

Олон зууны туршид, ялангуяа барууны соёлд, Есүс Христийн хамгийн түгээмэл зураглал нь богинодуу сахал, цайвар царай, цэнхэр нүд, урт буржгар бүдэг бор эсвэл шаргал үстэй эрийн царайгаар дүрлэгдсээр ирсэн. Гэхдээ Библид Есүсийн гадна төрхийн тухай ямар ч мэдээлэл гардаггүй ба бидэнд мэдэгдэж буй баримтууд дээр тулгуурлавал Есүсийн төрх бидний өнөөдрийн мэдэх хүний төрхөөс тэс өөр болох нь тогтоогддог.
Библид үнэхээр Есүсийн гадна төрхийн тухай нэг ч мөр байдаггүй гэж үү?

Библид Христийн бие, төрх ямархуу байсан талаар хэд хэдэн сэжүүр байдаг. Энэ талаарх ихэнх мэдээлэл Шинэ гэрээний эхний дөрвөн ном болох Маттью, Марк, Люк, Иохан нарт тусгагджээ. Гэгээнтнүүдийн номонд дурдсанаар, Есүс нь Еврей хүн бөгөөд нэгдүгээр зуунд Бэтлхем хотод төрж, Галилейд (хуучнаар Палестин, одоо Израилийн хойд хэсэг) байрлах Назарет тосгонд өссөн.

Бид Есүсийг ариун үйлээ 30 орчим насандаа эхлүүлсэн гэдгийг мэднэ. Харин түүний гадаад төрхийн тухай энгийн хүмүүсээс онцгойроод байх зүйлгүй байсан гэдгээс өөрөөр Библид дурдаагүй байдаг.
Христийг цовдлохоос өмнө түүнийг барихаар ирсэн цэргүүдэд Иуда Ишкарот өөрийн шавь нар дундаас хэн нь Есүс болохыг зааж өгөх хэрэг гардаг. Энэ нь Есүсийг бусад эрсээс ялгараад байх онцгой төрхгүй байсан гэдгийг илтгэж байна.

Олон судлаачдын таамаглаж буйгаар Есүс нь бараан өнгийн арьстай, маш шигүү жижиг цагаригтай буржгар үстэй байсан. Мөн Илчлэлт 1:14-15 дээр “Түүний толгойн үс нь хөвөн шиг, цас шиг цагаан байв. Нүд нь галын дөл мэт, хөл нь тугалга мэт хүрэн байв” гэж гардаг.
“Бид Есүсийг яг ямар царайтай байсныг мэдэхгүй. Гэхдээ түүний тухай бидэнд мэдэгдэж буй баримтууд үнэхээр л үнэн бол тэр Еврей гаралтай Галилей хүн шиг харагдах байсан” хэмээн Айова их сургуулийн шашин судлалын туслах профессор, Biblical Archaeology Review сэтгүүлийн эрхлэгч Роберт Каргилл хэлжээ.

Есүсийг дүрсэлсэн зургууд цаг хугацааны эрхэнд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хамгийн эртний Есүсийг дүрсэлсэн зургууд нь МЭ гуравдугаар зууны дунд үед дүрслэгдсэн байдаг нь түүний үхлээс хойших хоёр зууны дараа гэсэн үг юм. Эдгээр нь Ром хотын Сан Домитиллагийн эртний катакомбд байрлах бөгөөд анх ойролцоогоор 400 жилийн өмнө илрүүлсэн байна.

Тухайн үедээ Есүсийг дүрсэлж байсан хамгийн түгээмэл хэлбэрээр зурагдсан эдгээр зургууд түүнийг залуухан, богино үстэй, сахал үсгүй, мөрөн дээрээ хурга тэвэрсэн хоньчин залуугийн дүрээр харуулсан байдаг.
Өөр нэгэн эртний Есүсийн зураг 2018 онд Израилын өмнөд хэсэгт байрлах сүйтгэгдсэн сүмийн ханан дээрээс олдсон. МЭ зургаадугаар зуунд зурсан энэхүү бүтээл нь Израилаас олдсон Христийн хамгийн эртний зураг бөгөөд түүнийг богино, буржгар үстэйгээр дүрсэлжээ.
Урт үстэй, сахалтай Есүсийн зураглал нь МЭ дөрөвдүгээр зууны эхэн үеэс улбаатай. Уг зураглал нь Грек, Ромын бурхад, ялангуяа аянгын бурхан Зевсийн төрхөөс ихээхэн санаагаа авсан байдаг. Энэ үеэс эхлэн Есүсийг урт нөмрөгтэй, тахилын ширээний урд суусан байдлаар дүрсэлж эхэлсэн.

“Эдгээр дүрслэлүүдийн гол зорилго нь Есүсийг хүний дүрээр биш харин бурхны хүү гэдэг талаас нь харуулах байсан” гэж Лондоны King’s College London-ийн Христийн гарал үүсэл судлалын профессор Жоан Тейлор The Irish Times сонинд бичжээ.
Мэдээж Есүсийг илэрхийлсэн бүх дүрслэлүүд өнөөдрийн бидний сайн мэдэх Есүсийн дүрслэлтэй нийцдэггүй. Соёл иргэншил болгон Есүсийг өөрсдийн онцлог, итгэл үнэмшилд тохируулан өөр өөрөөр дүрсэлдэг.
Турины нөмрөг гэж юу вэ?

Хэдэн зууны туршид Есүстэй холбоотой гэж тодорхойлогдох олон өвөрмөц эд зүйлс гарч ирснээс хамгийн алдартай нь 1354 онд илэрсэн Турины нөмрөг юм. Итгэгчид Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа түүнийг зотон даавуунд ороосон ба тус даавуунд Есүсийн төрх тод хадгалагдсан гэж үздэг. Гэхдээ ихэнх судлаачид Турины нөмрөгийг Есүсийн биеийг ороосон даавуу биш хэмээн зарласан.
Харин уг нөмрөг нь дундад зууны үед Есүсийг жинхэнэ байсан гэдгийг нотлохыг хүсэгсдийн хийсэн хуурамч бүтээл гэдгийг хэд хэдэн удаа нотолсон байдаг.
Шинжлэх ухаан болон судалгаагаар бид Есүсийн тухай юуг олж мэдэх боломжтой вэ?

2001 онд тэтгэвэртээ гарсан эмнэлгийн зураач Ричард Нийв Израил, Британи улсын шүүх антропологичид болон компьютерын программистуудын багийг удирдан Есүсийн дүрийг бүтээжээ. Шинэхэн Есүсийн дүрийг нэгдүгээр зууны үеийн Израил хүний гавлын яс, тухайн цагийн Еврей хүний царай зүс дээр тулгуурлан компьютер загварчлалын аргаар хийсэн.
Хэдийгээр хэн ч тус зургийг Есүсийн жинхэнэ төрх мөн гэж нотлоогүй ч судлаачдын үзэж буйгаар уг дүрслэл нь үнэнтэй хамгийн ойр байх магадлалтай гэсэн юм.
“Есүс ямар царайтай байсан бэ?” хэмээх номдоо тэрээр Есүсийг яг л тухайн үеийн Еврей, Египет гаралтай хүмүүсийн адил бор нүд, бараан үс, хөрслөг арьстай байсан хэмээн бичсэн байдаг. Түүний өндөр мөн л тухайн цагийн эрчүүдийн дундаж өндөр шиг 166 см байсан байх магадлалтай.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!