Ажиллаж, амьдрахад хамгийн таатай хотоор Вена тодорчээ


Сондор | YOLO.MN
2018-03-20
Вена хот

Дэлхийн хүний нөөцийн хамгийн том консалтингийн пүүс болох “Мерсер” ажиллаж, амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтаа танилцуулсан байна.

Судалгаанд хамрагдсан дэлхийн 231 хотоос Австрийн нийслэл Вена хот амьдрахад хамгийн таатай хотоор шалгарсан бол Иракийн Багдад хамгийн сүүлийн байрт бичигдэж, хамгийн таагүй хотоор “шалгарчээ”.  

Хотуудыг улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, боловсролын салбар, гэмт хэргийн гаралт, зугаа цэнгэл, тээврийн үйлчилгээ гэсэн хүчин зүйлүүдийг нь харгалзан үзэж жагсаадаг аж.

Тус судалгаа нь албан байгууллагууд болон компаниудад гадаадад ажиллаж, амьдарч буй ажилчдынхаа цалин хөлс, урамшуулал, зардлыг тооцоход ихээхэн ач холбогдолтой аж.

Эхний 10-т Европын найман хот багтсанаас ХБНГУ-ын гурав, Швейцарийн гурав, Шинэ Зеланд болон Австралийн нэг нэг хот багтжээ.

1.8 сая хүн амтай Австрийн нийслэл Вена хот соёл урлаг, түүхийн төв гэдгээс гадна иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн цогц үйлчилгээ, байр орон сууц нь боломжийн үнэтэй зэрэг нь дээрх жагсаалтыг ес дэх жилээ дараалан тэргүүлэхэд хүргэжээ.

Вена хотын араас Швейцарийн Цюрих, Шинэ Зеландын Оклэнд, Германы Мюнхен хотууд тус тус бичигдсэн байна.

Ванкувер хот

Хойд Америк тивээс Канадын Ванкувер хот тавд, Азийн хотуудаас Сингапур 25-д, Латин Америкаас Уругвай улсын Монтевидео хот 77-д жагссан байна.

Харин 89-д бичигдсэн Өмнөд Африкийн Дурбан хот Африк тивээс ажиллаж, амьдрахад хамгийн тааламжтай хотоор тодорсон байна.

Их Британийн нийслэл Лондон хот өмнөх жилийнхээс нэг байр ухарч 41-д бичигджээ.

Өнгөрсөн 20 жилд Зүүн Европын хотуудын дийлэнхийнх нь амьдралын түвшин дээшилсэн болохыг тус жагсаалтаас харж болох юм. Жишээ нь Босни ба Херцеговины нийслэл Сараево 159-д, Словакийн нийслэл Братислав 80-д жагссан нь байна.

Мерсер пүүсийн Европ болон Номхон Далайн орнуудыг хариуцсан Ерөнхийлөгч Мартин Ферландын хэлснээр амьдралын түвшин нь дээшилж,хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээл нь томорсноор судалгаанд хамрагдсан ихэнх хотууд олон улсын томоохон албан байгууллагууд болон бизнесүүдийг татах болсон гэнэ.

2003 онд Иракт Америкийн цэргийн хүч орсон цагаас хойш хүчирхийллийн давлагаанд автсан нийслэл Багдад хот өнгөрсөн 10 жилийн турш тус жагсаалтын хамгийн доор бичигдэж байгаа билээ.

Өлсгөлөнд нэрвэгдсэн Йемений нийслэл Сана хот 229д, долоон жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Сирийн нийслэл Дамаск 225-д тус тус бичигджээ.

Хотуудын жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Mercer.com

#ViennaCity #Life #World