Б.Тэлмүүн: Илүү сайн тамирчин болж Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсдэг


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

19 насандаа Монгол улсын үндэсний шигшээ багтаа дуудагдаж, саяхан болж өнгөрсөн Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн залуу довтлогч Б.Тэлмүүнийг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна.

2018 оноос эхлэн волейболын спортоор хичээллэж, тасралтгүй бэлтгэл, хатуу сахилга батаар өөрийгөө хурцалж ирсэн түүний спортын гараа, туршлага, хувь хүний төлөвшил болоод ирээдүйн зорилгын талаар ярилцсан ярилцлагаа уншигч танд хүргэхээр бэлтгэлээ.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Волейболын спортод хэзээнээс хөл тавьсан бэ?

-Сайн байна уу? Намайг Бямбадоржын Тэлмүүн гэдэг. Одоо 19 настай. Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрөөр суралцдаг хоёрдугаар түвшний оюутан. Миний хувьд анх волейболын спортоор 2018 оноос хичээллэж эхэлсэн. Анх сагсан бөмбөг, волейбол гэсэн хоёр спортоор хичээллэдэг байсан. Тэгээд бага ангид байхад бага ангийн багш, аав, ээж гурав маань ярилцаад “Волейболоор явбал гоё юм биш үү, арай контакт багатай, миний хүү чадахаар санагдаад байна” гэж хэлж байсан.

Тэгээд анх Эрдмийн Өргөө сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч, миний анхны багш Түвшинжаргал багш дээрээ гараагаа эхэлж байсан. Байрлалын хувьд өндрийн довтлогч юмуу хүчний довтлогч дээр тоглодог.

-Сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал?

-Сүүлийн жилүүдэд Үндэсний Дээд Лигийн мөнгөн медаль, U23 болон U18 тэмцээнүүдийн мөнгө, шилдэг довтлогчийн шагналтай. Мөн Бахрайны Азийн наадамд Монгол улсаа төлөөлж яваад манай баг 12 багаас зургаадугаар байрт орсон. Тус тэмцээнд хувь шагналын хувьд Бахрайны наадамд оноо авалтаар гуравт, хаалтаар нэгдүгээрт байсан.

-Ер нь сүүлийн жилүүдэд хэр их бэлтгэл хийж байгаа вэ?

-Миний хувьд сүүлийн гурван жил тасралтгүй бэлтгэл хийсэн. Сүүлийн гурван зун бол ерөөсөө амраагүй. Угаасаа өөрийгөө дотроо их хурцалдаг байсан. Хүмүүс амарч байхад би амрах ёсгүй гэж бодоод. Хувийн бэлтгэл, ялангуяа фитнес, гүйлт, бөмбөгтэй гүйлт гээд аль болох өөрөө ганцаараа зүтгэж, бэлтгэлээ хийдэг байсан.

-Саяхан 19 насандаа Үндэсний шигшээ багт дуудагдаж, Монголынхоо өмсгөлийг өмсөөд талбайд гарахад хамгийн түрүүнд юу бодогдсон бэ? Тэр мөчийн сэтгэгдлээс хуваалцаач.

-Бэлтгэлийн гурван сарын хугацаа маш хурдан өнгөрөөд дууссан. Бэлтгэл хүнд санагдаж байсан ч одоо бодоход их зөв системтэй хийж байсан. Дараа нь бодоход манай ах нар, тамирчдын хувьд ч гэсэн их том сэргэлт болж чадсан юм шиг санагдсан.

Миний хувьд юу ч гэсэн бэлтгэлээ хийгээд үзье, өөрийгөө сориод үзье, нас залуу байна гэж бодсон. Ямартай ч эцэст нь шигшээ багтаа багтаж чадсан. Тэмцээний хувьд бол их гоё байсан. Монголдоо болсон тэмцээн учраас тоглолт бүр ордон дүүрэн үзэгчидтэй байсан. Тэгээд ер нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэндээ их бахархаж байгаа.

-Воллейболын спортоор хичээллэхэд яг ямар ур чадварууд илүү хөгждөг санагддаг вэ?

-Ер нь волейболын спортоор хичээллэснээр багийн спорт гэдэг утгаараа олон хүнтэй хамтрах, хурдан найзлах, харилцах зэрэг олон чадвар суудаг. Харин хувь хүний талаас гэвэл хөдөлмөрч, тууштай, сахилга баттай хүн болж төлөвшдөг санагддаг. Миний бодлоор анхнаасаа зөв техникээр сурчихвал дараа нь өөрийгөө голж, шилээд байх шаардлагагүй. Зөв суурьтай, зөв техниктэй сурчихвал бас потенциалтай, хичээл зүтгэлтэй явбал сайн тамирчин болж чадна гэж боддог.

