Хятад хэл сурч буй хүмүүс үзвэл зохих ШИЛДЭГ цувралууд


Сурах гэж буй хэл дээрээ кино үзэх нь сонсох чадвараа сайжруулах, үгсийн сангаа баяжуулах, харь орны соёлын талаарх мэдлэгээ зузаатгахаас эхлээд олон давуу талтай арга. Ингээд хятад хэлний чадвараа ахиулах гэж буй хүүхэд, залуустаа зориулан дараах шилдэг цувралуудыг санал болгож байна.

“NOTHING BUT THIRTY”

Хятад нэр: 三十而已

Үнэлгээ: 8.1/10

Тайлбар: Энэ нь тэс өөр зан араншин, нийгмийн байр суурьтай гурван найз бүсгүйчүүд 30 насандаа тулгарсан бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж буйг сонирхолтой бөгөөд сургамжтай байдлаар харуулсан цуврал юм.

Сонирхуулан хэлэхэд энэхүү цувралын солонгос хувилбар хийгдэхээр яригдаж байгаа бөгөөд үзэгчид киноны гол дүрд жүжигчин Son Ye-Jin-ийг тоглуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд амжжээ.

“ARSENAL MILITARY ACADEMY”

Хятад нэр: 烈火军校

Үнэлгээ: 8.5/10

Тайлбар: Хайртай ахынхаа хүрч чадаагүй зорилгод хүрэхийн тулд эрэгтэй хүний дурд хувирч цэргийн академид элсэж буй Xie Xiang бүсгүйн адал явдлыг өгүүлнэ. Гайхалтай нь тэрээр цэргийн хүнд хүчир сургуулилт болоод сорилтуудыг шантралгүйгээр давснаар үе тэнгийнхэнтэйгээ эн зэрэгцдэг. Түүний энэхүү замд хайр дурлал, нөхөрлөл болоод олон сонирхолтой үйл явдлууд тохиолдоно.

“STORY OF YANXI PALACE”

Хятад нэр: 延禧攻略

Үнэлгээ: 8.7/10

Тайлбар: Хааны ордонд үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсан эгчийнхээ хэргийн үнэнийг олох зорилготойгоор Wei Ying Luo хэмээх бүсгүй ордонд хатгамалчнаар орох болно. Хориотой хот доторх атаа хорсол, эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэлд тэрээр өөрийн авхаалжтай сэргэлэн зангийнхаа ачаар энгийн хатгамалчнаас хааны их хатны байр сууринд хэрхэн очихыг энэхүү киноноос үзээрэй.

Уг кино нь 2018 онд Google-ээс хамгийн их хайгдсан Хятадын телевизийн олон ангит киногоор тодорсон юм.

“THE LEGENDS”

Хятад нэр: 招摇

Үнэлгээ: 8.3/10

Тайлбар: Lu Zhao Yao болон түүний өвөө агуйд түгжигдэж хоригдсон чөтгөрийн хааны хүүг харгалзан хорих тушаал авсан. Гэвч гаднын халдлагын тусламжтайгаар зугтаж чадсан хүүг Lu Zhao Yao олж, хэн болохыг нь мэдэлгүйгээр асрах болно. Үйл явдал хэрхэн өрнөхийг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.

“LOVE IS SWEET”

Хятад нэр: 半是唐半是伤

Үнэлгээ: 8.5/10

Тайлбар: Боловсрол өндөртэй Jiang jun “MH” хэмээх хөрөнгө оруулалтын томоохон компанид орохоор ажлын ярилцлагад орoх ч багийн найз, хөрөнгө оруулалтын салбарын “Чоно” гэгдэх Yuan Shuai түүнийг компанид оруулахгүй байх бүхий л аргыг хайх болно. Түүнийг ажилд оруулахгүй гэх шалтгаан юу байсныг киноноос үзээрэй.

