Америкийн зарим дунд сургууль хичээлийн дөрвөн өдөртэй болно


Сондор | YOLO.MN
2022-12-21

АНУ-ын Миссуригийн дунд сургууль ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн долоо хоногт дөрвөн өдрөөр хичээллэхээр болжээ. Багшийн хомсдол, ажилчдын тогтвортой ажиллах нөхцөл муу зэрэг нь энэхүү өөрчлөлтийг хийхэд хүргэсэн байна.

Миссури мужийн нэгэн дунд сургуулийн захиргаанаас долоо хоногт дөрвөн өдрийн хичээлийн өдөртэй болох журмыг батлахдаа багш нар,  эцэг эхчүүдээс санал асуулга авчээ. Эцэг эхчүүдийн 68.9 хувь нь хичээлийн дөрвөн өдөртэй байхыг дэмжсэн байна.

2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх насны ангийн хүүхдүүдээс төгсөх 12-р ангийн сурагчид бүгд Мягмараас Баасан гараг хүртэл хичээлд сууж, хичээлийн өдөр бүрийг 35 минутаар сунгахаар болжээ.

Багш нар хомсдолтой, туслах мэргэжилтэн, автобусны жолооч, асран хамгаалагч зэрэг хангалттай туслах боловсон хүчин дутмаг байгаа тул дүүргийн зүгээс ийм алхам хийх шаардлагатай гэж үзжээ.  

Сургуулийн менежер Дэйл Херл "Ямар ч шинэ зүйлд эхлээд эргэлзээ төрдөг. Бид үүнийг байж болох үр өгөөжтэй гаргалгаа гэж үзэж байна. Хичээлийн дөрвөн өдөртэй байх нь тийм ч онцгой зүйл биш" гэжээ. Education Finance and Policy сэтгүүлд бичсэнээр 24 муж улсын 1600 сургууль долоо хоногт хичээлийн дөрвөн өдөртэй гэнэ.  

Харин ирэх хичээлийн жилээс Даваа гаргийг сайн дурын сурах өдөр болгон өөрчлөх болно. Энэхүү өдөр сурагчдын мэдлэгийг баяжуулах хээрийн аялал, дугуйлан, спортоор хичээллэх эсвэл нэмэлт давтлага зэргийг санал болгоно.

Багш нар даваа гаригт ажиллах шаардлагагүй, гэхдээ ажиллавал нэмэлт цалин авах болно. Миссуригийн Бага, дунд боловсролын тэнхимийн (DESE) мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд мэргэжлийн хөтөлбөрүүдэд багшлах элсэлтийн түвшин 25 гаруй хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ зургаан жилийн хугацаанд багш нарын мэргэжлээ орхих нь 11 хувьд хүрчээ.

Үүний үр дүнд сургуулиуд багш олдохгүй бол орон тоог сул орхих эсвэл тухайн агуулгын чиглэлээр гэрчилгээгүй багш нараар сул орон тоог нөхөхөөс өөр аргагүй болдог байна.

Эх сурвалж: Today

#Мэдээ