20 нас хүрэхээс өмнө хийх ёстой 20 зүйл


Сондор | YOLO.MN
2018-05-25

Амьдралын нэг хэмнэлтэй хэв маяг хүнийг уйтгарт автуулах нь бий. Ялангуяа хорь ч хүрээгүй залуу хүнд уйдах зав гарах ёсгүй юм. Энэ үед хичээл номын хажуугаар өөрийгөө бие хүн болгож төлөвшүүлэх хэд хэдэн зүйлсийг хийх нь чиний амьдралыг улам гэгээлэг, хөгжилтэй, зорилготой болгох болно. Нэг үгээр чи дараах 20 зүйлийг хэрэгжүүлж, өөртөө төлөвшүүлсэн байхад залуу насны гараа болсон 20 нас хүрэхэд чи гайхам амжилт гаргахад аль хэдийнэ бэлэн болсон байна гэсэн үг юм.

Тиймээс 20-н нас хүрэхээс өмнө хийх ёстой 20-н зүйлийг туршаад үзээрэй.

1. Марафонд гүй
Гүйлтийн тэмцээн, марафонд оролц. Заавал түрүүлэх албагүй ч энэ нь нэг талаараа чи өөрийгөө хэр их тэсвэр тэвчээртэйг харуулах нэг шалгуур гэж ойлго. Жил бүрийн марафонд оролцдог уламжлалтай болсон ч болно шүү дээ.

2. Шинэ найзтай бол
Найз нөхдийн тоо хязгаартай байх ёстой гэж бодож байна уу. Үгүй юм. Танилтай хүн талын чинээ гэдэг сайхан үг байдаг. Тиймээс олон найз нөхөртэй байх тусам чиний амьдрал гэгээлэг, хөгжилтэй байх болно. Гэхдээ олон найзтай болж байна гээд таарсан болгонтойгоо сүжирээд явах биш санаа нийлсэн, эерэг нөлөөтэй нөхөдтэй болох хэрэгтэй. Сайхан дурсамжуудын ихэнх нь найз нөхөдтэй холбоотой байдаг гэдгийг санаарай. Мөн бусадтай эелдэг сайхан харьцаж бай.

3. Явган аялал хий
Ой модоор зугаалж, уул хад, хээр талд явган аялал хий. Найзуудтай цуг майхангаа үүрээд хоног төлөвлөж явган аялал хийсэн ч болно. Гэхдээ энэ үед зэрлэг амьтан, гарч болох эрсдэл зэргээс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ сайн хийж, анхааралтай байх хэрэгтэй.

4. Өдөр бүр бич
Өдөр бүр тохиолдож байгаа үйл явдлыг бидний тархи нэг бүрчлэн дурсамж болгон хадгалж чадахгүй. Тиймээс өдрийн тэмдэглэл бичиж өөрт тохиолдсон гайхалтай зүйлс, тэр өдрийн мэдрэмж гээд онцгой зүйлсээ бичиж өөрийн түүхээ бүтээ. Чи сэтгүүлч, зохиолч гээд бичгийн холбогдолтой мэргэжил эзэмшихээр төлөвлөсөн бол яалт ч үгүй өдрийн тэмдэглэл бич. Өдрийн тэмдэглэлийн ач тус нь бичих чадвар сайжрахын сацүү хүн өөрийгөө “олж”, өөрөө өөртэйгөө ярилцахад тусалдаг юм шүү.

5. Үсний засалтаа өөрчил
Хүний амьдралыг нэгэн хэвийн болгодог зүйлийн нэг нь стиль тэр дундаа үсний засалт байдгийг чи мэдэх үү. Тиймээс өөрийн хүссэн (гэхдээ чамд зохино гэж бодож байвал) үсний хэв маягийг зоригтойгоор өөрчил. Бусдаас онцгой байх гэсэн хүслээ нууж бус ил гарга. Хувцаслалт, стилиэ шийдмэгээр өөрчилсөн ч болно.

