

АНУ, Хятад, Турк болон Бразил гэх мэт улсууд жил ирэх тусам маш олон хүмүүсийг хананы цаана суулгаж буй. Гэхдээ Нидерландад үүний яг эсрэг үйл явдал болж байгаа юм. Тэнд байх зарим шоронгуудад засвар хийн зочид буудал, соёлын төв болгож байгаа сурагтай.
Гэхдээ яагаад тус улсад шоронд суух хүмүүсийн тоо тийм бага байгаа юм бол? Энэ үнэхээр л харагдаж байгаа шигээ сайны дохио юу эсвэл ард нь өөр шалтгаан байна уу?
Дэлхийн трендийг сөрөн алхах нь


Нидерландын Лейдений их сургууль болон Их Британий Портсмутын хийсэн судалгаагаар Нидерландад хоригдож буй хоригдлуудын тоо 100,000 хүн тутамд 94 байснаас 2005-2016 оны хооронд 51 хүртэл буурсан байна. Хэдийгээр үүнээс хойш бууралт үргэлжлээгүй ч бас өсөөгүй юм.
Энэ нь Нидерландыг хоригдлын тоо буурсан цөөн хэдэн улсын нэг болгож байгаа бөгөөд WPB-ийн гаргасан мэдээллээр Лихтенштейн, Болгар, Чех, Румын болон Балтын орнуудад мөн ижил төстэй хандлага ажиглагдаж байгаа юм байна.
Нидерландаас өөр хоригдлынх нь тоо маш эрчимтэйгээр буурсан ганц л улс байсан нь ОХУ. Тус улсын хоригдлын тоо 2000 оноос хойш 59%-иар буурсан үзүүлэлт гарчээ. Гэхдээ үүнийг гайхах зүйлгүй бөгөөд ОХУ хоригдлуудаа Украйны эсрэг хийж буй дайнтай холбоотойгоор цэрэгт татаж байгаа юм.

Үүнээс өөрөөр дэлхийн хаана ч хоригдлын тоо буурсан улс байхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ тоон үзүүлэлт нь өсөх хандлага ажиглагдаж буй. Тивээр нь авч үзвэл 2000 оноос хойш шоронд орсон хүмүүсийн тоо Өмнөд Америкт 224%, Ази тивд 141%, Австрали болон Шинэ Зеланд хавиар 84%-ийн өсөлттэй байна.
Яагаад хоригдлуудын тоо бага үзүүлэлттэй байна вэ?
Нидерландын хоригдлуудын тоо багасаж буйг тайлбарлая гэвэл тус улсын шүүхийн тогтолцоо, хууль дүрэм, гэмт хэрэг гаралтын хувь, шүүх байгууллагын тэргүүлэгчдийн ажил үүрэг, шоронгийн өртөг гэх мэт маш олон хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй болно.

2005 онд Нидерландын шүүхүүд нийт 8,305 хүнд ял оноосон байдаг бол арван жилийн дараа энэхүү тоо 4,540 болон буурчээ. Судалгаагаар энэ бууралт нь бүхий л гэмт хэргийн төрлүүдэд ажиглагдсан байна.
Эд хөрөнгөтэй холбоотой хэрэгтнүүдийн хорих ял 44%, хүчирхийллийн болон бэлгийн гэмт хэрэг 39%, хар тамхитай холбоотой хэрэг 49%, торгууль төлөөгүйгээс ял авсан хүмүүсийн тоо 38%-иар тус тус буурчээ.

Нидерландад хорих ялын дундаж хугацаа гайхмаар байдгийг дурдах хэрэгтэй. Лейдений их сургуулийн гэмт хэрэг судлалын судлаачдын мэдээлж буйгаар Нидерландад шоронд орсон иргэдийн тал хувь нь сарын дотор суллагддаг гэнэ. Харин Лозаннагийн их сургуулийн тайлангаас харахад нийт хоригдлуудын дөнгөж 5.2% нь зургаан сараас бага хугацаагаар хоригддог бол 21.3% нь нэгээс гурван жилийн хооронд ял эдэлдэг байна.
Гэмт хэргийн бууралттай цагдан хорилтын бууралт холбогдох нь

Нидерландад нөлөөлсөн өөр нэгэн чухал хүчин зүйл бол шүүхийн өмнөх хорих ангид байгаа хүмүүсийн тоо буурсан явдал юм. Судалгаагаар 2005 онд Нидерландын шоронд нийт 21,029 хүн цагдан хориход байсан бол 2016 онд энэ тоо 13,350 болж, 37%-иар буурсан. Мөн бүртгэгдсэн гэмт хэргийн тоо ч 2005-2016 оны хооронд 1.35 саяаас 930,000 болсон байдаг.
2018 онд гэмт хэргийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрч нийт 770,000 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хойш энэ тоо бага зэрэг өссөн ч огцом нэмэгдээгүй бөгөөд 2022 оны байдлаар 798,000-д хүрчээ.
Прокурорын эрх мэдэл тэлсэн явдал

2006 оноос эхлэн Нидерландад прокурорууд зарим хэргийг шүүгчийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой болсон. Тэд мөн торгууль эсвэл нийгэмд тустай ажил хийх гэх мэт жижиг шийтгэлүүдийг оноох эрхтэй болсон байна. Энэхүү өөрчлөлтийг шүүхийн ажиллагааг хурдасгах, шүүгчдийн ачааллыг бууруулах зорилгоор нэвтрүүлжээ.
Шинэчлэлийн үр дүнд олон хэрэг шүүхээр орохгүйгээр шийдвэрлэгдэх болсон тул сэжигтнүүдэд хорих ял авах эрсдэл буурсан.
Мөрдөн шалгах ажиллагааны хэт сунжирсан байдал

2017 онд гэмт хэрэг судлаач Жудит ван Валкенхоф, Эдвард ван дер Торре нарын нийтэлсэн судалгаанд эдгээр статистикууд Нидерландын шүүх тогтолцооны амжилтын бүрэн дүр зургийг илэрхийлэхгүй байж болохыг дурдсан байна. Тэдний судалгаагаар цагдаагийн мөрдөн шалгалт үр ашиггүй байх, мөн улсын прокурорууд гэмт хэрэгтнүүдийг шүүхэд хүргэхэд алдаа гаргах зэрэг асуудлууд байгааг онцолжээ.
Мөн судлаачид Нидерланд улс синтетик мансууруулах бодисын зах зээлийн томоохон төв болсон бөгөөд зохих улс төрийн арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжлэх магадлалтай гэж үзсэн байна.

Портсмутын их сургуулийн профессор Фрэнсис Пэйкс мөн эдгээр үзүүлэлтүүд бүх зүйлийг бүрэн тайлбарлаж чадахгүй гэж дүгнэсэн. Түүний хэлснээр хоригдлын тоо буурсан нь зөвхөн гэмт хэргийн тоо багассанаас бус, харин зарим хэргийг мөрдөн шалгахгүй орхих эсвэл шүүхэд шилжүүлэхгүй байх зэрэг хүчин зүйлстэй холбоотой байж болох юм. Тэрээр Нидерландад хар тамхины мафийн нөлөө өсөн нэмэгдэж байгааг энэ нөхцөл байдлын нэг нотолгоо гэж үзжээ.
Эх сурвалж: DW
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!