“Хүн жинхэнэ хайр байдагт итгэхгүй явсаар нэг л өдөр итгэж хүлээн зөвшөөрдөг”


Сондор | YOLO.MN
2020-06-19

-ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР-

"Хүмүүс өөрийн амьдралын туршлагад тулгуурлан бусад хүмүүс ч мөн жинхэнэ хайртай учирдаггүй гэж дүгнэх нь өрөөсгөл. Хүн итгэхгүй явсаар эцэстээ итгэж хүлээн зөвшөөрөх өдөр ирэхийг ч үгүйсгэхгүй" зохиолч Николас Спаркс

“The Notebook” (Тэмдэглэлийн дэвтэр) киног мэдэхгүй хүн үгүй биз ээ. Киног үзээд дурлаж үзээгүй нь дурлах гэж яаран, нэгэн цагт дурлалын галд “шатаж” явсан нь анхны хайраа санагалздаг гэхэд хилсдэхгүй. 2004 онд дэлгэцэнд гарсан даруйдаа дэлхий дахинаа олон сая үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн уг киноны зохиолчоор Николас Спаркс, найруулагчаар Ник Кассаветис нар ажиллажээ. Зохиолч зохиолынхоо санааг хэрхэн олсон, дүр сонголтуудыг хэрхэн хийсэн, кино хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

ЗОХИОЛЧ ӨВӨӨ ЭМЭЭ ХОЁРЫНХОО АМЬДРАЛААС НОМ БИЧИХ САНААГАА ОЛЖЭЭ

Зохиолч Николас Спаркс гэгээн хайрын тухай зүгээр ч нэг санаанаасаа зохиож бичээгүй. Тэрээр ханилаад 60 жил болж байгаа, эхнэрийнхээ эмээ өвөө хоёрын бодит амьдралаас сэдэвлэн бичжээ. Эхнэр нь эмээ өвөө хоёртоо маш их хайртай байсан ба зав чөлөө гарах бүрт л тэдэн дээр очиж тусалдаг байжээ. Гэтэл тэдний хуримын өмнөх өдөр эмээ өвөө хоёр нь баяр дээр нь зочилж чадахгүйгээ хэлсэн нь хайртай эхнэрийнх нь хувьд таагүй мэдээ байв. Тухайн үед ахмад хосын биеийн байдал сайнгүй байсан учир эмч нь тэднийг гэртээ байхыг зөвлөжээ. Тиймээс хуримын маргааш нь тэд даашинз, хослолоо өмсөөд үлдсэн бялуугаа аваад өвөө эмээгийндээ очжээ. Энэ үед өвөө эмээ хоёр нь залуу хосод өөрсдийнхөө амьдрал хэрхэн эхэлсэн, ямар саад бэрхшээлийг даван туулсан талаараа ярьжээ.

Николас Спаркс “Эхнэр бид хоёр нэг нэгэн рүүгээ хардаг шиг тэд тухайн үед тийм л халуун дулаан харцаар бие биенээ хайрлан харж байсан. Гар гараа барилцаад хуучин дурсамжаа ярьж байгаа нь, өвөө цай аягалан эмээд өгч, нурууг нь юмаар хучин халамжилж байгаа нь хичнээн их хайртайг илтгэж байлаа. Гэрлээд ердөө нэг хонож байгаа бидэнд тэд ерөөлөө хайрласан мэт сайхан дурсамжаа хуваалцсан нь миний сэтгэлийг хөдөлгөж ном бичих сэдлийг төрүүлсэн” гэжээ. Тэрээр уг зохиолоо одоогоос 24 жилийн өмнө буюу 1996 онд бичиж байсныг хожмоо 2004 онд дэлгэцийн уран бүтээл болгосон юм.

