

АНУ-ын Нью-Мексико мужийн шүүхээс Meta компанийг хүүхдүүдэд учруулж буй эрсдэлийн талаар платформууд дээрээ олон нийтэд хангалттай анхааруулж чадаагүй гэж үзэн 567 сая ам.долларын нэмэлт торгууль төлөхийг шаарджээ.
Энэ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар тус компанид оногдуулсан хамгийн өндөр мөнгөн шийдвэр болж байна.
Шүүгч Брайан Бидшайд Meta-г "олон нийтэд хор хөнөөл учруулдаг хүчин зүйл" (public nuisance) хэмээн тодорхойлж, агаарын бохирдолтой зүйрлэн, цаашид үүсэх хохирлыг бууруулах зорилготой тусгай сан байгуулахад дээрх мөнгийг зарцуулах ёстой гэж шийдвэрлэжээ.
Энэхүү 567 сая ам.долларын торгууль нь өмнө нь оногдуулсан 375 сая ам.долларын торгууль дээр нэмэгдэж, нийт төлбөрийн хэмжээ 942 сая ам.доллар болж байна.
Шүүгч Бидшайд Meta-г үйлдвэртэй зүйрлэн, зар сурталчилгаа болон контентыг бүтээгдэхүүн, харин хүүхдүүдийн сэтгэл зүйн хохирол, бэлгийн мөлжлөгийг үйлдвэрээс ялгарах бохирдолтой адил арилгах ёстой сөрөг нөлөө гэж тодорхойлжээ.
Instagram, Facebook, WhatsApp болон Threads платформыг эзэмшиж, ажиллуулдаг Meta компанийн төлөөлөгч "Бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй бөгөөд давж заалдана" гэжээ.
Тэрээр "Бид платформууд дээрээ хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын төлөө идэвхтэй ажилладаг. Гэм хортой этгээдүүд болон зохисгүй контентыг илрүүлж, устгах нь ямар сорилттой байдгийг үргэлж ил тод мэдээлж ирсэн. Өсвөр насныхныг цахим орчинд хамгаалсан өөрсдийн үйл ажиллагаандаа итгэлтэй хэвээр байгаа бөгөөд бодит байдлыг гуйвуулсан нэхэмжлэлүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалсаар байх болно" гэжээ.
Өмнө нь ногдуулсан 375 сая ам.долларын торгуулийн талаар ч Meta мөн адил давж заалдахаа мэдэгдэж байсан юм. Тухайн үед АНУ-ын аль нэг муж хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Meta-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ анх удаа ялалт байгуулсан тохиолдол болсон.
Одоогоор Meta АНУ даяар үүнтэй төстэй асуудлаар олон мянган нэхэмжлэлтэй нүүр тулж байгаа бөгөөд Нью-Мексикогийн хэргээс гадна энэ оны эхээр Лос Анжелест мөн ижил агуулгатай хэрэгт ялагдсан юм.

Нью-Мексикогийн хэрэг нь 2023 онд тус мужийн прокуроруудын гаргасан нэхэмжлэлээс эхэлсэн бөгөөд Meta-ийн платформууд хүүхдүүдийг эрсдэлд оруулж, бэлгийн ил агуулгатай контент болон бэлгийн хүчирхийлэгчидтэй холбогдох нөхцөлийг бүрдүүлсэн тул компанид хариуцлага тооцох ёстой гэж үзжээ.
Шүүхийн эхний шатанд Meta нь Нью-Мексико мужийн Шударга бус худалдааны үйл ажиллагааны тухай хуулийг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон байна. Учир нь тус компанийн зөвлөмжийн алгоритмууд өсвөр насныхныг хор хөнөөлтэй контент болон эрсдэлтэй хүмүүс рүү чиглүүлж байсан гэж шүүх үзжээ.
Харин шүүхийн хоёр дахь шатанд "олон нийтэд хор хөнөөл учруулах хэмжээнд хүрсэн" гэж дүгнэсэн байна. Энэ нь эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал өргөн хүрээнд тархаж, нийт нийгэмд сөргөөр нөлөөлж буй нөхцөлийг илэрхийлдэг эрх зүйн ойлголт юм.
Энэхүү шийдвэр нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Meta-д ногдуулсан хамгийн өндөр торгууль төдийгүй, нийгмийн сүлжээний компанийг анх удаа олон нийтэд хор хөнөөл учруулагч гэж шүүхээс дүгнэсэн тохиолдол болж магадгүй байна.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!