FROZEN 3: Элсатай эн зэрэгцэх хүчтэй шинэ хорон санаатан гарч, Олаф хайр дурлалтай учирна


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дисней “Frozen 3”-ын шинэ хэсгүүдийг анх удаа танилцуулж, бидний хайртай дүрүүдийн дараагийн адал явдлаас сонирхолтой мэдээллүүдийг дэлгэлээ. Шинэ ангид Анна, Кристофф хоёр хуримаа хийх бол Олаф анхны хайртайгаа учирч, Элса, Анна хоёр шинэ хүчтэй дайсантай нүүр тулах нь.

ЭЛСАТАЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ХҮЧТЭЙ ШИНЭ ХОРОН САНААТАН ГАРЧ ИРНЭ

2026 оны D23 арга хэмжээний үеэр Дисней “Frozen 3”-ын шинэ хэсгүүдийг (footage) үзэгчдэд танилцуулжээ. Уг дүрс бичлэгт Анна, Элса, Олаф, Кристофф болон Sven нар эргэн ирэхээс гадна тэдний өмнө цоо шинэ аюул тулгарахыг харуулсан байна.

Хамгийн их анхаарал татсан зүйл нь Элсатай эн зэрэгцэхүйц хүчтэй шинэ эмэгтэй хорон санаатан гарч ирж байгаа явдал байлаа. Дисней уг дүрийн нэр болон гарал үүслийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ шинэ хэсэгт уг эмэгтэй Arendelle-ийн эгч дүү хоёртой уулзахдаа:

“Arendelle-ийн эгч дүүс ээ, бид эцэст нь уулзлаа.”
(“The sisters of Arendelle, we finally meet.”)

хэмээн хэлдэг аж.

Түүний энэ үг Элса, Анна хоёрыг урьд өмнө нь мэддэг эсвэл тэдний талаар тодорхой мэдээлэлтэй байж болзошгүй гэсэн таамгийг төрүүлээд байна. Мөн Элсатай эн зэрэгцэх хүчтэй харагдаж байгаа нь шинэ анги өмнөх хоёр киноноос илүү том сорилтыг харуулахыг сануулжээ.

АННА, КРИСТОФФ ХОЁР ЭЦЭСТ НЬ ХУРИМАА ХИЙНЭ

“Frozen 3”-ын бас нэг том үйл явдал бол Анна болон Кристофф нарын хурим юм.

Анхны киноноос хойш хөгжиж ирсэн тэдний харилцаа энэ удаад шинэ шатанд хүрч, хуримын ёслол болох нь шинэ дүрс бичлэгээр тодорхой болжээ. Элса ч мөн дүүгийнхээ энэ чухал мөчид хамт байх аж.

Гэхдээ Аннагийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг болох хуримын үеэр эгч дүү хоёрын өмнө шинэ аюул гарч ирэх бололтой.

ХАРИН ОЛАФЫН ХУВЬД... ХАЙР ДУРЛАЛ ЭХЭЛНЭ

Киноны хамгийн санаанд оромгүй, хөгжилтэй мэдээ нь Олаф хайр дурлалтай болох явдал байлаа.

Бидний хайртай цасан хүн шинэ ангид Саманта хэмээх цасан охинтой учрах бөгөөд түүнд сэтгэлтэй болох бололтой. Тэр ч байтугай Олафын Самантад зориулсан шинэ дууг D23 арга хэмжээний үеэр жүжигчин Josh Gad тайзан дээр дуулжээ. Уг дууг “Ooooh, Samantha” гэж нэрлэсэн бөгөөд “Frozen” цувралын хөгжмийг бүтээдэг Оскарын шагналт Kristen Anderson-Lopez, Robert Lopez нар зохиосон байна. 

Сонирхолтой нь Samantha гэдэг нэр “Frozen 2”-ын нэгэн хөгжилтэй хэсэгтэй холбоотой. Тухайн үед Олаф өөрийнхөө ярианы үеэр “Саманта” гэх нэрийг гэнэт дурдсан ч уг нэртэй дүр үнэндээ байгаагүй. Харин одоо тэр хошигнолыг “Frozen 3”-т жинхэнэ дүр болгон хөгжүүлж байгаа бололтой. Ингэснээр Олаф энэ удаад зөвхөн Анна, Элса хоёрын хөгжилтэй туслах дүр биш, өөрийн гэсэн хайр дурлалын түүхтэй болох нь.

ЭЛСА, АННА ХОЁР ШИНЭ ЕРТӨНЦӨД АЯЛНА

Шинэ дүрс бичлэгээс харахад үйл явдал зөвхөн Arendelle-ийн хаант улсаар хязгаарлагдахгүй аж.

Элса болон Анна хоёр үл мэдэгдэх, цастай шинэ газар руу аялж, тэнд шинэ аюултай нүүр тулах бололтой. Харин энэ шинэ ертөнц нууцлаг эмэгтэй хорон санаатантай ямар холбоотой болох нь одоогоор тодорхойгүй байна.

Дисней киноны үйл явдлын гол хэсгүүдийг нууцалж байгаа тул шинэ дайсны гарал үүсэл, зорилго болон Элсатай ямар холбоотой болохыг үзэгчид кино нээлтээ хийсний дараа бүрэн мэдэх боломжтой.

“FROZEN 3” ХЭЗЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙХ ВЭ?

“Frozen 3” кинонд Kristen Bell Anna, Idina Menzel Elsa, Jonathan Groff Kristoff, Josh Gad Olaf-ын дүрд дуу оруулна. Харин хөгжмийг “Frozen” цувралын өмнөх ангиудын дууг бүтээсэн Kristen Anderson-Lopez, Robert Lopez нар үргэлжлүүлэн хийх юм.

Анхны “Frozen” 2013 онд, “Frozen 2” 2019 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги зургаан жилийн дараа буюу 2027 оны 11-р сарын 24-нд кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.

Ингээд Anna-гийн хурим, Elsa-тай эн зэрэгцэх хүчтэй шинэ хорон санаатан, үл мэдэгдэх мөсөн ертөнц болон Olaf-ын анхны хайр гээд “Frozen 3” өмнөх ангиудаас илүү олон сонирхолтой үйл явдлыг багтаах нь тодорхой боллоо.

#FROZEN