Николас Спарксын хайр сэтгэлийн талаар өгүүлэх алдартай зохиолууд нэгээр дуусахгүй олон. Тэрээр "Dear John", "Message in a bottle", "The Last Song", "A walk to remember", "Best of Me", "Safe Haven", "Lucky one" зэрэг кинонуудын зохиолыг бичжээ. Зохиолчийн хайрын тухай өгүүлэх хамгийн анхны зохиол бол "The Notebook" юм. Уг зохиолтой нийлээд түүний 15 ном Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарч байв. 

Гол дүрүүдийн залуу насны үеийг Рэйчел МакАдамс болон Райан Гослинг, ахмад дүрүүдийг Жеймс Гарнер, Гена Роуландс нар бүтээжээ.

НАЙРУУЛАГЧИЙН СҮҮЛЧИЙН НАЙДВАР “ЦАРАЙЛАГ БИШ” РАЙАН ГОСЛИНГ

Ноагийн дүрийг сонирхох эрэгтэй жүжигчид байсангүй. Холливудын алдартай олон жүжигчинд Ноагийн дүрд тоглохыг санал болгоход тэд татгалзжээ. Тиймдээ ч зохиолыг кино болгох гэж багагүй хугацааг зарцуулсан. 

Кино урлагийн түүхэн дэх романтик эрэгтэй дүрүүдийн нэгэнд Райан Гослинг тохирно хэмээн найруулагч зохиолч хоёр сүүлчийн найдвараа тээн түүнд хүсэлт тавихад хүлээн авчээ. Райаны хувьд энэ нь түүний дурлалт залуугийн анхны дүр болов. Тухайн үед найруулагч Кассаветис “Чи царайлаг биш, догь залуу ч биш. Байдаг л нэг залуу шиг хэр нь хатуу самар шиг харагддаг. Чи л энэ дүрд яг тохирно” хэмээн ятгаж байсан гэдэг. Харин Райаныг царайлаг залуу хэмээн боддог шүтэн бишрэгчид нь найруулагчийн энэхүү үгэнд ихэд эгдүүцжээ.

Ийнхүү Ноагийн дүрд 24 настай залуу жүжигчин Райан Гослинг тоглохоор болов. Уг дүрийн саналаас татгалзсан алдартай жүжигчдийг дурдвал Жастин Тимберлейк, Том Круз нар багтдаг. Сонирхуулахад төрөлхийн цэнхэр нүдтэй Райан бор өнгийн линз зүүн Ноагийн дүрийг бүтээжээ.

НЭГ НЭГЭНДЭЭ ДУРГҮЙ БАЙСАН ЖҮЖИГЧИД КИНОНООС ХОЙШ ХОЁР ЖИЛИЙН ТУРШ БОЛЗЖЭЭ

Гол дүрийн жүжигчид кинонд бүтээсэн дүрүүд шигээ сайхан харилцаатай байсангүй. Зураг авалт эхлээд удаагүй байтал Райан хамтран тоглогч Рэйчэлийг солихыг найруулагчаасаа шаардаж байжээ. “Би цаашид түүнтэй хамтран ажиллаж чадахгүй нь. Гараас минь юу ч гарахгүй юм байна” хэмээн гомдоллож байсан удаатай.

Шалгаруулалтын баг тухайн үеийн хамгийн чадварлаг гэсэн арван жүжигчнийг шигшихэд Аллигийн дүрд 26 настай Рэйчел МакАдамс тохирно гэдэгтэй найруулагч болон хослон тоглох Райан хоёр дуу нэгтэйгээр санал нийлжээ. Зураг авалтын хугацаанд жүжигчид сайндаж, муудсаар эцэстээ дүрдээ орсон хоёр бие биедээ татагдан 2005-2007 оны хооронд болзжээ. 2005 оны MTV кино наадмын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг үнсэлт” шагналыг гардан авахдаа тэд киноны үнсэлтийн хэсгээ тайзан дээр давтан үзүүлсэн нь тухайн үедээ олныг шуугиулж байв.

