

Дэлхий даяар муур тэжээдэг хүмүүс маш олон байдаг. Их Британид л гэхэд нийт хүн амынх нь дөрөвний нэг нь гэртээ мууртай байх жишээтэй. Ялангуяа өнөөгийн интернэт орчин хөгжсөн нийгэмд цахим орчинд тавигдсан муурнуудын өхөөрдөм бичлэгийг үзээд мууртай болохоор шийдсэн тохиолдлууд ч цөөнгүй.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш үргэлж муурыг өхөөрдөн хайрлаж ирэв үү гэвэл бараг л тийм. Учир нь хүмүүс эрт үеэсээ л муурыг хайрлаж, хүндэтгэж ирсэн. Гэхдээ зарим тохиолдолд муурыг үл ойшоон айдаг байсан үе ч байжээ.
МЭӨ 7500 он – Муур Киприйн хайрт тэжээвэр амьтан болох нь

Судлаачдын үзэж буйгаар гэрийн тэжээвэр муурын үүсэл Ойрх Дорнод дахь үржил шимт хөрстэй орнуудад үүссэн ба тухайн үед хүмүүст муурын хортон шавж барих чадвар ихээхэн хэрэгтэй байдаг байв.
Гэсэн ч археологийн эртний олдворуудыг шинжвэл тэжээвэр муур бүр МЭӨ 7500 оны Кипрт үүссэн байх магадлалтай гэдгийг харуулж өгдөг. МЭӨ 7500 оны үеийнх хэмээн тогтоосон булшинд нэгэн хүнийг найм гаруй сартай муурын зулзагатай хамт оршуулсан байв. Ингэж хүнийг мууртай хамт оршуулсан нь тухайн хүн болон муурын хоорондох ойр дотны харилцааг илэрхийлж байна.
МЭӨ 1500-30 он – Эртний Египетийн тэжээвэр амьтан болон шүтээн

Хүмүүстэй хамт гэрт нь амьдарч байсан муурнуудын талаар баримт эртний Египеттэй шууд холбогддог. Египетчүүдийн хувьд муур нь энгийн нэг тэжээвэр амьтан байснаас илүүтэй шүтэн залбирдаг шүтээн нь байв.
Египетийн бурхдын дунд Бастет хэмээх хамгаалалт болон үржил шимийн бурхан байсан бөгөөд Бубастисад хотод түүнд зориулж мянга мянган муурнуудыг муммижуулсан байдаг. Анх тэрээр арслангийн дүрээр дүрслэгддэг байсан бол цаг хугацааны явцад муур эсвэл мууран толгойтой эмэгтэйн дүрээр дүрслэгддэг болжээ.
МЭӨ 400-МЭ 200 он – Энэтхэг дэх хулганы дайсан

Гэрийн тэжээвэр муур энэтхэгийн алдарт найраглал болох Махабахаратад муур болон хулганы харилцан яриагаар дүрслэгддэг байна.
Уг найраглалд Ломаса муур болон Палита хулгана хоёр бие биесдээ туслах үүднээс найзууд болдог. Тэдний нөхөрлөл нь бидэнд хүч тэнцүү бус хоёр талын хоорондох дайн болон энх тайвныг мөнхийн дайснууд болох хулгана, муур хоёрын дүрээр харуулсан билээ.
11-р зуун – Норсын бурхны унаа

Норсын бурхан болох Фрейя ч бас мууртай холбогдсон байдаг. Тэрээр хайр дурлал, дайн самуун, ид шид, үржил шимийн бурхан юм. Гэсэн ч түүнд Бастетынх шиг мууран толгой эсвэл бие байсангүй. Харин муурнууд түүний сүйх тэргийг хөллөж явдаг байжээ.
Мөн Викингчүүдийг муурын ан барих чадварын улмаас тэднийг далай руу цуг авч явдаг байсан гэх баримт ч бий. Үнэхээр ч тэд муурыг гэрийн тэжээвэр амьтан болох сэдлийг далайгаар аялж байхдаа очсон газар бүртээ тараасан байж болох юм.
Харин Викингчүүд муурыг хүндлэн шүтэж байсан уу гэвэл эргэлзээтэй. Тухайн үед муурын арьсыг төрөл бүрийн зүйлд ашигладаг байсан байна. Гэхдээ муурыг хүнтэй хамт оршуулсан булшнууд олдсон л байдаг юм.
14-17-р зуун – Бритаин дахь азгүйдэл болон шулмын шившлэг

