“Michael” киноны үргэлжлэл хийгдэнэ: Хоёрдугаар ангид Майкл Жексоны амьдралын дараагийн бүлгийг өгүүлнэ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Попын хаан Майкл Жексоны амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Michael” намтарчилсан киноны үргэлжлэл албан ёсоор бэлтгэгдэж байна.

Киноны анхны анги Жексоны бага наснаас эхлэн “The Jackson 5”-ын үе, бие даасан уран бүтээлээрээ дэлхийн хэмжээний од болсон замнал болон 1980-аад оны “Bad” аялан тоглолтын үеийг голчлон өгүүлсэн. Харин кино төгсөхдөө “His Story Continues” буюу “Түүний түүх үргэлжилнэ” гэсэн бичгээр төгссөн нь үргэлжлэл хийх боломжийг анхнаасаа үлдээсэн юм.

 

ХОЁРДУГААР АНГИД ЮУ ГАРАХ ВЭ?

Одоогоор “Michael 2”-ын албан ёсны бүрэн үйл явдал болон зохиолыг зарлаагүй байна. Гэхдээ эхний кино 1980-аад оны сүүлээр төгссөн учраас үргэлжлэл нь Майкл Жексоны карьерын хамгийн алдартай, мөн маргаантай үеүүдийг хамрах боломжтой.

Тухайлбал, “Dangerous”, “HIStory”, “Invincible” зэрэг цомгийн үе, дэлхийн хэмжээний аялан тоглолтууд, хувийн амьдрал, гэрлэлт, хүүхдүүд болон 2009 онд нас барсан хүртэлх амьдралынх нь дараагийн бүлгүүдийг өгүүлэх боломжтой гэж кино урлагийн хэвлэлүүд онцолж байна.

Мөн эхний киноны зураг авалтын үеэр ашиглагдаагүй үлдсэн зарим хэсгийг хоёрдугаар ангид оруулах боломжтой аж. Lionsgate-ийн кино хариуцсан захирал Адам Фогелсон өмнө нь зураг авсан томоохон хөгжмийн үзүүлбэрүүдийн зарим хэсгийг үргэлжлэлд ашиглах магадлал өндөр гэж мэдэгджээ.

 

ХАРИН МАРГААНТАЙ АСУУДЛУУДЫГ ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?

Эхний кинонд Майкл Жексоныг олон жилийн турш дагаж ирсэн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаарх буруутгал, маргаантай асуудлуудыг бараг хөндөөгүй нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан.

Харин саяхан Майклын дүрийг бүтээсэн Жаафар Жексон GQ Middle East-д өгсөн ярилцлагадаа үргэлжлэлд эдгээр асуудлыг Майклын өөрийн байр суурийг илүү харуулах байдлаар авч үзэж магадгүй гэж ярьсан байна. Гэхдээ Жаафар өөрөө зохиолын агуулгыг шийдэх эрхгүй гэдгээ мөн онцолжээ.

Тиймээс хоёрдугаар кино нь зөвхөн хөгжмийн карьер төдийгүй Жексоны амьдралын сүүлийн хэдэн арван жилийн илүү төвөгтэй, маргаантай хэсгүүдийг хэрхэн дүрслэх нь сонирхол татахуйц сэдэв болоод байна.

ХЭЗЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙХ ВЭ?

Lionsgate-ийн мэдээлснээр “Michael 2”-ын зураг авалтыг 2027 оны сүүл эсвэл 2028 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна.

Харин киноны нээлтийг 2027 оны сүүлээс 2028 оны эхний хагас хүртэл хийхээр одоогоор тооцоолж байгаа ч яг нээлтийн огноо хараахан зарлагдаагүй байна.

Эхний “Michael” кино дэлхий даяар 1 тэрбум ам.долларын босгыг давсан анхны намтарчилсан кино болсон нь үргэлжлэлийг бүтээхэд томоохон түлхэц болжээ.

Ингэснээр үзэгчид Жаафар Жексоны бүтээсэн Майкл Жексоны дүрийг дахин дэлгэцнээс харах бөгөөд энэ удаад попын хааны амьдралын бидний өмнө нь дэлгэцээр бүрэн үзэж байгаагүй дараагийн бүлгийг өгүүлэх нь.

#Michael