Ахмадын асрамжийн газар ахимаг насны нэгэн эр танил эмэгтэйдээ нэгэн түүх ярьж өгч байгаа үйл явдлаар кино (зохиол) эхэлдэг. Тэрээр чинээлэг айлын эрх танхил ганц охин зуны амралтаараа тосгоны мод бэлтгэгч хөвгүүнтэй танилцаж, тэдний дурлал хэрхэн эхэлж байгаа талаар ярьж өгдөг. Охины гэр бүлийнхэн тэдний үерхлийг эсэргүүцэн арга буюу салахад хүрдэг. Гэтэл олон жил өнгөрсөн ч тэд хоёр биенээ марталгүй, сүйт залуутай болсон Алли, итгэл тээн хүлээсээр байсан Ноа хэрхэн эргэн уулзаж байгаа талаар тэмдэглэлийн дэвтэр дээрх түүх үргэлжилнэ. Үнэндээ тухайн тэмдэглэлд гарах дурлалт хосууд тэд өөрсдөө болохыг, альцхаймер өвчнөөр шаналж байгаа эхнэрийнхээ оюун санааг хэдхэн хормын хугацаанд сэргээж хайрттайгаа "уулзахын" тулд Ноа өвгөн өөрсдийн хайрын түүхийг өдөр бүр уншиж өгч байгааг үзэгч (уншигч) хожим нь олж мэдэх болно. Киноны гол зангилаа, үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүүлэх мөч бол дээрх хэсэг байдаг.

Тухайн асрамжийн газарт байгаа альцхаймертай өвчтөнүүдийн дунд оюун санааны хувьд бусдаасаа хамгийн гайгүй нь Алли болохыг, олон жил өнгөрсөн ч өвчин нь хүндрэхгүй байгаа шалтгааныг эмч нь тайлбарлажээ. Тэр бол Ноа өдөр бүр түүний дурсамжийг сэргээж, ой санамж нь сэргэх бүрт хичнээн их хайртайгаа хэлдэгтэй холбоотой байв. Эмч нь “Олон өвчтөнтэй таарсан ч ид шидийн мэт ийм хайрыг үзэж байсангүй” хэмээдэг талаар эх зохиол дээрээ гардаг.

Өрөөл нэгний хүсэлд нийцүүлэх бус өөрийн сэтгэл зүрхээ сонсож шийдвэр гаргах ёстойг, өнгө мөнгөний орчлонд үнэлж боломгүй хайр байдгийг, ам гарсан л бол амлалтдаа хүрэх ёстойг, хайртынхаа сэтгэлийн гүн рүү өнгийж мэдрэмжийг нь хуваалцах хэрэгтэйг, залуу насанд дүрэлзсэн тэр их хайр насан эцэслэх хүртэл эсвэл түүнээс цааш гайхалтай дурсамж болон үргэлжилж болохыг, хамгийн гол нь ХАЙРЫН ХҮЧЭЭР ХҮН АМЬД ОРШДГИЙГ ойлгуулах гэсэн нь энэхүү киноны (зохиолын) далд санаа оршино.

Номын хэлэлцүүлгийн үеэр нэгэн уншигч “Одоо цагт ийм гайхалтай хайр ховор гэж би боддог. Харин та байдаг гэдэгт итгэдэг үү?” хэмээн зохиолчоос асуухад “Маргаангүй тийм. Жинхэнэ хайр, түүнийг нотлох үйл явдлууд өдөр бүр дэлхийн хаа нэгтээ болж байдаг. Хүмүүс өөрийн амьдралын туршлагад тулгуурлан бусад хүмүүс ч мөн жинхэнэ хайртай учирдаггүй гэж дүгнэх нь өрөөсгөл. Хүн итгэхгүй явсаар эцэстээ итгэж хүлээн зөвшөөрөх өдөр ирэхийг ч үгүйсгэхгүй. “The Notebook”-ээр дамжуулж тэр мэдрэмжийг л хүмүүст өгөх гэсэн юм шүү дээ” гэжээ.

Эх сурвалж: Vanity Fair, The List, Wikipedia

#кино