

COP 17 ГЭЖ ЮУ ВЭ?
1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд байгаль орчны гурван том гэрээг байгуулжээ. Үүнд:
Эдгээр хамтын хэлэлцээр нь хоорондоо салшгүй холбоотой. Уур амьсгал өөрчлөгдөж дулаарвал цөлжилт хурдасна. Цөлжилт явагдаж газар доройтвол тэнд амьдардаг амьтан, ургамал устаж биологийн олон янз байдал үгүй болно. Биологийн олон янз байдал багасвал нүүрсхүчлийн хийг шингээх чадвар муудаж, уур амьсгалын өөрчлөлт улам даамжирна. Иймд улс орнууд эдгээр асуудлыг тус тусад нь биш, нэгдмэл байдлаар шийдэхийг зорьдог.
COP17 бол Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. COP17 гэдэг нь "Оролцогч талуудын 17-р бага хурал" гэсэн утгатай. Уг хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог. Өөрөөр хэлбэл талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр тусалдаг.
Яагаад Монгол Улсад зохион байгуулж байна вэ?

НҮБ-ын гишүүн орнуудыг Африк, Ази-Номхон далай, Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн Европ, Баруун Европ ба Бусад гэсэн бүсүүдэд хуваадаг. COP хурлыг бүс бүрт ээлжлэн зохион байгуулах зарчимтай. 2022 онд Кот-д'Ивуар улсад болсон COP15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор санал дэвшүүлж, оролцогч улсууд 100% дэмжсэнээр COP17-г Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн үүний цаана хэд хэдэн том шалтгаан бий:
Хэн, хаана, хэрхэн оролцох вэ?

COP 17 нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны хооронд Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Талуудын бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд хуваажээ.
COP 17-ын эцсийн хөтөлбөр хараахан гараагүй бөгөөд хамгийн сүүлд 2026 оны 3 дугаар сарын 17-нд дараах урьдчилсан хөтөлбөрийг баталжээ.
Монгол Улсын цөлжилтийн талаарх судалгаанууд

Судлаачид 1990 оноос 2020 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд Сэлэнгэ мөрний сав газарт цөлжилт хэрхэн явагдсаныг сансрын тандан судалгааны арга ашиглан тогтоожээ (Xu et al. 2023). Судалгааны үр дүнг хураангуйлбал:
Цөлжилтийн шалтгаан юу байв?
Товчхондоо уур амьсгалын өөрчлөлтөөс гадна Сэлэнгийн сав газарт малын тоо 30 жилд гурав дахин өссөнөөс гадна бэлчээрт хамгийн халтай ямааны тоо хэт олширсон буюу сүргийн бүтэц өөрчлөгдсөн нь гол шалтгаан болжээ. Дэлгэрүүлбэл:
Цөлжилтийг зөвхөн сансрын зургаар бус, малчдын бодит ажиглалттай харьцуулсан өөр нэгэн судалгаанд (ScienceDirect, 2024) сансраас харахад газар нутаг ногоон харагдавч, малчдын хэлж буйгаар ургамлын шим тэжээл муудаж, мал иддэггүй ургамал нэмэгдэж байгааг тогтоожээ.
COP 17-ООС МОНГОЛЧУУДАД ЮУ ҮЛДЭХ ВЭ

