Jaden Smith орон гэргүйчүүдэд зориулан ХООЛНЫ ГАЗАР нээнэ


Миау | YOLO.MN
2021-05-17

Урлагийн салбарт жүжигчин Will Smith, Jada Pinkett Smith нарын ууган хүү гэдгээрээ танигдсан жүжигчин, дуучин Jaden Smith орон гэргүйчүүдэд зориулан цагаан хоолны газар нээхээр болжээ.

Jaden АНУ-ын Лос Анжелес хотын төвд байрладаг ч мансууруулах бодист донтсон орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдгээрээ алдартай Skid Row гудамжинд үнэгүй хоолоор үйлчлэхээр “I Love You” ресторанаа нээж байна. Энэ нь зүгээр ч нэг энгийн хоолны газар бус цагаан хоолны газар гэнэ. Өөрөөр хэлбэл, амьтны гаралтай орц найрлагад нь ороогүй, тос багатай, холестерол агуулаагүй, ургамлын гаралтай хүнсний түүхий эдээр бэлтгэсэн хоолоор үйлчлэх аж.

Бас нэгэн хачирхалтай зүйл нь төлбөрийн нөхцөл. Мэдээж орон гэргүй хүмүүс эндээс хоолоо үнэгүй авна. Гэхдээ уг ресторанаар үйлчлүүлэх гэж байгаа үйлчлүүлэгч төлбөрийн чадамжтай нэгэн бол тооцоогоо худалдан авч буй хоолныхоо үндсэн үнээс ч өндөр дүнгээр хийх шаардлагатай аж. Jaden энэ онцгой нөхцөлийг “Ингэж байж л таны дараа үйлчлүүлэх гэж буй орон гэргүй хүн манайхаас хоол үнэгүй авах боломжтой болно” хэмээн тайлбарласан юм.

Jaden Smith одоогоос хоёр жилийн өмнө өөрийн 21 насны төрсөн өдрөө тохиолдуулан Skid Row дүүргийн иргэдэд үнэгүй, эрүүл, цагаан хоолоор үйлчлэхээр “I Love You” нэртэй явуулын үйлчилгээний түргэн хоолны газраа нээж байсан билээ.

Эх сурвалж: 9 Gag

#Мэдээ #Оддын тухай #Сонин хачин #Цагаан хоол