Зуу хүрвэл Эзэн Хаанаас захидал авдаг гэнэ үү?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Их Британид жил бүр хэдэн мянган төрсөн өдөр, болон хуримын ойн баярын захидлууд ард иргэдэд хааны ордноос илгээгддэг.

Ийнхүү хааны гэр бүл болон ард иргэдийн хоорондын харилцааг батжуулж өгдөг эдгээр захидлыг хүргэх ажлыг бүр 1917 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Харин тухайн жил захидал авах хүмүүс, захидал, захидал хүргэгдэх хаяг гэх мэт захидалтай холбоотой бүхий л ажлыг Букингемийн ордны ойн баярын хэлтэс хариуцаж хийдэг байна.

Захидлыг хэн авдаг вэ?

Гэхдээ мэдээж жил бүр Их Британий бүх ард иргэдийн төрсөн өдөр, хуримын ойгоор нь захидал хүргээд байна гэвэл захидлын цуваа дуусахгүй. Тиймээс төрсөн өдрийн захидлыг зөвхөн 100 болон 105 нас хүрч буй ахмадуудад, мөн 105 наснаас дээш насны бүх ахмадуудад өгдөг бол хуримын ойн баярын захидлыг хос хоёрын 60, 65, 70 жилийн ойн баяруудаар болон 70-аас дээш жил хамт байгаа бүх хосуудад явуулдаг байна.

Хэрвээ тэгсэн ч танд ордны захидал явуулах хэлтэс хэтэрхий их ажил хийгээд байгаа мэт санагдаж болно. 68 гаруй сая хүн амтай улсын хувьд энэ нь мэдээж томоохон ачаалал болж ирэх учраас зөвхөн хааны ордонд хүсэлт гаргасан хүмүүс рүү л уг захидлыг явуулдаг.

Анхаарах

Захидал горилогчдын анхаарах ёстой зүйл нь Ойн баярын хэлтэс Зул сар болон Шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотойгоор 12 сарын 24-өөс 01 сарын 02 хүртэл ямар ч захидал авах хүсэлт авахгүй. Мөн ямар нэгэн захидал хүргэж өгөхгүй. Тиймээс тэмдэглэлт өдөр нь баярын өдрүүдтэй давхцаж буй иргэдийн хувьд эдгээр өдрүүдээс өмнөхөн захидлыг нь гардуулж өгдөг.

Захидал авах боломжтой иргэд

Захидлыг зөвхөн Эзэн Хааны захиргаанд харьяалагддаг орнуудын иргэд болон Их Британий хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүдийн иргэд л авах эрхтэй.

Эдгээр орнуудыг дурдах юм бол

1. Антигуа ба Барбуда

2. Австрали

3. Бахамын арлууд

4. Белиз

5. Канад

6. Гренада

7. Ямайка

8. Шинэ Зеланд

9. Папуа Шинэ Гвиней

10. Соломоны арлууд

11. Сент-Киттс ба Невис

12. Сент-Люси

13. Сент-Винсент ба Гренадин

14. Тувалу

15. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

16. Ангилья

17. Бермуда

18. Британийн Антарктидын нутаг дэвсгэр

19. Британийн Энэтхэгийн далайн нутаг дэвсгэр

20. Британийн Виржиний арлууд

21. Кайманы арлууд

22. Фолклендийн арлууд

23. Гибралтар

24. Монтсеррат

25. Питкэрнийн арлууд

26. Сент-Хелена, Асенсион арал, Тристан-да-Кунья

27. Өмнөд Жоржиа ба Өмнөд Сэндвичийн арлууд

28. Кипр дэх Их Британийн тусгай цэргийн баазууд (Акротири ба Декелия)

29. Тёркс ба Кайкосын арлууд орно.

Онцгой түүхүүд

Жилээс жилд Хатан хаан асан хоёрдугаар Элизабет онцгой өдөр нь тохиож буй ард иргэддээ баярт нь баяр нэмэхээр захидал илгээдэг байсан.

Гэхдээ зөвхөн 1997 онд Хатан хаан өөртэй нь нэг жилд хуримаа хийсэн хосуудад алтан хуримынх нь ойг тохиолдуулан баярын мэндчилгээг илгээсэн бол 2007 онд 60 жилийн хуримын ойгоо тэмдэглэж байсан 18,000 гаруй хосуудад Хатан хаан болон Ханхүү Филип нараас тусгай үг хэллэгтэй мэндчилгээг явуулсан байдаг.

Иргэдийн сонирхсон асуултад хариулах нь

1. Захидлыг төрсөн өдөр эсвэл ойн баяр өнгөрсний дараа авах боломжтой юу?

Баярын өдөр болсноос хойш 06 сарын дотор захидал авах боломжтой. Харин 06 сараас илүү хугацаа өнгөрсөн бол тухайн үйл явдалд зориулж мэндчилгээ авах боломжгүй. Гэхдээ дараа жилийн ой эсвэл төрсөн өдөрт нь мэндчилгээ авах боломжтой .

2. Яг хэзээ Эзэн Хаанаас захидал авах хүсэлтээ илгээх ёстой вэ?

Ойн баярын хэлтэст баярт үйл явдал болохоос 3 долоо хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой. Харин цахимаар хүсэлтээ явуулж байгаа хүмүүсийн хувьд 5 долоо хоногийн өмнө ч явуулсан болно.

3. Өмнө нь захидал авч байсан хүмүүс дахиж захидал авахыг хүсвэл хүсэлтээ дахиад гаргах ёстой юу?

Ойн баярын хэлтсээс захидал авахын тулд заавал уг байгууллагат хандсан хүсэлт илгээсэн байх шаардлагатай. Хэрвээ баярын эзэн өмнө нь Эзэн Хаанаас захидал авч байсан бол албан ёсны гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ зэргүүдийг явуулах шаардлагагүй.

4. Захидлыг гэрийн хаягаасаа өөр газар хүргүүлэн авах боломжтой юу?

Энэхүү захидал нь Эзэн Хаанаас тухайн иргэнд явуулж буй хувийн захидал учраас зөвхөн гэрийн хаяг руу нь л явуулах боломжтой. Гардуулж өгөх боломжгүй гэсэн үг. Гэхдээ захидал хүлээн авагч өөрөө гэрээсээ өөр газар байгаа тохиолдолд тухайн байгаа хаяг руу нь явуулж болно.

Эх сурвалж: Royal UK

#Эзэн Хаан