Панда дипломат ажиллагаа: Дэлхийн хамгийн өхөөрдөм элч төлөөлөгчид


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Панда дипломат ажиллагаа нь аль эрт долоодугаар зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. Тэр үед Тан гүрний эзэн хаан Ву Зэйтан Япон руу хос хоёр панда явуулж байжээ. Энэхүү пандаг дипломат бэлэг болгон явуулдаг хятадын бодлого 1941 онд дахин хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус онд Бээжингийн засгийн газар АНУ-ыг хоёрдугаар дайнд оролцох шийдвэр гаргахаас хэсэгхэн хугацааны өмнө хоёр пандаг бэлэг болгон явуулсан байдаг.

1972 онд АНУ болон БНХАУ хоёр бүхэл бүтэн 25 жил тааруухан харилцаатай явсны эцэст АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчилснаар дуусгавар болсон бөгөөд уг түүхэн үйл явдлаас хойш хоёр сарын дараа ерөнхийлөгч болон түүний эхнэр өөрсдөд нь хаягласан өхөөрдөм пандануудыг гардаж авсан юм.

Пандануудыг Хятадын ерөнхий сайд Жоу Энлай явуулсан бөгөөд түүний явуулсан бэлэг улс даяар шуугиан тарьж Бронкс-оос эхлээд Сан Диэго хүртэлх амьтны хүрээлэнгүүд хулсны баавгайнуудыг өөрсдөдөө авахаар цагаан ордон руу ээлж дараалан хандаж байв. Хүчтэйхэн өрсөлдөөний эцэст Вашингтон Ди Си-ийн амьтны хүрээлэн ялалт байгуулсан ба Син-Син, Лин-Лин хэмээх нэрийг авсан өхөөрдөм зочдыг харахаар тус амьтны хүрээлэнд эхний өдөрт л гэхэд 20,000 иргэд очиж үйлчлүүлсэн байна.

Харин тэр долоо хоногийнх нь ням гарагт 75,000 хүн Америкт сенсац тариад байгаа Хятадаас ирсэн зочдыг харах гэж иржээ. Учир нь Син-Син, Лин-Лин хоёр зөвхөн амьтдын хүрээлэнгийн анхаарлын төвд ороод зогсохгүй сонин, сэтгүүлүүдийн нүүрийг чимээд амжсан. Тэдний ачаар чихмэл тоглоом үйлдвэрлэдэг компаниуд ихээхэн ашиг орлогыг олсон гэдэг.

Хятадын явуулсан бэлгийн хариуд нь АНУ тэдэнд Милтон болон Матилда хэмээх нэртэй хүдэр үхрүүдийг явуулсан байдаг. Гэхдээ бид энэхүү бэлэг солилцоонд хэн нь ялсан гэдгийг хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа байх гэж бодож байна.

Син-Син, Лин-Лин хоёр Үндэсний музейд байж байх хугацаандаа таван зулзагатай болсон ч тэдгээр нь бүгд л хэдхэн өдрийн амьтай байлаа. 1992 оны 12 сард Лин-Лин-ий зүрх гэнэт зогссоноор тэр амьсгал хураасан буюу 23 настайдаа нүд аньсан. Тэрээр нүд анихаасаа өмнө Хятад улсын хилээс гадна амьдарч буй хамгийн өндөр настай панда хэмээн тооцогдож байсан юм. Син-Син-ий хувьд тэрээр бөөрний дутагдлаас болж нэлээдгүй тарчилж байсан тул 1999 онд буюу 28 настайд нь унтуулжээ.

БНХАУ-ын явуулсан панда дипломат ажиллагаа тун амжилттай байсанд Их Британий ерөнхий сайд Эдвард Хэт 1974 онд Хятадад айлчлал хийхдээ Панда зээлэхийг хүссэн байдаг. Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу хэдхэн долоо хоногийн дараа Лондоны амьтны хүрээлэнд Чиа-Чиа болон Чин-Чин нар хүргэгдэн очжээ.

