“Өсвөр үеийнхний талаар томчуудын ажигладаггүй зүйлийг бид өөрсдөө сайн мэддэг”


“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны хүрээнд болсон "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд (18,19-нд) Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан дээр болсон билээ.

"Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийнхний чуулга уулзалтад оролцсон зарим хүүхдийн сэтгэгдлээс хүргэж байна.

- Чуулган төсөөлж байснаас минь ч гоё бөгөөд үр дүнтэй болсон. Оролцогч хүүхдүүд маш их мэдлэгтэй, эрч хүчтэй бүгдээрээ л асуудлаа шийдье гэсэн зорилготой байснаас гадна бүгдээрээ өөр өөр насных байсан. Хамгийн бага нь 8-р анги, хамгийн ах нь 2-р түвшиний оюутан байсан. Бид насны зөрүүтэй байсан ч нэг зорилготой байсан болохоор маш үр дүнтэй боллоо. Би хотод сурдаг юм. Манай багт Хэнтий аймагт сурдаг хүүхэд байсан. Дотуур байр, гадаа жорлон зэрэг хөдөө орон нутагт сургуулийн орчин ямар байдалтай байдаг талаар би өмнө нь мэддэггүй байлаа. Хотоос гадуур илүү их асуудалтай байдаг юм байна тэрийг ч бас анхаарч үзэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

"Шинэ эрин" сургуулийн 12-р ангийн сурагч Г.Нандин


- Энэхүү чуулганы үеэр өсвөр үеийнхнээ төлөөлж бас өөрт тулгамдаж байгаа асуудлыг илэрхийлж чадсан гэж бодож байна. Өсвөр үеийнхний талаар томчуудын ажигладаггүй зүйлийг бид өөрсдөө биеэрээ туулж мэдэж байгаа болохоор асуудлуудаа илүүтэй сайн илэрхийлж томчуудад таниулсан, хамгийн гол зорилгоо биелүүлсэн гэж бодож байна. Өсвөр үеийнхэнд маань эн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол эрүүл мэнд. Учир нь Улаанбаатар хот маань агаарын бохирдол маш их байгааг та бүхэн мэдэж байгаа. Өсвөр үеийнхэн маань бие махбодын хувьд том хүн рүү шилжиж байгаа болохоор энерги маш их хэрэгтэй. Гэр хорооллын хүүхдүүд өглөө гараад явахад гудамжных нь үзүүр нь харагдахгүй тийм орчинд амьдарч байна. Хүн эрүүл байвал боловсорно, хөгжинө. Мундаг, бусдынхаа төлөөлөл болсон үеийнхэндээ нөлөөлж чаддаг хүүхдүүд цугларсан байна. Энэ чуулганаас хамгийн их хүлээж байгаа зүйл бол үр дүн. Асуудал бүр дээр гаргасан шийдлүүд маань хэрэгжээсэй гэж хүсэж байна.

104-р сургуулийн 12б ангийн сурагч, Нийслэлийн хүүхдийн холбооны гишүүн А.Баттөр


- Би чуулганаар юмыг олон өнцгөөс харах чадварт суралцсан. Хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцаж, багаар ажиллахыг сурсан. Мөн мэтгэлцэх чадвар, илтгэх, ярих чадварыг маань илүү хөгжүүлж өгсөн. Бусадтай нээлттэй харилцах харилцааны чадварыг хөгжүүлэхээс гадна мэдлэгийн маань цар хүрээг тэлж өгсөн гэж бодож байгаа. Аз жаргалтай, олон найзуудтай болж хөгжилтэй тоглоомууд мэдэж авснаас гадна энд сурсан зүйлсээ бусад хүүхдэд заавал зааж өгөх болно.

Шавь цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Н.Янжинлхам


- Хүүхдүүд маань шинэлэг болоод үеийнхэндээ тулгарч байгаа олон асуудлыг гаргаж чадсан. Чуулганы хоёр дахь өдөр асуудлаа яаж шийдэх шийдлийг гаргасан. Зохион байгуулж байгаа хүмүүс, төлөөлөл болон оролцож байгаа хүүхдүүд маань бүгд зорилготой ирсэн нь харагдаж байсан. Бүх зүйлээ тайлагнасны дараагаар үр бүтээлтэй болсон гэж бодогдсон. Чуулганы үеэр шинэлэг санаанууд авсан бас залуучуудад хэрэгтэй сайт болон мэддэггүй байсан байгууллагуудаа мэдэж авлаа.  Би ч гэсэн эндээс сурсан зүйлээ найзууддаа хэлнэ гэж бодож байна. Өмнө нь сурч байгаагүй мэтгэлцээний талаар ойлголттой болсон. Хурдан хугацаанд үр бүтээлтэй мэтгэлцээний талаар заалгаад, дадлага ажил хийлээ. Олон хүүхэдтэй танилцаж, өөрийнхөө чадварыг нээж хөгжүүлсэн гэж бодож байна.

ШУТИС-ын ахлах сургуулийн 12в анги, Нийслэлийн хүүхдийн холбооны гишүүн Ч.Батмөнх


- Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг үе тэнгийнхэнтэйгээ нийлээд шийдэл гаргаж, нөлөөлөх хүмүүст нь хүргэнэ гэж зорьж байснаар маань энэхүү чуулган амжилттай болсонд маш их баяртай байна.

Хэнтий аймгийн Бор өндөр цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Б.Лхагвацэрэн

#Health #Teenagers #advice #UNICEF