-Өмнө нь ямар багт байсан бэ?

-Хамгийн анх 2024 онд лигийн клубуудын волейболын сонгон шалгаруулалт болж байлаа. Тэр үед драфтаар "Алтайн Барс" клубт орж байсан.

-Шигшээ багийн шинэ, залуу тамирчны хувьд туршлагатай ахмад тамирчидтайгаа гар нийлэн тоглоход ямар санагдаж байсан бэ?

-Анх бүгдийг нь зурагтаар л харж  хардаг, дэмждэг байсан. Тэгээд өмнөх жилийн лигээр дотоодын сайн тамирчидтай хоорондоо өрсөлдөж, танилцаад ах дүү болсон. Гэхдээ анхандаа сайн дотносож амжаагүй байсан болохоор биеэ барих, бэлтгэл дээр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадахгүй тал байсан. Харин одоо хамт бэлтгэл хийгээд, өдөр болгон уулзаад байхаар сүүлдээ бүгдтэй нь их дотно болж эхэлсэн.

-Үлгэр жишээ авдаг гадаадын воллейбол тамирчдаас нэрлэ гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Ер нь гадаадын лиг, ялангуяа Италийн лиг үзэх дуртай. Надтай ер нь жаахан төстэй тоглолтын хэв маягтай нь Wilfredo Leon санагддаг. Гоё харизматай тоглогч.

БҮХ ЦАГ ҮЕД ААВ ЭЭЖ МААНЬ ТЭМЦЭЭН БОЛГОН ДЭЭР ДАГАЖ ЯВААД,ХОЖСОН Ч, ХОЖИГДСОН Ч, ШАГНАЛ АВСАН Ч ЕР НЬ БҮХ ЦАГ ҮЕД ХАМТ БАЙДАГ

-Чамайг ер нь урамшуулж, мотиваци өгдөг зүйлүүд юу вэ?

-Хамгийн анх волейболоор хичээллэж эхэлснээс хойш манай гэрийнхэн, аав, ээж хоёр их сайн дэмждэг байсан. Тэмцээн болгон дээр дагаж яваад, хожсон ч, хожигдсон ч, шагнал авсан ч ер нь бүх цаг үед аав, ээж маань хамт байдаг байсан. Мөн өөрөө өөрийгөө бас их зоригжуулдаг. Яалт ч үгүй хайртай, дуртай болохоор өөрийгөө сайн хурцалдаг.

-Тоглолтын үеэр алдаа гаргах эсвэл хожигдож байх үед өөрийгөө хэрхэн сэргээж, сэтгэл зүйгээ бэлддэг вэ?

-Нэгдүгээрт, миний тоглолт гэхээсээ илүү багийн тоглолт болж байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Тэгээд үнэхээр манайх сайн тоглож, баг маань өрсөлдөгч багаасаа илүү байсан ч хожигдчих юм бол миний хувьд жаахан харамсах гээд байдаг. Хэдий хожигдсоны дараа аль болох сэтгэл хөдлөлөө бариад дараагийн тоглолтдоо анхаарал хандуулахыг хичээдэг ч гэсэн ер нь бодогдох үе бий. Мөн эсрэгээрээ сайн тоглоод хожигдох юм бол хийсэн алдаанууд бас бодогдоод байдаг. Гэхдээ тэр нь цаашдаа тэр алдаагаа -давтахгүй байх мотиваци болдог.

-Тоглолтын өмнө заавал хийдэг дадал бий юу?

-Миний хувьд төсөөлөх их дуртай. Зүгээр л алхаж байхдаа ч юм уу, өөрийн мэдэлгүй төсөөлөөд явчихдаг. Би талбай дээр тоглож байна, тийм зүйл болж байна, одоо над руу бөмбөг хаялаа, би хамгийн сайн хийдэг зүйлээ хийж байна, энэ бөмбөгийг заавал оноо болгоно, давуулна, хамгаална, хаана гэх мэтээр төсөөлдөг. Тэгээд яг бодит тоглолт дээр өмнө нь давтагдаж байсан юм шиг санагдаад, илүү оновчтой байдаг.

ХАМГИЙН СҮҮЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН ТОГЛОЛТ Л ҮНЭХЭЭР СЭТГЭЛД ҮЛДСЭН. МИНИЙ ХУВЬД БАС Л АВЧ БАЙГААГҮЙ МЭДРЭМЖ БАЙСАН.

-Хамгийн сэтгэлд үлдсэн, дурсамжтай тоглолт байвал хуваалцаж болох уу?

-Ер нь ямар ч тэмцээнд орсон, хэрвээ медаль авсан бол медалийн төлөөх тоглолтууд, медаль аваагүй бол хасагдах шатны тоглолтууд их нүдэнд тод харагдаж үлддэг. Эсвэл би сүүлийн оноог нь авсан ч юм уу, өөрөө алдсан ч юм уу, тийм үеийн тоглолтууд тод үлдсэн байдаг. Тийм эсрэг тэсрэг зүйлүүд тархинд их тод буудаг. Гэхдээ хамгийн сүүлд хүрэл медаль авсан тоглолт л үнэхээр сэтгэлд үлдсэн. Миний хувьд бас л авч байгаагүй мэдрэмж байсан.

- Тэлмүүний сонсох дуртай дуу, хамтлаг юу вэ?

-Төрөл бүрийн жанрын дуу сонсдог доо. Гэхдээ Монгол дуунууддаа их дуртай. Тоглолтын өмнө ч юм уу, эерэг хэмнэлтэй дуу сонсох дуртай. Тамирын дуунуудыг их сонсдог. Хурдан хэмнэлтэй, адреналин ялгаруулах дуунууд ер нь таалагддаг. Мөн The HU хамтлагийн дуунууд ч тоглолтын өмнө их гоё.

-Намайг хүмүүс талбай дээр эсвэл гаднаас нь харж ингэж хардаг ч үнэндээ би тийм хүн гэж хэлэх зан чанар эсвэл онцлог тань юу вэ?

-Би гадуур, ганцаараа ч юм уу явахдаа төв царай гаргаад явчихдаг. Жаахан хүмүүсийн харж байгаагаар ууртай харагддаг талтай. Гэхдээ харьцаад үзвэл нээлттэй, хүмүүстэй хурдан дотносчихдог. Тийм болохоор харагддаг шигээ биш шүү гэж хэлмээр байдаг.

-Өөртөө тавьдаг  өндөр шаардлагаасаа хуваалцаач?

-Нэгдүгээрт нойр, хоолоо сайн зохицуулахыг эрмэлздэг. Сүүлийн үед л жаахан алдагдах гээд байгаа. Хоёрдугаарт,  бэлтгэлийг өөрийгөө зуун хувь дайчилж хийх ёстой гэж боддог. Багштай байсан ч, багшгүй байсан адил өөртөө зориулж, угаасаа надад л үлдэх зүйл гэж хийдэг болохоор. Тиймээс өөрийнхөө төлөө сайн бэлтгэлээ хийдэг. Тэгээд бас бүх юмыг аль болох амжуулаад явахыг хичээдэг. Аль нэгийг нь орхигдуулахгүй байхыг багаасаа л хичээж ирсэн.

-Сүүлийн үед олон хүн Тэлмүүнийг их анзаарч, дэмжих болсон. Энэ их дэмжлэг, сэтгэгдлүүд танд ямар санагдаж байгаа вэ? Заримдаа жаахан илүү их хариуцлага мэдэрдэг байх?

-Ер нь хэдий сайхан олон сэтгэгдлүүд байдаг ч гэсэн цөөн сөрөг сэтгэгдэл ч байгаа. Гэхдээ сөрөгөөсөө хавь илүү намайг дэмждэг, надад дуртай хүмүүс их байдаг. Хааяа үнэхээр болохгүй, заримдаа хүн болгонд жаахан тиймхэн үеүүд байдаг. Тэр үедээ дэмждэг хүмүүсийнхээ сэтгэгдэл, урмын үгийг харж их сэргэлт авдаг. Сөрөг сэтгэгдлүүдийг өөртөө нэг их хүлээж авдаггүй, байвал байх л зүйл гэж боддог. Бас хааяа хурцлагдвал хурцлагдчихна.

Тэгээд волейбол сонирхогчдод танигдаад ирэхээр аль болох биеэ авч явах байдлаас эхлээд үг, үйлдэл бүрээ л цэгнэж явахгүй бол олон хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байгаа болохоор хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог болсон.