Панда ажиллагаа 1984 онд Хятад улс панда протоколыг баталснаар орвонгоороо эргэсэн байна. Үүнээс цааш Хятадаас зээлэгдэж буй амьтад хамгийн ихдээ 10 жил л тухайн улсад байх боломжтой бөгөөд жил болгон Хятадын засгийн газарт төлбөр төлөхийн зэрэгцээ тухайн амьтдаас төрсөн зулзагууд бүгд Хятадын харьяа болох ёстой болов.

Үүний хариуд 1998 онд АНУ хүлээн авах бодлогоо өөрчилж, зөвхөн тухайн пандагийн жилийн төлбөрийн талаас илүү хувийг зэрлэг панда болон тэдний амьдрах орчныг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдолд л пандаг Америкт байлгахыг зөвшөөрөх болсон.

2008 онд Хятадын Сичуанд аймшигтай газар хөдлөлт тохиосон нь зэрлэг пандануудын амьдрах боломжтой газар нутгийн 60 гаруй хувийг устгаж орхисон байна. Ийнхүү пандануудын амьдрах боломжтой газар нутгийн талаас илүү хувь нь сүйдсэнээр Хятад уг 60 хувьд нутагшиж байсан амьд үлдэгсдэд шинэ гэр хайх шаардлага гарсан. Энэхүү байгалийн гамшигт үйл явдал пандагийн бодлогот дахин өөрчлөлт оруулсан бөгөөд пандаг Хятад өөрсдийн худалдаа болон байгалийн үнэт баялгаар солилцох тохиолдол ажиглагдах болжээ.

Жишээ нь Эдинбургийн амьтны хүрээлэн 2011 онд Хятадаас хоёр панда хүлээж авсны дараа хоёр улсын хооронд салмон болон сэргээгдэх эрчим хүчний технологитой холбоотой худалдааны гэрээнүүд зурагдсан байна. Мөн Хон-Конгд 2007 онд Их Британий колони улс байхаа больсны арван жилийн ойд зориулж панда бэлэглэсэн. Гэтэл 1984 оны протоколоор бол пандаг зөвхөн биологийн судалгаа болон үржүүлгийн зориулалтаар л өөр улс орнууд руу явуулах боломжтой билээ.

Энэхүү олны хайрыг татсан амьтад нь хоёр талын харилцаанд шинэхэн нөхөрлөл үүсэж буйг илтгэх билэг тэмдэг ч болж өгдөг.

Ингээд харвал Хятадын хувьд зөөлөн хүчний бодлогынх нь хамгийн гол зэвсэг нь хайр татам хулсны баавгайнууд мэт харагдавч энэхүү өхөөрдөм амьтдыг үл ойшоосон тохиолдол ч бий. Жишээ нь Тайван нь Хятадтай олон жилийн турш маргаантай байгаа тул пандануудыг гурван жилийн турш үл тоосон явдал гарсан.

Гэхдээ 2008 онд засгийн газар солигдсоны дараа Тайван Хятадаас явуулсан Туан-Туан, Юан-Юан нарыг хүлээж авсан байна. Яг л ном ёсоор уг 4 настай, хөвсгөр баавгайнууд Тайпэйд газардсан даруйдаа олны анхаарлын төвд орсон байдаг. Туан, Юан хоёрын дундаас Юан Зай гэх зулзага төрсөн.

Хачирхалтай нь зарим хүмүүс пандаг ардаасаа хараал дагуулдаг гэж үздэг юм байна. Учир нь гэвэл тэднийг арчилж, үржүүлэхэд маш их хэмжээний хөрөнгө гаргах ёстой болдог төдийгүй пандаг хүлээж авсан төрийн тэргүүнүүд эцэст нь суудлаасаа түлхэгдэн буудаг аж.

Хятадын хувьд панда дипломат ажиллагаа нь ихээхэн чухалд тооцогддог. Бүр Хятадын АНУ-д суух элчин сайд Цуй Тианкай 2013 онд “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ:

“Вашингтонд үнэндээ хоёр элчин сайд бий. Нэг нь би харин нөгөө нь Үндэсний амьтны хүрээлэнд буй пандагийн бамбарууш” хэмээн бичсэн байдаг.

Эх сурвалж: History

#Панда дипломат ажиллагаа