Сон Е Жин, Хён Бин нарын өнөөдөр болох хуримыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна


Сондор | YOLO.MN
2022-03-31

"Зууны гэрлэлт" хэмээн тодорхойлоод буй алдарт жүжигчин Сон Е Жин, Хён Бин нарын хурим өнөөдөр /03.31/ болоход ердөө хэдхэн цаг үлдээд байгаа ба шүтэн бишрэгчид, олон нийт тэсэн ядан хүлээж байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.

Тэд сүүлийн арав гаруй жилийн турш Өмнөд Солонгосын кино урлагийн ертөнцөд өөрсдийн орон зайгаа эзэлж, чамгүй амжилт гаргасан тул тэдний гэрлэлтийн тухай мэдээ хилийн чанадад ч олны анхаарлыг татаж байна.

Сон Е Жин, Хён Бин хоёр харилцаагаа олон нийтэд зарласны дараа тэд хаана болзож, арга хэмжээнүүд дээр хамтдаа ирж, бие биеийнхээ талаар юу ярихыг олон нийт сонирхож эхэлсэн. Харин одоо хурим болох газар, сүйт бүсгүйн даашинз, зочдын талаар сонирхож байна.

Сон Е Жин, Хён Бин нар 3-р сарын 31-нд Сөүл хотын Гванжин-гу хотын Гванжан-донг дахь Гранд Уолкерхилл зочид буудалд байрлах Aston House-д хуримын ёслолоо хийх нь тодорхой болсон юм. Гэхдээ тэд хуримын зочдод урилга өгөхдөө хуримын талаар нууцлахыг хүсжээ.

Aston House-ийг хурим хийхэд хамгийн таатай байгууламж хэмээн үздэг байна.  Ача уулын дэргэд гаднаа том цэцэрлэгт хүрээлэнтэй, зочид буудлын төв байрнаас зайдуу байдаг тул байгалийн сайханд жаргалтай мөчөө хуваалцах нөхцөл бүрдсэн газар болдог байна. Өөр нэг давуу тал нь өдөрт нэг л ёслол болдог тул цаг хугацаа, орон зайг чөлөөтэй ашиглах боломжтой байдаг.

Сон Йе Жин, Хён Бин нар мөн үндсэн ёслолын дараа хүлээн авалт хийхээр төлөвлөж байгаа тул зочид удаан хугацаагаар тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхой бөгөөд алдартай од хосын хурим учраас олны танил эрхмүүд зочноор оролцох болно.

Сон Е Жин, Хён Бин нар анх 2018 онд "Хэлэлцээр" кинонд хамтран тоглохдоо танилцсан бөгөөд түүнээс хойш дотносох  болсон. Энэ хугацаанд болзож байсан гэсэн цуу яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэд хоёулаа цуу яриаг үгүйсгэж байв.

Дараа нь "Crash Landing on You" олон ангит киногоор эргэн нийлж, тэр хоёр кино дууссаны дараа буюу 2021 онд харилцаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тэд хамтдаа Чежү арал руу аялж, Хван Жун Минийн тоглолтыг үзэх зэргээр харилцаагаа бусдаас нуухаа больсон юм.

Дараа нь энэ оны эхээр Сон Е Жин фенүүдтэйгээ уулзахдаа Хён Бинтэй хуримаа хийхээр шийдсэн тухайгаа хуваалцаж, "Үлдсэн амьдралаа хамтдаа үргэлжлүүлэхийг хүсэж буй хүн надад бий" гэж хэлжээ. Хён Бин ч мөн энэ мэдээг агентлагаараа дамжуулан баталгаажуулж, гэрлэлтийн тухай мэдээг албан ёсоор зарласан юм.

Эх сурвалж: www.allkpop.com

#Кино урлаг