-Талбайн гаднаас ирэх дэмжлэг, хүмүүсийн итгэл тоглолтод чинь хэрхэн нөлөөлдөг вэ?

-Өмнө нь талбайн гадна дотны хүмүүсээ харчихаар илүү их хичээх гээд байдаг байсан. Өмнө жил бас ганц хоёр тоглолт дээр тэр тал дээр алдсан, манай coach хүртэл надад хэлж байсан. Харин одоо бол энэ тал дээр өөр болсон гэж боддог. Дотны хүмүүсээ харсан ч хийдэг, чаддаг зүйлдээ төвлөрөөд л тоглодог болсон. Ер нь талбай дээр гарахаараа зөвхөн тоглолтдоо анхаарч, хоосон зааланд байгаа юм шиг төсөөлөх дуртай. Үнэхээр тоглолтдоо ороод ирвэл үзэгчдээ тоглолтдоо оруулах дуртай.

-Гэр бүлийнхний хувьд мөн спортоор хичээллэдэг үү?

-Би айлын дунд, дээрээ нэг ах, доороо нэг дүүтэй. Манай гэр бүлийн хувьд сагс, волейбол анх сонирхолтой байсан. Сагсаараа ч бас их амжилт гаргасан. Дүү маань сүүлийн жилүүдэд намайг дагаад их волейбол тоглодог болсон. Сагсны U10 өмнөх жилийн тэмцээнээс мөнгөн медаль авсан. Энэ жил бас Мини улсын аваргад ороод волейболын аварга болсон.

-Ер нь сүүлийн жилүүдэд өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгаа гэж бодож байна вэ?

-Хувь хүн талаасаа гэвэл илүү тууштай, хөдөлмөрч болсон гэж бодож байна. Илүү цагаа дэмий зүйлд үрэхээ болиод, зөв зохистой зүйлд л зарцуулж байгаа. Сүүлийн гурван жилийн хувьд гэвэл миний ойролцоох насанд надаас илүү хөдөлмөрлөсөн хүн байхгүй гэж боддог.

-Гадаадын лигт тоглох, эх орныхоо нэрийг олон улсад гаргах зорилго юу? 10 жилийн дараах өөрийгөө юу гэж харж байна вэ?

-Эх орныхоо шигшээ багийг төлөөлөн тоглох, цаашлаад олон улсын лигт тоглож туршлага судлах нь би гэлтгүй Монголын бүх л тамирчдын хүсэл байдаг. Гадны шилдэг лигүүдэд тоглож сурсан зүйлээ шигшээ багтаа зориулж, Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Миний хувьд боломж олдвол олон улсын дээд лигүүдэд тоглоод, тамирчны хувьд эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг л хүсэж байна.

Ямартай ч 10 жилийн дараа гадны чансаатай лигт легионероор тоглож байна гэж төсөөлж байна. Ер нь олон улсын волейболын хувьд Италийн лиг хамгийн өндөр түвшнийх гэж боддог. Миний мэдэхээр Итали, Турк, Япон гээд лигүүд нь өрсөлдөөнтэй. Дэлхийн топ тоглогчид тоглодог.

-Волейболоор хичээллэж байгаа болон шигшээ багт тоглохыг мөрөөддөг дүү нартаа хандаж юу гэж зөвлөх вэ?

-Орчин үеийн волейболыг харахад өндөр их чухал болсон байна. Миний хувьд дунд ангиасаа ахлах анги хүртэл яг 10 цаг гэхэд унтчихдаг байсан. Эсвэл гэртээ болон гадаа байнга турникддэг байсан. Мөн хоолоо сайн идэж, сүү их уудаг байсан. Сунгалт их хийдэг байсан. Дүү нартаа хандаж зөвлөхөд нэгт өндөр болох нь чухал. Хоёрт, хувийн бэлтгэлээ сайн хийж, зөв техниктэй суралцах хэрэгтэй. Бусад нь чиний хичээл зүтгэл, сэтгэлээс л хамаарна даа.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?

-Аав, ээждээ л юун түрүүнд төрүүлж өсгөсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Би ер нь хэр барагтаа аав, ээждээ хэлээд байдаггүй. Үргэлж намайг дэмждэг. Тэгээд намайг дэмждэг хүмүүст хандаж хэлэхэд “Илүү хичээнэ ээ, хүлээж байгаарай. Илүү сайн тамирчин болно оо.” гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

#волейбол #Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн