэхдээ “V” нь “B”-тэй төстэй сонсогдож болно. Иймээс “Vaseline” нь “Baseline” мэт сонсогдсон байна.
Гэхдээ хүмүүсийн анхаарлыг зөвхөн дуудлага нь бус, Lee-ийн эрч хүчтэй, хөгжилтэй хэлж буй байдал нь илүү татсан аж. Улмаар “Baseline” гэх нэршил өөрөө сошиал мем болж, хэрэглэгчид уг дууг ашиглан олон төрлийн бичлэг хийх болжээ.
VASELINE Ч ТРЕНДЭЭС ХОЦОРСОНГҮЙ

Харин энэ трендийг хамгийн сонирхолтой болгосон зүйл нь Vaseline брэндийн хариу үйлдэл байв.
Unilever-ийн эзэмшдэг Vaseline брэнд уг дуудлагыг засахын оронд өөрсдөө тоглоомд нэгдэж, сошиал медиа дахь нэр болон профайл зургаа “Baseline” болгон өөрчилсөн байна. Мөн “шинэ нэрийг” зарласан мэт хошигносон мэдэгдэл нийтэлж, “Welcome to Baseline” хэмээн зарлажээ.
Тус брэнд бүр Min Day Lee-г хошигнон “CEO of Baseline” буюу “Baseline-ийн гүйцэтгэх захирал” хэмээн өргөмжилсөн бөгөөд түүнд уг албан тушаалыг авахын тулд ярилцлагад орох ч шаардлагагүй байсан гэжээ.

Vaseline-ийн зүгээс энэ тоглоомын хүрээнд бүтээгдэхүүн өөрчлөгдөөгүй, зөвхөн нэрний эхний үсэг нь хүмүүсийн дуудлагаас шалтгаалан өөр сонсогдож байгааг онцолжээ. Мөн брэндийн нэр дэлхийн өөр өөр улс, хэл, аялгад олон янзаар дуудагдаж ирсэн нь бүтээгдэхүүн хэр өргөн тархсаныг харуулдаг хэмээн тайлбарласан байна.
Ингэснээр нэгэн beauty creator-ийн энгийн бүтээгдэхүүн танилцуулсан бичлэг санаандгүйгээр дэлхийн хэмжээний мем болж, харин 150 орчим жилийн түүхтэй Vaseline уг трендийг өөрийн маркетингийн боломж болгон ашигласан байна.
Албан ёсны брэндийн нэр Vaseline хэвээр бөгөөд “Baseline” нь сошиал орчинд хийсэн хошигносон, түр зуурын rebrand юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!