6. Охид оёж, хөвгүүд засаж сур
Чи эмэгтэй хүн мөн л бол оёж, нэхэж сураарай. Өөртөө зуны даашинз, гоёлын хүрэм оёод өмсчих хэмжээний чадварлаг оёдог болохыг зорьсон ч болно. Сургалтанд сууж, сонирхол нэгтэй хэн нэгэнтэй найзууд бол. Ямартай ч даашинзныхаа ханзарсан хэсгийг умайлгаж биш нямбай оёж чаддаг болох хэрэгтэй. Мөн охид ирээдүйн гэрийн эзэгтэй болохын хувьд хоол хийж сурах хэрэгтэй. Харин хөвгүүд нь гэрийн эзэн аав л бүхнийг засаж байх ёстой гэсэн бодлоо хаяж өөрийн чадах хэмжээгээр гэрийнхээ ямар нэгэн зүйлийг засаж чаддаг бол. Энэ үед харин эхлээд ааваасаа, ахаасаа тусламж хүсээрэй. Адаглаад гулууз мах эвдэж байгаа аавыгаа хараад түүнийг нь сураад авчих хэрэгтэй. Хэтдээ чамд энэ нь хэрэг болно.

7. Нар мандахыг хар
Өглөө тагтан дээрээ гараад нар мандахыг хар гэж хэлж байгаа юм биш шүү. Уулын цаанаас нар мандахыг харах нь хүнд ямар гоё мэдрэмжийг төрүүлдэг гээч. Гоё сайхан зүйл үзэж харахад мөнгө төлдөг болсон энэ цагт үүнийг үзэхэд чи ямар ч мөнгө төлөх шаардлагагүй нь гайхалтай. Энэ үед зөвхөн сайхан бодлууд л толгойд чинь эргэлдэх бөгөөд хэтийн зорилго, мөрөөдлөө биелж байна гэж төсөөлсөн ч болно. Дээр дурдсан явган аялал хийх зөвлөгөөг хэрэгжүүлж байхдаа үүнийг хийсэн ч болно.

8. Хадгаламж нээ
Чамайг төрөхөд ээж аав чинь чамд зориулж хадгаламж нээснээс гадна өөрийн тусдаа хадгаламж нээ. Их, бага гэлгүй мөнгө хуримтлуулж, түүнийгээ гэнэтийн хэрэгтэй зүйлдээ ашиглаж бай. Бүр болохгүй бол мөнгөний гахай ав. Аав ээжийн өгдөг халаасны мөнгөнөөсөө бага багыг цааш нь хийж болно. Энэ нь цаашлаад чиний ирээдүйн санхүүгийн төлөвшлийг бий болгож, хуримтлалтай нэгэн болоход туслана гэсэн үг. Чи цагийн ажил хийдэг бол бүр ч сайн, сард тодорхой хэмжээний мөнгө хийгээд заншчих.

9. Шинэ зүйлийг шууд л турш
Хүссэн зүйлээ дараа нь гэж хойш тавилгүй шууд л хэрэгжүүл. Бүжгийн дугуйланд явмаар байна уу. Тэгвэл “хэзээ нэгэн цагт хийнэ” гэж бодолгүй хүссэн даруйдаа сургалтад бүртгүүл. Аливаа зүйлийг сурахад эртэднэ эсвэл оройтно гэж байдаггүй юм шүү. Харин ч залуу насандаа олон зүйлийг туршаад үзчихэд нас тогтсон хойноо харамсах хэрэг гарахгүй гэдгийг сана.

10. Цахим ертөнцийг хязгаарла
Цахим ертөнцөд хэт донтож цагийг хий дэмий өнгөрүүлдэг нэгэн бол чи 20 нас хүрсэн хойноо юу ч хийж бүтээгээгүй, цаашид ч бүтээх чадвар сул нэгэн байх болно гэдгийг сайн санаарай. Тиймээс цахим ертөнцөд зарцуулах цагаа аль болох багасга. Тэгээд ч фэйсбүүк хэрэглэгчид бусадтай өөрийгөө хэт харьцуулж, сэтгэл гутрамтгай болдог гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг. Тиймээс тунг нь тааруул, хаавал бүр ч сайн. Эсвэл фэйсбүүк хаягаа түр хаагаад 7 хоноод үзээрэй. Чи өөртөө болон хайртай хүмүүстээ ямар их цаг гаргаж, сэтгэл амар амьдарч болдгийг мэдэрнэ.

11. Зорилгоо тодорхойл
Ирээдүйд чи ямар хүн болмоор байна, түүнийгээ төсөөл. Төсөөлж буй хүн шигээ болоход чамд одоо ямар чадвар, юу юу хэрэгтэй вэ гэдгийг тодорхойл. Тэгээд түүнийгээ өөртөө бий болгохоор зорь. Зорилгын дэвтэр ч гаргасан болно.