“MY UNICORN GIRL”

Хятад нэр: 穿盔甲的少女

Үнэлгээ: 8.3/10

Тайлбар: Sang Tian ээжийнхээ сурч байсан их сургуульд элсэн орж, чадварлаг уран гулгалтын тамирчин болно хэмээн гэр бүлийнхэндээ тангараглана. Гэвч элсэлтийн шалгалтад унасан ч зорилгоосоо ухрахгүйн тулд эрэгтэй дүрд хувиран хоккейн тоглогчийн өмсгөл өмсөж, коллежийн тэмцээнд оролцтол маш санамсаргүй байдлаар тэмцээндээ амжилт гаргана. Түүний адал явдал цаашид хэрхэн үргэлжлэхийг киноноос хүлээн авч үзээрэй.

“LOVE 020”

Хятад нэр: 微微一笑很倾城

Үнэлгээ: 8/10

Тайлбар: Их сургуулийн нэр хүндтэй оюутан Xiao Nai болон компютерийн ангийн домог гэгдэх чадварлаг оюутан Bei Wei Wei нар “Chinese Ghost Story” тоглоомд нэрээ нууцлан хослон тоглож ялалтад хүрэхэд нэг нэгэндээ аль хэдийнэ татагдсан байх болно. Гэвч жинхэнэ дүр төрхөө мэдэлцсэний дараах тэдний харилцаа хэрхэн үргэлжлэх бол?

“GO GO SQUID”

Хятад нэр: 亲爱的,热爱的

Үнэлгээ: 8.5/10

Тайлбар: Han Shang Yan бол цахим спортын шүтээн гэгдэх чадварлаг тоглогч боловч өөрийгөө бусдад илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зөв гаргах тал дээр асуудалтай нэгэн. Нэгэн өдөр дуулах авьяастай, ухаалаг Tong Nian-тай учирснаар тэр өөрчлөгдөж эхэлнэ.

“PING PONG LIFE”

Хятад нэр: 荣耀乒乓

Үнэлгээ: 8.5/10

Тайлбар: Xu Tan бол бие бялдрын хувьд сул боловч хүсэл эрмэлзэл дүүрэн тоглогч. Харин Yu Kenan бол дүрэмд захирагдах дургүй боловч авьяастай нэгэн. Тэд эсрэг тэсрэг зан чанартай ч спорт тэдний замыг холбож нэгтгэснээр Хятадын ширээний теннисний түүхийг хамтдаа бичилцэх болно.

“LOVE ME, IF YOU DARE”

Хятад нэр: 他来了, 请闭眼

Үнэлгээ: 8.4/10

Тайлбар: Гэмт хэрэгтний оюун санаанд нэвтрэх нь тийм ч амар зүйл биш. Тэгвэл эрүүгийн ноцтой хэргийн шинжээч, гэмт хэргийн сэтгэл зүйч Bo Jin Yan болон түүний ажигч, гярхай туслах Jian Yao нар гэмт хэрэгтний оюун санаанд хэрхэн нэвтэрч, гэмт хэргийн нууцыг хэрхэн илрүүлэхийг уг киноноос харж болох нь.

ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ ҮЗЭНГЭЭ ХЯТАД ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨМЖҮҮД:

1. Хамгийн чухал зүйл бол үзэж буй зүйлээсээ таашаал авахын зэрэгцээ сайтар ойлгох юм. Ингэснээр та кинонд гарсан шинэ үгсийг ямар нөхцөлд яаж ашигладгийг маш хялбар байдлаар сурах болно.

2. Сурахыг хүссэн үг, өгүүлбэрээ бичиж тэмдэглээд багш болон найз нөхдөөсөө асууж, заавал мэдэж аваарай.

3. Дараагийн ангийг эхлүүлэхээс өмнө сурч мэдсэн үг, өгүүлбэрээ эргэн харж дүгнэлт хийгээрэй.

4. Хэрвээ завтай бол киногоо давтаж үзэхээс битгий цааргалаарай. Магадгүй хоёр, гурав дахь удаа үзэж байхдаа эхний удаа үзэхэд анзаараагүй зүйлсийг сурах боломжтой байдаг.

Эх сурвалж: My Drama List

#Кино урлаг #C-Drama