

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.
COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдвэрүүд хэлцэгдэж байна.
Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч мөн чухал үүрэгтэй.
Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.
Н.НОМИН-ЭРДЭНЭ: REGISTRATION ZONE

"Намайг Номин-Эрдэнэ гэдэг. Би одоо 20 настай. COP17 бага хурлын Blue Zone хэсэгт 14 хоногийн турш тасралтгүй ажиллаж байна.
Миний ажил өглөө гадаа зогсож, хүмүүсийг угтаж, хаалгыг нь онгойлгон “Өглөөний мэнд” гэж инээж мэндчилэхээс эхэлдэг. Тийм болохоор олон хүн миний царайг таньдаг болсон. Харин би заримдаа өөрөө тэр хүмүүсийг танихгүй. Цайндаа орох гээд явж байхдаа маш олон хүнтэй тааралдаад надтай “Hi” гэж мэндлэхэд хааяа “Хэн билээ?” гэж бодох үе ч гардаг.(инээв)
Ер нь бол сайн дурын гэхээсээ илүү олон хүн таньдаг болоод мэдлэгийн хүрээ болон танилын хүрээгээ тэлж байгаа нь хамгийн дурсамжтай байгаа. Бас өөрийнхөө зан чанаруудыг ч олж нээсэн. Жишээ нь би өөрийгөө их дотогшоо, нийтэч биш хүн гэж боддог байсан. Харин энд олон хүнтэй өдөр бүр харилцаж, хүмүүстэй мэндэлж, ярилцаж байх явцдаа өөрийгөө бодсоноосоо илүү нийтэч хүн юм байна гэдгээ ойлгосон."
О.ЦЭЛМЭГ: CULTURE ZONE

"Сайн байна уу. Намайг Цэлмэг гэдэг. Би одоо мехатроник инженерийн чиглэлээр суралцдаг 3-р курсын оюутан. COP17-ийн Blue Zone-ийн Culture хэсгийн голын гэрт байрлан ажиллаж байгаа. Энд ирэхээсээ өмнө Green Zone-ийн staff cafeteria-д сайн дурын ажилтнуудыг ахлан ажиллаж байсан. Тэнд дөрвөн өдөр ажиллаад Blue Zone руу шилжиж ирсэн.
Яагаад сайн дурын ажил хийхээр шийдсэн бэ гэвэл илүү идэвхтэй амьдарч, өөрийгөө шинэ зүйлээр сорьж үзэхийг хүссэн. Мөн англи хэлээ өдөр тутмын амьдралдаа илүү ашиглаж, хүмүүстэй харилцах замаар хэлний чадвараа хөгжүүлэхийг тулд анх бүртгүүлж байсан.
Одоогоор хийж байгаа ажил маань надад үнэхээр их таалагдаж байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүс бүгд маш соёлтой, бие биетэйгээ хүндэтгэлтэй харилцдаг. “Hi”, “Good morning”, “Good afternoon”, “Hello” гэх мэтээр бие биетэйгээ эелдэг харилцаж, “Энд тоглолт, үзүүлбэр болж байна, ороод үзээрэй”, “Welcome” гэх мэтээр зочдыг урьж байгаа нь их сайхан санагдаж байгаа.
Мөн сайн дурын ажилтнуудад зориулсан хоол, бусад хангамж, боломжууд их байгаа. Green Zone-д ажиллаж байх үед Golf Court хүртэл байсан нь их сонирхолтой санагдсан. Ерөнхийдөө энд ажиллаж байгаа хугацаа надад маш сайн туршлага болж байна."
Г.СОНОМ-ЯНЖМАА: FOOD COURT ZONE-ИЙН БАГИЙН АХЛАГЧ