Хурлын дараа олон амлалт, санаачилга гарах учир бидэнд үлдэх өгөөжийг ярихад эрт хэдий ч цаашид бодот ажил хэрэг болох магадлалтай, ач холбогдол бүхий чухал санаачилга, чиглэлүүдийг хураангуйлав.
Шар шороон шуурганы эсрэг ажиллагаа
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэдээлснээр жил бүр ойролцоогоор 2 тэрбум тонн элс, тоос агаар мандалд дэгдэж, 150 гаруй улс орон, 330 сая гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас үүссэн шороон шуурга Бээжин, Сөүл, Токио хотод хүрч, агаарын чанарт нь нөлөөлөх болсон. Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, шар шороон шуурганы эсрэг гурван талт бүс нутгийн санаачилгыг эхлүүлжээ. Монгол Улсын зүгээс дараах гурван тэргүүлэх чиглэлийг дэвшүүлж, COP17-ын үеэр албан ёсоор танилцуулахаар болжээ. Үүнд:
Энэ санаачилга ажил хэрэг болсноор шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах чухал алхам болно.
Тал хээрийн төлөвлөгөө
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” хэмээх үндсэн гурван санаачилга бүхий урт хугацааны үйл ажиллагаа, бодлого боловсруулжээ. Үүнд:
Дээрх санаачилгыг COP17 хурлын дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилт татан төвлөрүүлэх, бүс нутгийн хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр зорьж байна.
Дэд бүтэц ба аялал жуулчлал
COP17 бага хуралд зориулж нийт 80,000м2 талбайд 10 мянга хүртэл зочин хүлээн авах хүчин чадалтай, байгальд ээлтэй шийдэл бүхий барилгажилт явагдаж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд шинээр авто зам, явган зам, дугуйн зам болон авто зогсоолын ажлууд хийгдэж байна.
190 гаруй орны 5000 орчим төлөөлөгч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд төвлөрнө. Үүний үр дүнд зочид буудал, ресторан, тээвэр гэх мэт олон салбарын бизнесүүд тэлж, ажлын байр бий болно. Мөн Улаанбаатар хот, зарим орон нутгийн дэд бүтэц, үйлчилгээний стандарт дээшилнэ.
Хөрөнгө оруулалт
Цөлжилттэй тэмцэхэд асар их мөнгө шаардлагатай. Дэлхийн банк, Дэлхийн байгаль орчны сан (GEF), Уур амьсгалын ногоон сан (GCF) зэрэг томоохон донорууд COP болж буй оронд төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж өгөх нь эрс нэмэгддэг. Иймд цөлжилтөд өртсөн бүс нутгуудыг нөхөн сэргээх, газрын доройтлоос сэргийлэх санаачлага, бизнес, төслүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжтой болно.
Дэлхийн шилдэг технологийг дэргэдээсээ
Хурлын үеэр дэлхийн шилдэг эрдэмтэд, технологийн компаниуд ирж, хөрсний чийгийг хэрхэн хадгалах, бага усаар мод ургуулах, хиймэл дагуулаар бэлчээрийг хянах зэрэг шийдлүүдээ танилцуулна. Энэ боломжийг ашиглан монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд бэлэн үр дүнтэй аргыг шууд хэрэглэх, нутагшуулах, дэлхийн түвшний мэдлэг, технологиудтай эх орондоо танилцаж, нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Малчдын туршлага ба улсын нэр хүнд
Малчид цөлжилтөд буруутай биш, харин ч байгаль хамгаалагчид юм. Малчид өөрсдийн уламжлалт арга барил, байгальтайгаа зохицон амьдардаг туршлагаа COP17-ийн индэр дээрээс ярих нь монгол малын гаралтай бүтээгдэхүүн олон улсад "байгальд ээлтэй” брэнд болон танигдах хамгийн том боломж юм. Гол нь монгол мал аж ахуйн бүтээгдэхүүн бол цөлжилтийн эсрэг, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжсэн үйлдвэрлэлээс гарсан гэдгийг батлаж, малчид өөрсдөө туршлагаа ярих нь том сурталчилгаа болно.
Бид COP17-г зохион байгуулагч орон болж, олон орны төлөөлөл, зочдыг хүлээн авснаар дараагийн хурал хүртэл дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, бодлогыг зангидах чухал үүрэг хүлээж байна. Мөн монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт арга ухааныг сурталчилах, сэргээн нутагшуулах, байгальд ээлтэй хандах соёлыг түгээн дэлгэрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль хамгааллын түүчээ улс болох зэрэг олон давуу тал нээгдэх боломжтой.
А.Одонтуяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!