“Баримтаар баталгаажуулъя” илтгэлийн уралдааныг зарлалаа

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, "Сонгогчдын боловсрол төв" ТББ-аас "Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд ТББ ахлах ангийн сурагч, оюутан, судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, мэргэжлийн албан хаагчид оролцох боломжтой.
Энэхүү уралдаанд илэрхийлэгдсэн санал бодол нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо эсвэл АНУ-ын Засгийн газрын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.
Илтгэлийн уралдааны зорилго:
Нийгмийн сүлжээ, цахим орчинд тархдаг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг таних, илрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийг баримтаар баталгаажуулж, нягтлах (fact check) арга зүйг олон нийтэд түгээх, сонгуулийн үеийн зорилтот ташаа мэдээллийг нягтлах сэтгэлгээ болон сонгуулийн боловсролыг дээшлүүлэхэд уралдааны зорилго оршино.
Илтгэлийн ерөнхий сэдэв:
- Хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах
- Монгол Улсад баримтаар баталгаажуулалт, сорилт: Олон улсын туршлага
- Сонгуулийн үеийн хуурамч мэдээлэл: Тулгамдсан асуудал
Илтгэлд тавигдах шаардлага:
- Судалгаа, шинжилгээний тодорхой арга зүй, техникийг хэрэглэсэн байх;
- Дата мэдээлэл, баримтад үндэслэсэн;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, дүн шинжилгээ хийсэн, хэрэгжих боломжтой байх;
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэх боломжтой байх;
- Илтгэл нь өмнө нь ямар нэгэн тэмцээн, уралдаан, цахим орчинд нийтлэгдээгүй, оюуны өмчийн зөрчилгүй байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндэслэл, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Агуулга хоёрдмол утгагүй ойлгомжтой бөгөөд тодорхой байх;
- Илтгэл нь А4 хэмжээний бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс 3.0, баруунаас 1.5 см тус тус зайтай, Times New Roman фондоор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 3-10 нүүрэнд багтсан байна.
Шалгаруулах үе шат, хугацаа:
- Илтгэл илгээх: Илтгэлийг 2026 оны 9 дүгээр сарын 10-ны дотор зохион байгуулах комисст Сонгуулийн ерөнхий хорооны gecm@gec.gov.mn/, "Сонгогчдын боловсрол" ТТБ-ын votereducationcenter@gmail.com хаягаар хүргүүлнэ.
- Шалгаруулалт: Шүүгчид бүтээлд тавигдах бичлэгийн болон агуулгын шалгаруулалтыг 2026 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хийж, онооны нийлбэрээр 3 байр шалгаруулна.
Шагналын сан:
- 1 дүгээр байр-өргөмжлөл, мөнгөн шагнал /1,500,000 төгрөг/
- 2 дугаар байр- өргөмжлөл, мөнгөн шагнал /1,000,000 төгрөг/
- 3 дугаар байр-өргөмжлөл, мөнгөн шагнал /500,000 төгрөг/
Шалгарсан бүтээлийг Сонгуулийн ерөнхий хорооноос эхлэн гаргадаг "Сонгуулийн боловсрол" онол, арга зүйн сэтгүүлд нийтлүүлж, m-election.mn цахим хуудаст байршуулна.