12. Спортоор хичээллэ
Чамд ямар нэг дуртай спорт байдаг л биз дээ. Тэгвэл чөлөөт цагаараа дуртай спортоороо хичээллэ. Спорт чамд тэсвэр тэвчээр, сайхан галбир, эрүүл бие авчирна. Биеийн хөгжил эд явагддаг насан дээрээ спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй юм. Тиймээс ямар нэг спортоор хичээллэж занших нь өөртөө хийх том хөрөнгө оруулалт юм шүү.

13. Үндэс угсаагаа судал
Нэн түрүүнд Монголын нууц товчоо номыг унш. Мартчихсан юм шиг санагдаад байвал дахиад л унш. Харин ээж аав чинь ургийн бичиг хөтөлдөг бол маш сайн, хөтөлдөггүй бол чи аав ээжээсээ туслалцаа авч одооноос эхлэн хөтөлж эхлэх хэрэгтэй. Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үг байдаг шүү дээ.

14. Ном унш
Ном унших нь сайн гэдгийг чи мэдэж байгаа хэрнээ залхуу чинь хүрч уншихаас халгаад байдаг уу. Ном уншихыг чи таашаадаггүй бол унших дуртай болгох нэг аргыг чамд зааж өгье. Чи ямар төрлийн кино үзэх дуртай, яг тийм төрлийн номыг (ямар ном уншихаа ном сайн мэддэг хүнээс зөвлөгөө авбал бүр сайн) нэг өдөр барьж аваад л суучих. Кино чамайг яаж татдаг вэ, тэр ном эхлэлээсээ л чамайг яг тэгж л татах болно. Ном унших нь бичгийн болон хэл ярианы чадварт эерэгээр нөлөөлдөг юм.

15. Клубт хамрагд
Хүн болгонд л өөр өөрийн дуртай зүйл байдаг. Тэр сонирхлынхоо дагуу клубт (фэйсбүүк группч байж болно) хамрагдаж бай. Сонирхол нэг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөж, үзэл бодлоо хуваалц. Ингэснээр танилын хүрээгээ тэлээд зогсохгүй, амьдрал чинь илүү сонирхолтой болно.

16. Үзвэр, тоглолт үз
Дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үзэж цагийг сайхан өнгөрөө. Бүр боломжтой бол гарын үсгийг нь авч, хамтдаа гэрэл зургаа татуул. Дараа нь үүнийг хийгээгүйдээ харамсахгүйн тулд зарим үед зориг гаргах хэрэгтэй байдгийг санаарай.

17. Гэр бүлдээ талархаж сур
Өсвөр насанд найз нөхөд, найз охин/хүү гэсээр энэ хорвоогийн хамгийн гайхалтай хүмүүс болох ээж аавыгаа төдийлөн анзаарахгүй байх нь элбэг. Гэхдээ тэд чамд гомдоллодоггүй байж болох ч чи тэдэнд ямар их талархаж явдгаа үгээр, үйлдлээр илэрхийлвэл тэд ямар их баярлах бол. Тэд чамайг хичээнгүй, зөв хүн болж төлөвшиж байгааг хараад хамгийн ихээр баярладаг юм шүү.

18. Хариуцлагатай бай
Хэн нэгний тарьсан хэргийг өөр нэгэнд тохдог хүүхэд шиг зан чинь одоо дуусгавар болох ёстой. Аливаад хариуцлагатай байж сур, өөрийн алдаагаа ухамсарлаж дахин давтахгүйг хичээ.

19. Дурла
Шохоорх, дурла, хайрла. Хамтдаа инээ, хөгжилд, цагийг хэзээ ч мартагдахааргүй сайхан өнгөрөө. Бие биедээ тунин уурлаж, гуниглан уйлах мөч гарах ч энэ нь хожмын нэг өдөр чамд гэгээн дурсамж болон үлдэнэ.

20. Том болох гэж бүү яар
Чи хэн нэгэн насанд хүрсэн хүнээс “Та хүүхэд насандаа очмоор байна уу” гэж асуугаарай. “Үгүй” гэж хариулах нэг ч хүн байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гэгээн бөгөөд нандин нас бол өсвөр нас байдаг билээ. Тиймээс чи хэзээ нэгэн өдөр нас биед хүрэхээс л хойш нандин, гэгээн дурсамжтай энэ л үеэ хир толбогүй үлдээх хэрэгтэй. Том болох гэж бүү яар. Найз нөхөд чинь архи тамхи гэх мэт муу зүйлд уруу татсан ч чи томчуудын тоглоомыг алгасаж байгаарай.

#Амьдрал #Залуунас #Чөлөөтцаг