"Сайн байна уу. Энэ сайхан өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. Намайг Гантулга овогтой Соном-Янжмаа гэдэг. Би Хуулийн сургуулийн оюутан. COP17 хуралд сайн дурын идэвхтнээр оролцож байгаа маань хариуцлагатай, нэр хүндтэй эрхэм, бахархам сайхан байна.
Олон төрлийн нас, хүйс, шашин, гарал үүсэл, нийгмийн байр суурь харгалзахгүй хүмүүстэй харилцсанаар илүү харилцааны ур чадвар болон хэлний мэдлэг нэг шат ахисан. Мөн түүнчлэн ирээдүйн ажил карьерын хувьд зохион байгуулах, ачаалал даахуйц, түргэн шуурхай чанартай зэрэг гайхалтай ур чадвар, туршлагыг олж авлаа.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамт олон, COP17 ажлын хэсгийн албаныхан болон НҮБ-ын бүх сайн дурын ажилтанууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна."
Ё.БАРСБОЛД: D ZONE БАГИЙН АХЛАГЧ

"Сайн байцгаана уу. Намайг Ё.Барсболд гэдэг. Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Банк хөтөлбөрийн 4-р курст суралцдаг.
Өмнө нь "Tech Week 2025", "ICT Forum" зэрэг технологийн салбарын үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах багт ажиллаж, төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт хүртэлх бүхий л үе шатанд оролцож байсан туршлагатай.
Энэ туршлагадаа тулгуурлан НҮБ-ын дэлхийн хэмжээний хурал болох COP17-д зохион байгуулах багийн гишүүнээр ажиллаж байна.
Миний хувьд D бүсийн багийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан, хурлын бэлтгэл ажил, техник технологи болон логистикийн зохион байгуулалтыг хариуцаж байна. Бидний гол зорилго бол олон улсын төлөөлөгчид, зочдод хурлын үйл ажиллагааг саадгүй, ая тухтай явуулах орчныг бүрдүүлж, цагийн нарийн зохицуулалтыг хангах юм.
COP17-д оролцож байгаа сэтгэгдлийнхээ тухайд гурван зүйлийг онцолмоор байна. Нэгт, дэлхийн түвшний ач холбогдол. Цөлжилт, хөрсний доройтол нь зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийг хамарсан томоохон асуудал. Ийм глобал асуудлыг шийдвэрлэх олон улсын хэлэлцүүлгийн арын зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Хоёрт, мэргэжлийн болон хувь хүний өсөлт. Үндэсний хэмжээний арга хэмжээнүүдээс 190 гаруй орны төлөөлөгч оролцож буй олон улсын хуралд ажиллаж байгаа нь баг удирдах, олон улсын стандартын дагуу ажиллах тал дээр маш том туршлага болж байна.
Гуравт, залуучуудын манлайлал. Эх орондоо зохион байгуулагдаж буй дэлхийн хэмжээний арга хэмжээнд залуучууд идэвхтэй оролцож, хариуцлагатайгаар хувь нэмрээ оруулж байгаа нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм.
Д.БУЯНХИШИГ: A ZONE

"YOLO сайтыг уншиж байгаа, дагадаг бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Надаас ярилцлага авч байгаа энэ үйл явдал надад их талархууштай байна.
Намайг Д. Буянхишиг гэдэг. Би одоо 42 настай. Бизнесийн салбар, тэр дундаа жижиг, дунд бизнесийн чиглэлээр менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
COP17-ийн хүрээнд ажиллаж байгаа сайн дурын ажилтнуудын дундаж нас 24-25 орчим байх шиг санагдсан. Харин миний хувьд тэдэнтэй харьцуулахад арай ахимаг насны сайн дурын ажилтан болж оролцож байна.
Яагаад COP17-д сайн дурын ажилтнаар оролцож байгаа вэ гэвэл, миний ажлын үндсэн зорилго бол тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг байгууллага болон тэнд ажиллаж байгаа нийт хүмүүст түгээх юм. Үүнийхээ хүрээнд байгууллагуудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ онгон хэвээр нь үлдээхэд хувь нэмрээ оруулдаг байхад нь дэмжих зорилгоор үйлчилгээ, сургалтыг хүрээнд ажиллаж байна.
COP17-д оролцож байгаа сэтгэгдэл маань үнэхээр өндөр байна. Энэ том хурлын нэг хэсэг болж, олон улсаас ирсэн зочид, төлөөлөгчдөд өөрийн чадах, мэдэх зүйлээрээ тусалж, дэмжлэг үзүүлж байгаадаа маш их баяртай, сэтгэл хангалуун байна.
Энэ 12 хоногийн хугацаанд манай сайн дурын ажилтнууд бүгд сэтгэл зүрхээ гарган, маш сайхан ажиллаж байна. Ялангуяа энэ залуучуудаараа үнэхээр бахархаж байна. Өөрөө ч бас тэдний нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байгаа.
М.МӨНХЦЭНГЭЛ: BUFFET AREA


"Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнхбатын Мөнхцэнгэл гэдэг. Би Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт ажилладаг.
Багаасаа Улаан Загалмайн Нийгэмлэгийн гишүүнээр элсэж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцон, өөрийн үеийн залуучуудыг дагуулж, хамтдаа сайн дурын үйл ажиллагаанд оролцож ирсэн.
Энэ жилийн хувьд COP17 манай Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь онцлох үйл явдал болж байна. Тиймээс COP17-ын үеэр сайн дурын ажилтнаар бүртгүүлж, энэхүү том арга хэмжээний нэг хэсэг болж ажиллаж байна.
Одоогоор ер нь бидний ажил үндсэндээ дуусах дөхөж, энэ жилийн хурал маань амжилттай зохион байгуулагдаж байна. Миний хувьд Buffet Area буюу хүмүүс өдрийн хоолоо идэж, амарч, хоорондоо танилцаж, ажлынхаа завсарлагааг өнгөрүүлдэг хэсэгт ажиллаж байгаадаа баяртай байгаа.
Ер нь энэ том арга хэмжээнд оролцсоноороо нэр төрийн хэрэг болж байна. Мөн олон шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлж, олон шинэ зүйл сурч, өөртөө үнэ цэнтэй туршлага хуримтлуулж чадлаа.
Энэ том арга хэмжээнд оролцож, арын албанд нь ажилласан нийт ажилчид болон сайн дурын ажилтан найз нөхөддөө баяр хүргэж, цаашдын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье.
Б.AМИНАА: REGISTRATION ZONE

"Намайг Аминаа гэдэг. Би энэ жил МУИС-ийн ботго болж байгаа (1-р түвшний оюутан). COP17 шиг дэлхийн өндөр түвшний олон улсын арга хэмжээнд сайн дурын ажилтнаар сонгогдон ажиллаж байгаа нь миний хувьд маш их бахархал, хариуцлага хосолсон онцгой туршлага болж байна.
190 гаруй орны төлөөлөгч нартай нэг орчинд ажиллаж, олон улсын томоохон арга хэмжээ хэрхэн зохион байгуулагддаг зэргийг дотроос нь мэдэрч, их зүйл сурч байна. Хамгийн гол нь би Монгол улсаа төлөөлж байгаа нэгэн гэдгээ илүү ихээр мэдэрч, хийж буй ажилдаа хариуцлагатай хандахыг хичээж байгаа.
Энэ хугацаанд багаар ажиллах, хүмүүстэй зөв харилцах, аливаа нөхцөлд хурдан шийдвэр гаргах, цаг баримтлах, хариуцлагатай байх зэрэг олон чадвараа хөгжүүлж байна. Ирээдүйд олон улсын чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэл, урам зоригийг бадрааж, хуримтлуулсан туршлага минь цаашдын маш том алхам болж өгч байгаа гэж бодож байна.
Миний хувьд залуус бол байгаль орчны асуудлын ирээдүйн эзэд төдийгүй өнөөдрийн үзэгч биш, өөрчлөлтийн эхний мөрөнд зогсох хөдөлгөгч хүч гэж боддог. Залуусын оролцоо жижиг биш, залуучууд бид нэгдэхэд том өөрчлөлтийн эхлэл нь болж чаддаг юм шүү."
О:ЭРДЭНЭ-C ZONE БОЛОН НЭМЭЛТ ТУСЛАМЖИЙН БАГ
"Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэ гэдэг. Финланд улсад суралцдаг оюутан. Би C бүс болон нэмэлт тусламжийн багийн гишүүнээр ажиллаж байна. COP17-д сайн дурын ажилтнаар оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг, бас маш сайхан боломж болж байна.
Энд зохион байгуулалтын түвшин үнэхээр өндөр байна. Миний өмнө нь оролцож байсан бусад томоохон арга хэмжээнүүдээс маш их ялгарч, онцгой санагдаж байгаа.
Зохион байгуулагчдын баг логистик болон үйл ажиллагаатай холбоотой олон нарийн асуудлыг маш сайн зохицуулж байгаа учраас бид сайн дурын ажилтнууд өөрсдийн хариуцсан үүрэгтээ бүрэн төвлөрч ажиллаж байна.
Мөн удирдлагын багтаа маш их талархаж байгаа. Хэдийгээр ажлын цаг урт, ачаалал ихтэй байгаа ч бидний эрүүл мэнд, тав тухыг байнга анхаарч, шаардлагатай үедээ амарч, эрч хүчээ нөхөхийг тогтмол сануулж, дэмжиж байгаа нь талархууштай байна."
Б. ТӨМӨРХҮҮ-ТӨВ ШТАБ

"Сайн байцгаана уу, намайг Б.Төмөрхүү гэдэг. Би 20 настай. Одоогоор Турк улсад Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг 2-р курсын оюутан.
Монгол Улсад анх удаа 197 орон оролцож байгаа ийм том хэмжээний олон улсын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь миний хувьд маш онцгой санагдаж байна. Миний мэргэжил өөрөө олон улсын харилцаатай холбоотой учраас эндээс суралцаж, өөрийн биеэр туршлага хуримтлуулахаар сайн дурын ажилтнаар оролцож байна.
Одоогоор би Төв штаб буюу Төв захиргааны хэсэгт ажиллаж байгаа. Зохион байгуулагч ах, эгч нар маань бидний хэрэгцээ, тав тух, хоол унд болон ээлжийн зохицуулалтад маш сайн анхаарч, үргэлж дэмждэг учраас ажиллахад тухтай сайхан байдаг. Бид ч гэсэн үүнийг нь хүндэтгээд ирсэн зочдыг хамгийн сайхнаар угтан авч, чадах бүхнээрээ туслахыг хичээж байна.
Сайн дурын ажил хийхийн хамгийн сонирхолтой нь маш олон орны хүмүүстэй уулзаж, өөр соёл, үзэл бодолтой танилцах явдал юм. Өмнө нь сонсож байгаагүй орнуудаас хүртэл хүмүүс ирсэн нь их сонирхолтой санагдсан.
Бидний хийж байгаа жижигхэн тусламж, дэмжлэг цаашдаа илүү том өөрчлөлтийн нэг хэсэг болно гэж бодохоор маш их урам авдаг. Залуу байхдаа эх орондоо зохион байгуулагдаж буй ийм том арга хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаадаа үнэхээр баяртай бас бахархаж байна."
Т.САРАНГОО: DELEGATION PAVILION

"Сайн байна уу, манай баг нь цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хуралд “Delegation pavilion”-ийг хариуцан ажиллаж байна. Энэхүү хэсгийн онцлог нь улс орон, олон улсын байгууллагууд, олон улсын бизнесийн байгууллагуудын нийтдээ 60-аад booth-үүд байршсан ба тус бүр өөр өөрсдийн онцлогийг шингээсэн өнгөлөг, өвөрмөц дотоод интерьер бүхий павилионууд өдөр бүр онцлох сэдвүүдээр side event, panel discussion зэргийг өрнүүлж байна.
Манай сайн дурын идэвхтнүүд энэхүү хэсэгт орж ирж буй зочид төлөөлөгчдийг эерэг найрсгаар угтан, тэднийг чиглүүлэх, хурал зохион байгуулж буй павилионы төлөөлөгчид туслах, зочдын урсгалыг зөв залуурдах, мэдээлэл хүргэх зэргээр өдөрт дунджаар 1000-аад зочдод үйлчилж байна.
Ажлынхаа хажуугаар павилионуудаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцах болон чөлөөт цагаараа эвентүүдэд оролцох боломжтой байдаг. Зохион байгуулагчид бидэнд маш найрсгаар ханддаг.
Жишээ нь Турк улсын павилионоор зочлоход амттан, цайгаар дайлж, профессор Мухаммед судалгаагаа танилцуулж, ноён Йылдырым нэрийг маань каллиграфаар бичиж өгсөн нь их дотно санагдсан. Энэхүү хэсэгт ажиллаж, COP17 хурлын зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа маш баяртай байна."
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!