Спортын ертөнцөд: Аваргуудын лиг эргэн ирлээ!


Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

АВАРГУУДЫН ЛИГ ЭРГЭН ИРЛЭЭ

"COVID-19" цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сараас хойш цуцлагдаад байсан “Аваргуудын лиг”-ийн 2019-2020 оны улирал эргэн ирлээ. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 12-ны өдөр Францын ПСЖ болон Германы Боруссиа Дортмунд клубүүд аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хүрээнд тоглож байсан юм.

Ийнхүү 5 гаруй сарын хугацаанд завсарласны эцэст Италийн Ювентус болон Францын Лион клубүүдийн хоорондох тоглолтоор Европын шилдэг клубыг тодруулах тэмцээн маань дахин эхэллээ. Тус тоглолтод Кристиано Роналдогоор удирдуулсан Ювентус клуб өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатайгаар буулган авсан боловч өмнөх тоглолтод 1:0-ээр ялагдал хүлээсэн учир тэмцээнээ өндөрлүүлэхээр боллоо.

Харин дараагийн шатанд Лион клубтэй тоглох багийг тодруулах тоглолт Испанийн аварга Реал Мадрид болон Английн Манчестер Сити клубүүдийн хооронд явагдсан юм. Тус тоглолтод Манчестер Сити 2:1-ийн харьцаатайгаар хожиж, нийлбэр дүнгээр 4:2-оор дараагийн шатанд шалгарлаа. Тэд наймдугаар сарын 16-ны өдөр Португалийн Лиссабон хотын “Estadio Jose Alvalade” цэнгэлдэх хүрээлэнд Лион клубтэй тоглох юм.

Шөвгийн 16-гийн дараагийн тоглолт Барселона болон Наполи клубүүдийн хооронд явагдсан юм. Италид зохион байгуулагдсан өмнөх тоглолт 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөсөн билээ. Наймдугаар сарын 9-ний шөнө болсон уг тоглолтод Барса өрсөлдөгчөө 3:1-ийн харьцаагаар буулган авч шөвгийн наймд шалгарлаа.

Шөвгийн 16-гийн сүүлчийн тоглолт Челси болон Байерн Мюнхен багуудын хооронд явагдаж Германы аваргуудын итгэл төгс ялалтаар өндөрлөлөө. Тэд 4:1-ийн харьцаагаар Челси клубыг хожсоноор дараагийн шатанд нийлбэр дүнгээр 7:1-ээр шалгаран Барселона клубтэй тоглохоор болсон юм. Тус тоглолтод Байерн Мюнхен клубын довтлогч Роберт Левандовский 2 гоол оруулснаар нийт 13 гоолтойгоор аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

АНДРЕА ПИРЛО ЮВЕНТУС КЛУБЫН ДАСГАЛЖУУЛАГЧААР ТОМИЛОГДЛОО

Ювентус клуб Аваргуудын лигийн шөвгийн 16-д Францын Лион клубт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожигдсоны дараа томоохон шинэчлэлтийг хийлээ. Тэд үндсэн дасгалжуулагч болох Маурицио Сарриг ажлаас нь халж, домогт Андреа Пирлотой 2 жилийн гэрээг байгууллаа. Андреа Пирло нь 2011-2015 оны хооронд Ювентус клубын төлөө 164 тоглолтод оролцож, 19 гоол оруулж, клубынхаа хамтаар 4 удаа Италийн аваргаар тодорч байсан юм.

Долдугаар сарын 30-ны өдөр Андреа Пирло Ювентусын 23-аас доош насны багийн дасгалжуулагчаар томилогдоод байсан бол төд удалгүй үндсэн багийн дасгалжуулагчийн ажлыг хүлээн авлаа. Ювентус клубын хөлбөмбөг хариуцсан захирал Фабио Паратичи хэвлэлийн бага хурлын үеэр "Бид түүнийг бэлэн болсон гэдэгт итгэлтэй байна. Тэр гайхалтай тоглогч байсан. Дасгалжуулагчийн хувьд ч гайхалтай байх болно" хэмээжээ.

ТРИЛОГИЙН ТӨГСГӨЛ ИРЛЭЭ

Холимог тулааны “UFC” холбооны хүнд жингийн аваргын бүсний төлөөх тулаан аваргаа хамгаалагч Стипе Миочич болон Дэниел Кормьер нарын хооронд болохоор зарлагдаад байсан билээ. Энэхүү тулаан нь өдгөө 37 настай аварга Стипе Миочич болон 41 настай Дэниел Кормьер нарын хоорондоо учраа таарч буй гурав дахь тохиолдол юм. Тулаанчид анх 2018 оны долдугаар сарын 7-ны өдөр “UFC 226”-ийн үеэр хүнд жингийн аваргын бүсний төлөө тулалдахад Дэниел Кормьер нэгдүгээр үед Стипе Миочичийг хүнд цохилтоор буулган авж байсан билээ.

Харин хоёр дахь удаагаа тулалдахад Стипе Миочич тулааны дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө мөн л хүнд цохилтоор буулган авч, аваргын бүсээ эргүүлэн авсан юм. Ийнхүү хоёр тулаанчийн маань гурав дахь тулаан наймдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотод болохоор товлогдсон. “UFC 252” арга хэмжээний оргил тулаанаар нэрлэгдээд буй энэхүү тулаан нийт 5 үе, 25 минутын турш үргэлжлэх бөгөөд ялагч нь “UFC” холбооны хүнд жингийн аварга гэсэн эрхэм алдрыг дахин нэг удаа хүртэх юм.

МАКС ВЕРСТАППЕН УЛИРЛЫН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Их Британи улсад “Формула 1”-ийн 70 жилийн ойг тохиолдуулан “70th Anniversary Grand Prix 2020” буюу улирлын тав дахь Гран при тэмцээн болж өндөрлөлөө. Тус Гран прид Ред Булл багийн 22 настай залуу нисгэгч Макс Верстаппен түрүүлж 2020 оны “Формула 1”-ийн улирлын анхны түрүүгээ хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2019 оны Бразилын Гран при тэмцээнд түрүүлээд байсан юм.

“70th Anniversary Grand Prix 2020” тэмцээнд Макс Верстаппен түрүүлж 25 оноог өөрийн болгосноор нийт 77 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийн 2-р байр луу дэвшлээ. Харин Гран при тэмцээний 2 болон 3-р байрт Мерседес багийн хослол болох Льюис Хамилтон, Валтерри Боттас нар шалгарсан юм. Ийнхүү Мерседес багийн нисгэгч, дэлхийн зургаан удаагийн аварга Льюис Хамилтон таван Гран при тэмцээний дараа нийт 107 оноотойгоор бүх нисгэгчдийн жагсаалтыг тэргүүлж байна. “Формула 1”-ийн 2020 оны улирлын дараагийн Гран при тэмцээн наймдугаар сарын 16-ны өдөр Испани улсад зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд