Аугаа Александрын номын сангийн нууц


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

МЭӨ 332 онд Македоны эзэн хаан Аугаа Александр түүхэнд бичигдсэн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байх явцдаа Египетийг эзэлж авсан. Жилийн дараа тэрээр Египетийн хойд эрэг дээр хот байгуулж тус хотыг өөрийн нэрээр буюу Аликсандрия хэмээсэн байдаг.

Тухайн үед Египетчүүд Персийн харгис эрх баригчдын дарлалд өртөөд байсан тул харь орноос ирсэн Александрыг тэд баатар хэмээн үзээд халуун дотноор хүлээж авчээ. Александр ч өөрт нь ирсэн хүндлэлийг хүлээж аван Египетчүүдтэй сайн харилцаатай байхыг эрмэлзэж байв.

Тэрээр Александрия хотыг байгуулахдаа Египет болон өөрийн төрөлх нутаг болох Грекийн соёл уламжлалыг хослуулж бүтээсэн байна.

Александр шинэхэн хотыг олон соёл, хэлтнүүдийн хот болгохоор төлөвлөж байсан ба төлөвлөгөөгөө улам илүү амжилтад хүргэхийн тулд өөр өөр иргэншлийн олон эрдэмтэн мэргэдийн анхаарлыг татахаар Аугаа номын санг байгуулахаар шийдсэн нь бидний мэдэх Аугаа Александрын номын сан юм.

Энэхүү номын санг хэрхэн устаж үгүй болсон талаар хүмүүс түүхэн баримтуудыг ам дамжсан яриатай хослуулан зуунаас зуунд ярьсаар иржээ.

Тэгвэл мэдлэгийн уул уурхай болсон номын сан яагаад тийм чухал байсан болон яагаад өнөөдөр номын сан байсан гэх ул мөр юу ч байдаггүй тухай мэдэж авцгаая.

Аугаа Александрын номын сан хэрхэн байгуулагдсан бэ?

Номын сангийн тухай бусад мэдээллүүд шиг номын сангийн үүслийн талаарх мэдээлэл ч нууцлаг байдаг. Мэдэгдэж буй ганц зүйл нь Александр өөрөө төрөл бүрийн номын цуглуулгын төв болсон “дэлхийн номын сан”-г байгуулъя гэсэн санааг гаргасан гэдэг л байна.

Гэхдээ зарим хүмүүс номын санг барих санааг Александр өөрөө биш харин түүнийг нас барсны дараа буюу МЭӨ 304 эсвэл 305 онд Египетийн хаан фараон болсон нэгдүгээр Птолемей Сотор гаргасан байх магадлалтай гэж таамагладаг. Ийнхүү таамаглахын шалтгаан нь Птолемейн зөвлөх байсан Деметрий Фалерум нь номын сангийн номыг цуглуулах үүрэг авсан тухай захиа олдсонтой холбоотой.

Эх сурвалжууд болон бидэнд одоо мэдэгдэж буй баримтуудаас үзэхэд номын санд ном байрлуулж цуглуулах ажиллагаа Птолемейн үед явагдсан байх боломжтой ч номын сангийн байгууламж өөрөө түүнийг фараон болохоос өмнө хийгдсэн байсан юм.

Номын сангийн номуудыг хэрхэн цуглуулсан бэ?

Дээр дурдсан Деметрий Фалерумд зориулсан захианд “боломжтой бол дэлхийн бүх номыг худалдаж ав хэмээн их хэмжээний төсөв олгов” хэмээн бичсэн байсан.

Ном дүүргэх ажил үүргийг хариуцаж авсан эрхмүүд өөрсдийн ажилдаа маш шаргуу хандсан бололтой. Тэд Афин ба Ромын ном худалдаалдаг захуудаар явж, Александр хотод ирсэн хөлөг онгоцнуудаас байгаа номуудыг нь авдаг байжээ.

Мөн тэд аливаа номын хуулбараас илүүтэй аль болох эх хувилбарыг нь олохыг хичээж байв. Учир нь тэд номын хуулбаруудад эх хувилбарын гаргах гэсэн санааг бүрэн гаргаж чадаагүй байх гэж үзсэнтэй холбоотой.

Үүний тулд ном эрэлхийлэгчид маань номын эх хувилбарыг зохиолчоос нь хурааж аваад зохиолчид нь номын хуулбарыг үлдээдэг байв.

Номын сан ямархуу загвартай байсан бэ?

Номын сангийн үзэмж байдлын талаарх орчин үеийн дүрслэл нь тийм ч тодорхой биш байдаг. Харин номын санг ид цэцэглэж байх үед бичигдсэн тэмдэглэлүүдэд барилгыг лекцийн танхим, уулзалтын өрөө, цэцэрлэг, хооллох өрөө зэрэг олон байгууламжтай байсан талаар дурддаг.

МЭӨ 1-р зууны үед бичигдсэн Грекийн газарзүйч Страбогийн тэмдэглэлд тус номын санд байрлаж байсан эрдэмтэд маш их хэмжээний цалин авдаг байсан ба татвараас бүрэн чөлөөлөгддөг байсан гэнэ. Энэхүү өгөөмөр шийдэл нь эрдэмтдийг мөнгө, амьдралын ойр зуурын асуудалд цагаа үрүүлэхээс сэргийлж зөвхөн цаашдын судалгаа, шинжилгээнийх нь ажилд анхаарлыг нь төвлөрүүлэх зорилгын улмаас бий болжээ.

Номын санд ажиллаж байсан эрдэмтдийн нэрийн жагсаалтыг үзвээс тэр үеийн хамгийн шилдэг суут ухаантнууд байх аж. Жишээ нь, дэлхийн тойргийн уртыг маш гайхалтайгаар үнэн зөв тооцсон математикч Кирений Эратосфенийг дурдаж болно.

Юу номын санг устаж үгүй болоход хүргэв?

Хэдэн зууны туршид номын сан улс төрийн эрх баригчдын дэмжлэгийг алдаж байсан нь тэдний үзэл санаа эрдэмтдийн үзэл санаатай нийцэхгүй байснаас болсон. Мөн зарим мэдээллээр Жулиус Цезарь зэрэг удирдагчид дайн тулааны үеэр уг барилгад гэмтэл учруулсан байж болзошгүй гэжээ.

Гэхдээ ихэнх түүхүүдийн өгүүлдгээс ялгаатай нь номын сан зөвхөн нэг үйл явдлаас болж биш удаан хугацааны доройтол, мартагдлаас болж сүйрсэн байх магадлал өндөр. МЭ 270 оны үе хавьцаа номын сан оршин байсан тухай баримт ч байдаггүй.

Хэр их ном байсан бэ гэдэг асуултад тодорхой тоо өгөх боломжгүй ч хэдэн арван мянгаар тоологдох ном байсан нь гарцаагүй. Энэ хэдэн арван мянган ном нь зүгээр ч нэг номууд бус харин дэлхийн шилдэг эрдэмтдийн өгүүллүүд гэдгийг мартаж болохгүй.

Номын сангийн мөхөлтэй хамт Софокл, Эврипид, Сафо нарын шүлэг, яруу найраг, Дэмокрит, Анаксимандр зэрэг эрдэмтдийн шинжлэх ухааны бүтээлүүд дэлхийн тоосонд замхран алга болжээ.

Эх сурвалж: History

#Аугаа Александр #номын сан