Сэргэн мандалтын үеийн Британид муурнууд хайрлагдах бус харин ч эсрэгээрээ хүмүүсийн эгдүүцлийг төрүүлдэг амьтан байжээ. Энэ нь муурын шулам болон шившлэгтэй холбогдох холбоосоос үүдэлтэй. Тэд шулмуудыг янз бүрийн эд зүйлс, амьтан ургамалд хувирч чаддаг гэж итгэдэг байсан ба тэдгээр хувирч чаддаг зүйлсийн нэг нь муур болж таарсан байна.
Зөвхөн муурыг дүрээ хувиргасан шулам гэж үзэхээс гадна шулмын хамтрагч, хуй салхи үүсгэх шившлэгт ашиглагддаг орц гэж ч хардаг байв. Ялангуяа хар муур нь азгүйдлийг дагуулдаг гэх мухар сүсэг байсан ба энэхүү сүсэг орчин үед ч оршин байсаар байна.
18-р зуун – Японы сайны дохио

Эсрэгээрээ Японд шавар муурнууд хэдэн зууны туршид аз одыг авчрагч хэмээн шүтэгдсээр ирсэн. 18-р зууны үед японы урлаачид сайн сайхныг дуудан нэг сарвуугаа өргөж буй манеки неко хэмээх муурыг бүтээсэн байна.
Манеки Некогийн өнгө ямар байх нь та яг ямар аз одыг өөртөө дуудмаар байгаагаас хамаарч өөр өөр байдаг. Неко муурнууд нь одоо ч алдартай бөгөөд та тэдгээр өхөөрдөм мууран сувинерийг дэлгүүрүүд болон бизнесийн үйлчилгээ явуулдаг газруудад олноор нь харж болох юм.
Гэсэн ч үүнтэй зэрэгцээд Японы домгуудад мууран дүрст дүрүүд муу байдлаар дүрслэгдэх нь их байдаг. Жишээ нь, Некомата болон Бакенеко хоёр нь хүн төрөлхтнийг мунхруулах эсвэл бүр үхэлд хүргэх хүртэл чадварыг эзэмшсэн байдаг гэж үздэг.
20-р зуун – Исландын зул сарын муур

1930-аад оны үед гарсан “Зул сарын муур” хэмээх нэртэй Исландийн найраглалд дүрслэгддэг ид шидэт муур нь аз болон нөхөрсөг байдалтай огтхон ч холбогддоггүй. Харин ч эсрэгээрээ муур нь аварга том хэмжээтэй мангас мэт гардаг бөгөөд зул сарын баяраас өмнө бэлэг өгөөгүй хэн бүхнийг залгин иддэг байна.
Бүхий л түүхийн явцад – Далайн аз дагуулагч

Бид Викингчүүдийг далайд гарахдаа муур авч явдаг байсан тухай аль хэдийнээ мэдэж авсан. Үнэндээ, зөвхөн Викинг ч гэлтгүй дэлхий даяарх бүхий л далайчид аян замд гарахдаа муур авч явах нь түгээмэл байжээ.
Хулгана юм уу эсвэл харх хөлөг онгоц дээр байх хүнс, хоолыг идэх эрсдэлтэй мул муур тэдний хувьд хамгийн шилдэг сонголт болдог байсан байна. Европт хар муурнуудыг хөлөг онгоцондоо авч явбал зорьсон газартаа саадгүй хүрдэг гэсэн итгэл ч байдаг.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!